АРД ТҮМНИЙ "дайсан" Ч.ХҮРЭЛБААТАР явж, МАН-АН-ын "дайсан" ЖЕНКО эргэн ирэв!!!
Нийтлэл
/
2024-06-29

Монголчууд сонголтоо хийж 2024-2028 он хүртэл дөрвөн жил төр түшэлцэж, хууль батлах 126 түшээгээ сонгов. Гэвч саналын тоо хараахан эцэслэгдээгүй байгаа ч өнгөрсөн найман жил парламентад олонхийг бүрдүүлж байсан эрх баригч МАН дахин ЗАСАГЛАХ эрхээ бусад нам эвслээс илт давуу ялалт байгуулсан нь нэгэнт тодорхой болов.

Өөрөөр хэлбэл 126 гишүүнтэй шинэ парламентад 68 суудал, сөрөг хүчин АН 42 суудал, бусад улстөрийн жижиг нам, эвсэл 16 суудал авч 1992 оны Үндсэн хуульд заасан олон намын тогтолцоог бүрдүүлэв. Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл ялагдал хүлээхээргүй улс төрчид навс унаж, шинэ залуу, галзуу солиотой гэмээр хүмүүс чихэлдэн орж ирсэн нь “Ойн баавгай, дэлдэн туулай, үнэг хярс бүгд байсан...” гэдэг хүүхдийн дууны агуулгатай, үхрийн бөөр шиг содон парламент бүрдэх шинжтэй болчихлоо.

МАН-ын хүчтэй лидерүүд болох УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хашир туршлагатай парламентч С.Чинзориг тэргүүтэй олон удаа сонгогдсон түшээдэд хангайн бүсийнхэн гар татаж, харин П.Мөнхтулга, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар нарт гараа сунгажээ.  Говийн бүсэд өрсөлдсөн Т.Энхтүвшин, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нарын гишүүд “ГОВЬД УС” авчирах нь бүүхэл өөрсдийгөө ч дэмжүүлж чадалгүй өвдөг шороодов. Тэдний оронд АН-ын дунд үеийн төлөөллүүд пижигнэтэл гүйгээд ороод ирлээ.

Баруун бүсийнхэн улаан алаг сонголь хийсэн нь хачирхалтай. Монголын төрд 16 жил сууж сайд даргын сэнтийгээс ховхорч үзээгүй алдарт Ч.ХҮРЭЛБААТАР сайд энэ удаад ялагдал хүлээсэн нь онцлох сонголт байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны үеэр баруун бүсийнхэнд хандаж түүнийг тодотгож хэлэхдээ “Ч.Хүрэлбаатар сайд бол хатуугаас хатуу зарчимтай улстөрч. Түүний хатуу, эсэргүү бодлого уналтад орсон эдийн засгийн хөл дээр нь босгосон. Тэр бол зарчимтай улстөрч. Довтлох тусам та бүхэн Ч.Хүрэлбаатарыгаа дэмжээрэй” гэж аминчлан гуйсан ч тусыг эс олов. Монгол орны газар нутгийг харийнханд 100 жилээр наймаалцах хуулийн төсөл санаачилсан, “Хотгор шанагын уурхай”-г зарж баяжсан, Хятад цустай гэх мэтээр доромжлуулан гүтгүүлж явсан улстөрч Ч.Хүрэлбаатар ийнхүү 2024-2028 он хүртэл улстөрөөс түр завсарлага авав. Завсарлага авав ч гэждээ нөгөө Ц.НЯМДОРЖ гуай шиг хаалгаар амбаардаад гаргахаар ахиад Засгийн газарт тооноор ороод ирж ч мэдэх нэр нөлөөтэй, толгойтой хүн.

Ч.Хүрэлбаатарт АН, МАН-ынхан дийлэнх нь дургүй. Л.Мөнхбаясгалан, И.Мөнхжаргал, П.Галиндэв, А.Адъяасүрэн, Б.Цэндсүрэн гээд АН-ынхны жинхэнэ толгойны өвчин нь болж тэдний тархинд түрээсгүй амьдарч чадсан хүн. Женко Х.Баттулгын “улстөрийн дайсан” нь гэхэд хилсдэхгүй. Ямар л дургүй хүн чинь Ерөнхийлөгч байхдаа ганцхан Ч.Хүрэлбаатарт зориулж долоон удаа ХОРИГ ТАВЬЖ байхав. Баруун бүсийн хоёрдугаар тойргийн адал явдал Ч.Хүрэлбаатараар ийнхүү дуусгавар боллоо.

Харин МАН-ынханд ч, АН-ынханд ч хортой нэг улстөрч эргэн ирсэн нь өнөөх алдарт ЖЕНКО Х.Баттулга. Намынхандаа ч, МАН-ынханд, Монголчуудад ч үзэн ядагчид, дайсан ихтэй, дайснаасаа ч илүү дэмжигчидтэй цор ганц улстөрч. Хойд бүсийн дөрөвдүгээр тойрогт Ардчилсан намын нөхдөө удирдан сонгуульд орсон ч ганцаархнаа торойгоод гараад ирэв. Нийт найман мандатын төлөө 83 нэр дэвшигч өрсөлдөхөд нөхөр Женко улс даяар хамгийн өндөр буюу 60 мянган хүний саналаар гишүүн болов. Монгол улсын хаана ч очиж өрсөлдөн батаараа номер нэг дэмжлэгтэй улстөрч боловч хамт яваа нөхөддөө хаяа муутай хүн аж. Хангайн бүсийн МАН-ынхан багаараа шахам гарч ирэв. Женкогийн сайн дүү нараас ширхэг ч хүн цухуйсангүй. Харин ч мөнгө тараадаг, хар муу зүйл хийдэг башир аргыг нь хэрэглэж байгаад “хэрэгт уначих шиг болов”. МАН-ын сонгуулийн багийн мэдээлснээс үзвэл Хөвсгөлийн ИТХ-ын дарга Г.Мөнгөхуяг өөрийн нэрийн хуудсаа мөнгөтэй хамт тараасан нь баримтаар үлдсэн, шалгагдаж байх шиг. Ингэхээр тэд ЖЕНКОГООС муу зүйлийг нь л сурч үлдэждээ хөөрхий.

Гэхдээ Х.Баттулга Монгол улсад хамгийн олон хүний санал авсан цор ганц улстөрч болов. Дэмжлэг, нэр хүнд, агуулга томтой улстөрч аж. Ерөнхийлөчөөс буугаад УИХ-ын гишүүн болсон анхны тохиолдол. Монголчууд ямартай ч Үндсэн хуульд заасан СОНГОХ ЭРХЭЭ эдлэж саналаа өгөхдөө Ч.ХҮРЭЛБААТАРЫГ явуулж, Х.Баттулгыг дахин улстөрд оруулж ирсэн нь энэ сонгуулий онцлогт зүй ёсоор тооцогдоно.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
1
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.76.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.