Үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах хуулийг батлуулав
Үйл явдал
/
2020-02-06

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг тус байнгын хорооноос УИХ-аар хэлэлцэн батлуулсан.

Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан бөгөөд энэхүү Их дүйчин өдөр Бурханы шашны орнуудад мацаг барих, согтууруулах ундаа худалдаалахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, ядууст хоол, өглөг өгөх, бусдад туслах, төрийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, их цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлсийг дэлгэрүүлдэг байна. Энэ үеэр  баяраас үүдэж гардаг архидан согтууралтай холбоотой хэрэг болон баярын өдрүүдэд гардаг гэмт хэргийн тоо эрс буурдаг нь бусад тэмдэглэлт баяруудаас эрс ялгардаг байна.

Уг хууль батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэдгийг Байнгын хорооны дарга тодотгосон.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд одоо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ , Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэгдэж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга мэдээлсэн.

2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос холбогдох яам, харьяа газартай хамтран найман удаагийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан байна.

Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцуулсны дараа Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.245.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.