Б.Эрдэнэдэлгэр: Африк иргэд манай улсад 4 тэрбум төгрөгийн залилангийн гэмт хэрэг үйлдсэн байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-01-30

 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, Хошууч Б.Эрдэнэдэлгэртэй шинэ төрлийн залилангийн гэмт хэргийн талаар ярилцлаа.

-Манай улсад залилах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Иргэд ухаалаг утас ашиглаж, интернет орчинд ордог болсонтой холбоотойгоор цахим заллин нэмэгдэх боллоо. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа залилах гэмт хэргийн тоо өссөн учраас Мөрдөн байцаах албанаас “Ятгах тусам нягтал” гэх уриалга бүхий урьдчилан сэргийлэх аяныг Монголбанк, Монголын банкуудын холбоотой хамтран, иргэд, олон нийтийн дунд зохион байгуулж байна. Төвбанк болон банкуудын холбоо хамтарч байгаа гол үндэс нь санхүүгийн залилан гарч байгаатай холбоотой. Мөнгө, санхүүтйэ холбоотой учраас мэргэжлийн байгууллагуудад хандсан. Иргэний биед байгаа бэлэн мөнгийг авах, нууц данс, банкны систем дэх програмаар дамждаг. Албаны цахим шуудан, эмайл хаягаар дамжин дансны мэдээлэлд нэвтэрдэг.

-Албаны цахим шуудангийн халдлага нь шинэ төрлийн залилах гэмт хэрэг гэж сонслоо. Энэ төрлийн залилангаас хэрхэн сэргийлэх вэ?

-Энэ бол шинэ төрлийн гэмт хэрэг.  Олон улсын гэмт бүлэглэлээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хэмжээний аж ахуй нэгжүүдийн хувийн мэдээлэл рүү халдаад, харилцагч байгуулагынх нь хувийн харилцааг ашиглан санхүүгийн залилан хийдэг. Тухайн байгууллагын эмайл хаягаар ирсэн мэдээллийн тоо, үсэг, цэг таслалыг өөрчилж, түүгээр дамжих мэдээллийг цуглуулж авдаг гэж ойлгож болно. Үндсэндээ алдаатай эмайл хаяг бол санхүүгийн мэдээлэл алдагдах хамгийн том эрсдэл. Иргэдийн ашигладаг интернет төхөөрөмжид вирус тараах хэлбэрээр мэдээллээ авдаг. Гүйлгээний хуулбар, дансны хуулга нь алдагддаг. Гэвч байгууллагууд үүнийгээ төдийлөн анзаардаггүйн улмаас их хэмжээний хохиролд өртдөг.

-Ийм хэлбэрээр хохирсон байгууллага манай улсад нэлээд хэд бий гэсэн. Хэдий хэмжээний хохиролд өртсөн байдаг вэ?

-2018-2019 онд манай улсын томоохон аж ахуй нэгжүүдэд 1.8 сая ам долларын хохирол учирсан байна. Монгол мөнгөөр 4 тэрбум орчим төгрөгийн хохиролд өртсөн. Байгууллагын нэр хүнд, бизнесийн хамтын ажиллагааны нууц учраас нэрийг нь нийтэд зарлах боломжгүй.

-Дотоодын томоохон аж ахуй нэгжүүдийн санхүүгийн мэдээлэлд халдсан гэхээр манай улсын иргэд ийм төрлийн залилан хийсэн гэсэн үг үү?

-Энэ гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд Монгол Улсын хилийн гадна байж байдаг. Ихэвчлэн Африкийн  улсуудад энэ гэмт хэргийг үйлдэгчид байна. Монгол Улс 20 улстай эрхзүйн харилцан туслалцах гэрээ байгуулсан байдаг. Тодруулбал,  ОХУ, Болгар, Турк, БНСУ, Япон, Казахстан гэх мэт. Харин Африкийн улсуудтай гэрээ байдаггүй. Тэгэхээр данс эзэмшигчээс авахуулаад яг и-мэйл хаягийн эзнийг тогтоох боломж хомс. Ийм учраас иргэд, харилцагчид аль болох хакерийн эмайл руу дарж орохгүй байх, мэдээллээ үнэн зөв, бөглөх хэрэгтэй. Утсаар лавлаж асуух, эмайл хаяг алдаатай, буруу байвал түүнийг нягталж, цаад байгууллагад мэдэгдэх хэрэгтэй.

-Дэлхий дахинд ийм гэмт хэргийн эсрэг хэрхэн тэмцэж, хамгаалдаг вэ. Ер нь гаралт өндөр байдаг уу?

-Энэ зөвхөн манай улсад үйлдэгдсэн хэрэг биш. 2017 онд энэ төрлийн гэмт хэргийн улмаас дэлхийн хэмжээнд 146 сая ам долларын хохирол учруулсан. 2018 онд 1.2 тэрбум ам доллар болсон. Интерполын товчооноос дэлхийн гишүүн улсуудынхаа цагдаагийн байгууллагуудад “Энэ төрлийн залилангийн хохирлыг барагдуулах боломжгүй байна. Тиймээс үндэснийхээ компаниудад сэрэмжүүлээч” гэсэн анхааруулга мэдээллийг өгсөн.  Энэ дагуу  “Ятгах тусам нягтал” арга хэмжээ нэг хэсэг нь болоод хэрэгжиж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.219.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.