Л.Мөнхтөр: Тариаланчид тэнгэрийн хараат, газрын харьяат хүмүүс учраас торгон тоостой тариан түрүү нь ч амьтай байдаг
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-01-04

Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ой төгөлдөр болж өнгөрлөө. Газар тариалан, хөдөө аж ахуйн салбар бол монголчуудын хөгжлийн чухал салбар. Тийм ч учраас төр засгаас онцгой анхаарч, газар тариалангаар дагнасан аймгийг хүртэл байгуулж байсан. Ардчилал өрнөж зах зээлд  шилжих үед энэ салбарт анхаарах төрийн бодлого алдагдаж, мартагдах дөхөж, улмаар Сангийн аж ахуй, ХАА-н нэгдлүүд хувьчлагдаж эхэлсэн. Үүний үр дүнд манай улс улаан буудайгаа хойд ах нараасаа, хүнсний ногоогоо урд хөршөөсөө авдаг болж хувирсан юм. Ийм хэмжээнд ортлоо мартагдсан газар тариалангийн салбарт эрс шинэчлэл хийх нэн зоригтой шийдвэрийг С.Баярын Засгийн газар гаргаж “Атрын III” аяныг зарлаж, уналтад ороод байсан тариа буудай, хүнсний ногооны салбараа өөд татаж авав. Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны сүүлчийн өдрийн хуралдаанаараа энэ салбарын  цаашдын бодлогод анхаарлаа хандуулав.  Мөн газар тариалангийн бүс нутгийг зарлаж, тодорхой болгов. Төр засгаас ийнхүү чухал бодлого шийдвэр гаргасан нь хүнсний аюулгүй байдлаа хамгаалсан оновчтой шийдвэр болов.

Газар тариалангийн салбарын уналт, сэргэлтийн  бүхий л цаг үед тариагаа тарьж хүнс бэлтгэх үйлстээ үнэнч явсан  тариаланчид  бол бүгд хөдөлмөрийн баатрууд юм. Тэдний энэ их хөдөлмөр зүтгэлийг сурвалжилж, тариан талбайд хонож, төмс манаж, тариа хурааж явсан нэгэн эрхмийг редакцийн зочноор урьж ярилцлаа. Энэ хүн бол “Ургадаг алт” хэмээх хэлцийг монголын сэтгүүл зүйд эргэлтэнд оруулсан , “Ургацын далай” нэвтрүүлгийг Монголын радиод  25 жил хөтөлсөн “агрономич” болтлоо бэлтгэгдсэн, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг Төрийн тэргүүнээс оны өмнөхөн зүүсэн, Хэл бичгийн ухааны доктор, зохиолч, сэтгүүлч, ӨИӨЗО-ны радио телевиз хорооны “Талын дуу хоолой” радиогийн  мэргэжилтэн Лханаагийн Мөнхтөр ах юм.

Тариан талбайд өнгөрүүлсэн олон жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж “Атар 60” жилийн ойн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан танд юун түрүүн баяр хүргэе. Эх орондоо сайхан амарч байна уу. Шинэ оны мэндийг хүргэе. Та бол “Ургацын далай” нэвтрүүлгийг олон жил бэлтгэсэн хүн. Энэ нэвтрүүлгийг анх хэрхэн бэлтгэж, тариан талбайд очиж байсан дурсамжаасаа манай уншигчдад хуваалцаач?

-Амны хишигтэй Монгол түмэн минь сайхан өвөлжиж байна уу... Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Монгол улсад газар тариалангийн салбар бие даан хөгжөөд 60 жилийг ардаа үдлээ. Атар газар эзэмшсэнээс таван жилийн дараа тухайн үеийн төрийн төв байгууллага, Намын Төв Хороо, Улс төрийн товчооноос Атрын анхдугаар аян зарласантай холбогдуулан, газар тариалангийн ажлыг сурталчилсан нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн, ард түмэнд таниулах ухаалах хэрэгтэй гэж үзжээ. 1960-аад оны дундуур  “Ургацын далай” нэвтрүүлэг бэлтгэж эхэлсэн түүхтэй юм. Анхны редактороор Бүрэнжаргалын Дэндэв гэж хүн ажиллаж, Зулын Далхжав, Барсын Туяа, Өвгөний Баасанжав нарын сэтгүүлчид ажилласан гэдэг. 1964 оноос хойш 55 жил Монголын радиогоор “Ургацын далай” нэвтрүүлэг цацагдаж, намар гэх гайхамшигтай сайхан улирлыг хүн бүрийн сэтгэлд буулгаж ирсэн дээ.   55 намар эгшиглэсэн энэ нэвтрүүлгийн 25 намар нь надтай холбоотой. Ургацын далай нэвтрүүлэг бол газар тариалангийн үйлдвэрлэлийг Монголын ард түмэнд таниулсан, тариаланчдыг төр засагтай холбосон, бие даасан дуутай, нэвтрүүлгээ тойрсон олон төрлийн ажил зохион байгуулсаар ирсэн. Нэвтрүүлгийн нэрэмжит шагналтай,   төр, тариаланч хоёрыг холбосон, мэдээлэх, зохион байгуулах үүрэгтэй нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийн нэрийн хуудас болж, өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо олноо танигдсан МУСГЗ, нэрт, зохиолч Базарын Цэдэндамба багш маань 1992 онд алтан тоостой, тариа үнэртсэн дуун цацруулагчаа надад өвлүүлж, улмаар гавьяаныхаа амралтад гарсан. Тэр цагаас л би тариан талбайд тариачин болж, үндэсний радиогийн сэтгүүлч болж, орон нутагт томилолтоор явж эхэлсэн дээ. 25 жил хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэж, тариаланч түмний хөдөлмөрийг сурталчилсан, ном зохиол бичсэн, ард түмэнд мэдээ мэдээлэл хүргэсэн өчүүхэн зүтгэлийг минь их томоор үнэлж, гавьяатын алтан тэмдгээр шагнасан болов уу гэж бодож байна. Их талархалтай, бахтай сайхан байна.

Нийгэм цаг үе өөрчлөгдсөн түүхэн эгзэгтэй цаг үед та эл нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх үүрэг авч байжээ. Ардчиллын салхи эд сэвэлзэж, бүх зүйл шинэ байв уу. Ямар томоохон өөрчлөлтүүдтэй нүүр тулж байв даа?

-Миний ажилласан 25 жилд газар тариалангийн салбарт түүхэн өөрчлөлтүүдийг хийсэн. Тухайлбал 1959 оноос хойш атар газрыг хөгжүүлэх гурван том аян зарласан. Нийгмийн шилжилтийн үед унаж уруудсан, бүтэц тогтолцооны хувьд ч өөр болсон. Хувьчлал нэрийн доор нэлээд өөрчлөлт орсон. Томоохон аж ахуйд жижгэрч, хаягдаж, мартагдсан. Улс орон, нийгмийн байдал хүнд үед таарсан. Том салбар чинь нэг уналтад орохоороо сэхэл авах нь удаан байдаг юм байна. Үүнийг биеэрээ туулсан тариаланчид одоо ч алтан тоостой тариан талбайдаа ажиллаж л байна. Тэнгэрийн харьяат, газрын хараат ийм үйлдвэрлэл шүү дээ. Байгалиас бүх зүйл хамаарна. Ингээд уналтад орчихсон энэ салбарт цус сэлбэх арга буюу үе үе жаахан жаахан шинэчлэл хийж байсан. Энэ үед С.Баярын тэргүүлсэн Засгийн газар “АТРЫН III” аян өрнүүлж, бүх зүйлд анхаарч дахин сэргээж чадсан. Энэ аяны үр дүн одоо гарч байна. Цогцоор нь харж, далайцтай, зөв бодлого энэ салбарт хэрэгжүүлсэн нь өнөөгийн хөгжилд хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн. Одоо газар тариалангийн салбарт шинэ жарны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй дээ.

Шинэ жарны тариалангийн чиг хандлагыг та хэрхэн харж байна вэ?

-Газар тариалангийн уламжлалт аргаас татгалзаж, байгаль дэлхий, хөрс, экологи руу хандсан бодлого хэрэгжүүлэх болов уу гэж бодож байна. Дэлхий нийтийн баримжаа ч ийм үе рүү шилжих нь зөв. Яагаад гэвэл байгаль дэлхий өдрөөс өдөрт өвгөрч, хөрс үржил шимээ алдаж байна. Техник, технологи, арга барил, үр дүн бүхэн нь зөв, байгальд ээлтэй байх болов уу даа гэж төсөөлж байгаа.

Нэг хэсэг сангийн аж ахуй хэлбэрээр томоохон бүлэг байгуулагдаж байсан бол одоо хувийн хэвшил давамгайлж байна. Өрхийн аж ахуй ч бас эрчимтэй хөгжиж байна. Та тэгэхээр ийм түүхийг бас хамт бүтээлцжээ дээ?

-Газар тариалангийн салбар дотроо хоёр хэсэгт хуваагдаж байна. Эхнийх нь жижиг буюу өрхийн тариалан. Энэ бол тодорхой зорилготой хүн амыг хүнсний ногоогоор хангах явдал. Үр тарианы аж ахуй бол жижиг байх боломжгүй. Томоохон аж ахуй нэгжүүд үр тариагаа хураахаас  үйлдвэрлэлийн  сүүлчийн дамжлага буюу  бэлэн бүтээгдхүүн гаргах  үе хүртэл нэг шугам дээр хоршиж ажиллах нь зөв. Гурилын үйлдвэрүүд нь аж ахуй нэгжүүдээ дэмждэг байх гэх мэт хамтын бодлого хэрэгтэй санагддаг. Нөгөөтэйгүүр улс орны хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой байдаг. Стратегийн чухал бүтээгдэхүүн учраас төр онцгой анхаарах ёстой.

Та маш чухал зүйлийг яриандаа хөндлөө... Үнэхээр манай улс хүнсний аюулгүй байдлын анхаарвал зохилтой болоод байгаа. Хүнсний бүтээгдэхүүнээ дийлэнхийг нь урд хөршөөс авдаг. Төмс, хүнсний ногоо ч үүнд багтаж байна.

-Үнэхээр анхаарах ёстой гэдгийг төрийн тэргүүн ч хэлсэн үгэндээ онцолж байсан. Гэхдээ нэг зүйлийг баталгаатай хэлэхэд манай газар нутаг 3,2 сая иргэнээ тэжээх хэмжээний үржил шимтэй, нөөцтэй. Тарьж, ургуулж л чадлаа бол бид хүнсний ногоогоо гаднаас авах шаардлага байхгүй. Одоо ч зарим жил дотоодынхоо хэрэгцээг хангах ургац авч байгаа. Гол нь хүргэлтийн үйлчилгээ л муу байгаад асуудал байна. Төв аймагт тарьж ургуулсан байцаа, төмсийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэдэд хэрхэн хүргэх вэ гэдэг л асуудал. Тийшээ явах тээвэрлэлт, зардал, борлуулалтын сүлжээг нь анхаарах ёстой. Үүнд төр засгийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Аргагүйн эрхэнд Говь-Алтайн Хөхморьтийнхон цаашаа ойрхон байгаа хил рүү гараад ногоо авах нь зөв юм. Хүнсний ногооны хүргэлтийн зах зээлийг чинжүүнд базчихсан. Орон нутаг руу явах боломжийг таслаад байгаа. Тэгэхээр дундын зуучлагч буюу ченжийн оролцоог болиулах тал дээр мэргэн бодлого хэрэгтэй. Төрөөс ямаа, тэмээ, хонины ноосонд мөнгө өгч байхаар хүнсний ногооны тээвэрлэлт, хүргэлтэд тэр мөнгөө шилжүүлж болно шүү дээ. Үгүй бол татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой.

Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг газар тариалангийн бүс нутгуудад сүүлийн хэдэн жил мал бэлчээрийн мал аж ахуй өсөх хандлагатай болж. Энэ нь тариан талбайг сүйтгэж, талхалдаг болж. Малчдын буруу гэлтэй биш, тариаланчийн буруу гэлтэй биш... Чухам яаж шийдвэл зохилтой вэ?

-Газар тариалангийн салбарт 1990-ээд оноос хойш зах зээлийн нийгмээс үүдсэн нэг том бэрхшээл бол мал тариагаа хамгаалсан малчин тариачин хоёрын тэмцэл. 1990-д оноос өмнө нэгдэл тараагүй байхад Сэлэнгэ аймаг 400 гаруйхан мянган толгой малтай байсан. Тэр үеийн малчид газар тариалан ойлгодог, хаагуур яаж нутаглах, яаж маллахаа мэддэг байсан. 1990-ээд оноос хойш баруун аймгийнхан голдуу газар тариалангийн бүс нутаг ялангуяа Сэлэнгэ аймагт ихээр нүүж ирсэнтэй холбоотойгоор энэ зөрчил эхэлсэн. Үндсэндээ газар тариалангийн тухай ойлголт, мэдлэггүй малчдаас үүддэг. Малчны ухамсар төлөвшөөгүй. Малчин малаа дураар нь бэлчээхийг илүүд үзнэ. Тариаланч талбайгаа хамгаалах нь зүйн хэрэг. Тэгэхээр газар тариалангийн бүсэд олон мал огт шаардлагагүй. Нөхцөл байдал, талбай, хүн амдаа нийцсэн цөөн эрчимжсэн малтай байх ёстой. Угаас ийм бүсэд эрчимжсэн мал аж ахуй буюу хагас тэжээврийн, мах, сүүний чиглэлийн малыг өсгөх нь зохилтой. Эрчимжсэн мал аж ахуй мал газар тариалангийн хаягдлаар тэжээгддэг сүүний ферм, үүлдрийн мал аж ахуй байх нь зохилтой. Олон жил тариан талбайд ажилласан хүний хувьд ийм зүйл хэлэхээр байна.

Эх орондоо ирээд төрийн тэргүүнээс гавьяатын тэмдгээ зүүчихлээ. Одоо суурин, амар ч байна уу та. Ингэхэд таны ажлыг радиод хэн залгуулж байгаа билээ. Та Өвөрмонголын иргэн болох шахаж байна уу даа?

-Гуч шахам жил радиод сайхан хамт олон дунд, эх орноо гороолон тойрч, намрын тухай нэвтрүүлгээ хийжээ. Гавьяаныхаа амралтад гарсан. Миний ажлыг Хишигдоржийн Дугарсүрэн гэдэг залуу өвлөж авсан. Залуу хүн эрч хүчтэй, дур сонирхолтой бол тэгээд болно. Шинэ зүйл сэдэж, олон жил энэ нэвтрүүлгийг хийнэ биз дээ. Миний хувьд бас зүгээр суусангүй. Өвөрмонголын “”Талын дуу хоолой” радиод мэргэжилтнээр сүүлийн дөрвөн жил ажиллаж байна. Оны өмнөхөн эх орондоо ирсэн. Удахгүй буцна даа.

Их Алтайдаа, ялангуяа Хөхморьтдоо очиж амжив уу... Морьт хайрхан гэж нутгийн шүтээн уул байдаг сан?

Би Говь-Алтай аймгийн ХӨХМОРЬТ сумын хүн. Миний нутаг бол Их Монголын элсний баруун хаяанд, Хүйсийн говийн зүүн үзүүр дээр байдаг өвөрмөц тогтоцтой нутаг. Их элс, олон нуурын дунд бага насаа үдсэн. 1974 онд наймдугаар анги төгссөнөөсөө хойш нутгаасаа холдож, зэргэлдээ нутаг хошуудаар амьдарч явна.  Сүүлийн хэдэн жил хүний нутагт явлаа. Нутаг орноо санах юм. Уг нь жилдээ нэг эргэж очдог. Намар 9 сард Хөхморьт доо очоод ирсэн. Говийн хүн хангайн, газар тариалангийн тухай ямар ч ойлголтгүй байсан. Ургацын далай нэвтрүүлэг хийж хангай, газар тариалантай нүүр тулж явсаар одоо дунд зэргийн агрономичийн мэдлэгтэй, туршлагатай болсон байх гэж боддог.

Уран бүтээлийн хувьд халгисан их амжилттай яваа нь цахим орчноос тод харагдах юм. Хэл бичгийн ухааны доктор, эрдэмтэн хүний хувьд судалгаа шинжилгээний ажил их хийж байна уу?

-Шүүмж судлал, судалгаа, сэтгүүл зүй, яруу найраг гээд янз бүрийн 40 гаруй ном бичжээ. 1993 онд анхны дуугаа бичсэн. Өдгөө 100 гаруй дуунаас 50 орчим нь дуулагдаж байна. Сүүлийн үед хүний сэтгэл рүү хандсан уран бүтээл хийж байгаа. 2015 онд “Сэтгэл” гэж нэртэй ном гаргасан. Дараа нь “Нүд”, “Зүрх”, “Элэг” гээд ном бичиж байна. “Залуус дүү нартаа илгээх захидал” хэмээх ном гаргасан. Базарын Цэдэндамба гэж миний багш бол дуугаараа ч, бүтээлээрээ ч мөнхөрсөн хүн байлаа. Багшдаа зориулж “Ярьдаг рамон буюу Базарын Цэдэндамба” гэдэг ном бүтээсэн. Энэ хүнийг мартахаас өмнө, таньдаг хүмүүсийг нь байгаа дээр түүх, домог,  дурсамж зэргийг нь нэгтгэж бүтээсэн. Энэ бол зохиолчдын лаборатори маягийн ном юм. Багшийгаа амьд сэрүүнд нь би “Гилбэрийн хатан”, “Ламын хөхүүртийн өвөлжөө” гэдэг хоёр номыг нь хэвлүүлж өгсөн. Ер нь хүн багшийгаа мартах учиргүй юм.

Фэйсбүүк гэж чөлөөт орон зай бий болсон нь сайхан юм. Та бол энэ талбарыг зөвөөр ашиглаж байна шүү. Нэг хэсэг Хөхморьт сумынхаа тухай дурсамж, тэмдэглэлүүд бичиж байсан бол саяхнаас Бид хоёр гэдэг цуврал эхлүүлжээ?

-Саяхан “Миний сумын...” нэртэй сумынхаа тухай ном бичсэн. Энэ бол Монголын сэтгүүл зүйд анхдагч бүтээл болсон. Миний бичсэнийг хүмүүс уншаад ямар санаа өгч дэмжив, ямар сэтгэгдэл үлдээв түүнийг нь хамтад нь эмхтгэсэн. Энэ бол ганц миний бус уншигч түмний минь хамтын бүтээл болсноороо онцлог. Уншигчтайгаа хамт бүтээсэн, уншигчаа хүндэтгэсэн ном юм. Уулзаж, учирч, хамт ажиллаж явсан эрхэм хүндтэй анд нөхдийнхөө  тухай “БИД ХОЁР” гэдэг богино цуврал эхлүүлээд байна. 100 хүрэхээр нь ном болгоно. Цахим ертөнцийг зөв ашиглах нь миний зорилго. Хов, хор бичих нь сайн юм биш шүү дээ. Энэ бол бидэнд ирсэн тэмдэглэлийн дэвтэр юм. Ер нь дэлхийн уран зохиол баримтат зохиол руу шилжиж байна. Бид олон жил зохиосон. Одоо баримттай зүйлийг уран сайхны аргаар бичих шинэ шатанд гарч байна. Хийсвар сэтгэлгээ цаг үеийнхээ нэгээхэн хэсэг л болж  байна.

Алдарт “Зөөлөн зөөлөн замбуулин дуу”-ны тухай асуулгүй өнгөрч болохгүй нь... Анх хэдэн онд энэ дууны шүлгийг бичиж байв?

Зөөлөн замбуулин дууны шүлэг анх 2000 онд Бээжин хотод ажиллаж байхад бичигдсэн шүлэг. Тэр үед би Хятадын олон улсын радиод мэргэжилтэн байсан. 2003 онд аялгуу нь төрж дуу болсон. Олон хөгжмийн зохиолчтой хамтарч дуу хийсэн. Ганцхан энэ дууны дуулах хүн нь Батсүх гавьяат шүү гэж захиалж байсан юм. Анх зөөлөн аялгуу гэдэг шүлэг байж байгаад засвар оруулаад “Зөөлөн зөөлөн замбуулин” гэх нэрээр дуу болсон.

Одоо энэ үг тарни мэт хэлэгдэх болж...?

-Энэ бол миний нэрийн хуудас болсон, тамга шиг үг. Үгийг хэн нэгэн түрүүлж хэлэх нь чухал. Хэлсний дараа бол хүн бүхэн ярих л үг. Улстөрч нь ч, залуучууд нь ч, хөгшчүүл нь ч хэлж л байдаг. Өвөрмонголчууд С.Жавхлан гавьяатын дуулснаар мэддэг. Дэлхийд тархсан дуу. Нэг хүн хүүхдүүддээ хэлж гэнэ. Та нар маани мэгзэм хэлж чадахгүй юм бол ядаж “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гээд хэлж бай. Ядаж үйлс нь бүтнэ гэж хүүхдүүддээ сургасан гэдэг юм шүү. Үнэнд ойр үг шиг санагддаг. Зөв зүйл бодож явбал үйлс өөрөө бүтнэ дээ...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.187.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.