Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа
Үйл явдал
/
2020-02-06

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар өнөөдөр /2020.02.05/ хэвлэлийн бага хурал зарлан, 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, бие даасан гурван хууль, хамт өргөн мэдүүлсэн гурван хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоолыг батлуулсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Оюунхорол мэдээллээ. 2019 намрын чуулганы хугацаанд харьяа хоёр байгууллагын тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 19 удаа хуралдсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан хуулиудын талаар танилцуулсан юм.

Иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах эрх зүйн орчин бүрдлээ

Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд нь хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдол бүхий Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулсныг Байнгын хорооны дарга онцолсон.

Манай улсад жилд 6000 хүн хорт хавдар гэсэн онош сонсож, 60 хувь нь тэр жилдээ нас бардаг гэсэн судагаа байдаг бөгөөд хорт хавдраар өвчлөгсдийн 36 хувь нь элэгний, 15 хувь нь ходоодны, зургаан хувь нь улаан хоолойн, найман хувь нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд аж. Нийт хавдраар нас барагсдын 65 хувийг энэ дөрвөн төрлийн хорт хавдар эзэлдэг байна.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж, зорилтот бүлгийн иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 30 хувь, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувь, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой гэсэн гэж үзэж байгааг тэрбээр тодотгосон юм.

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг батлуулав

Энэ хуулиар 1990 онд баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дээрх нөхцөлөөр 21 208 иргэн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 14 465 нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3786 нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 2957 нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд юм.

Эдгээр 21208 иргэдийн суурь тэтгэврийн хэмжээг 50 000 төгрөгөөр нэмэгдүүлэхэд 12.7 тэрбум төгрөг шаардлагатай байсныг 2020 оны төсөвт тусгасан байна. Ингэснээр эдгээр иргэдийн тэтгэврийн хэмжээ дунджаар 362.0-497.0 төгрөгт хүрлээ. Түүнчлэн 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс тэтгэвэр авагчдын тэтгэвэр 25 000-30 000 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг Байнгын хорооны дарга дурдсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.186.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.