Ш.Чоймаа: Монгол хүн мөн л бол эх хэлээ төгс эзэмших үүрэгтэй
Ярилцлага
/
2020-02-07
Төрийн соёрхолт, Монгол Улсын Ардын багш, МУИС-ийн зөвлөх профессор Шаравын Чоймаатай та бүхнийг уулзуулж байна.  

-Хүн байхын учир?

-Монгол крилл үсгээр, халх  аялгуугаар хүн гэж ярьдаг. Монголын нэлээд олон нутгийн аялгуунуудад хүмүүн гэдэг, монгол бичгээр хүмүүн гэж бичдэг. Хүмүүн гэдэг үгийн язгуур нь хүмүүс, хүмүүжил гэдэг үгэнд тэр чигээрээ байж байгаа. Хүн болохын учир нь хүмүүжих, хүмүүжил гэсэн үгнээс улбаатай. Хүн шиг болох, хүнтэй адил болох гэсэн утгатай.

Монгол хүний эртнээс уламжилсан сэтгэхүйгээр,сая төрсөн хүүхэд бол нэгэн зүйл амьтан юм. Гэхдээ оюун ухаант, олон сайныг бүтээх боломж нөхцөлтэй төрөл тул бусад төрөлтнөөс онцгойрон ялгардаг. Ийм эрхэм төрлийг олсон тул юуны өмнө хүмүүн болон төлөвших ёстой. Хүмүүн болон төлөвшвөл сурч мэдэхийг өөрөө хүсч, буян, нүгэл буюу сайн, муу үйлийг ялгавар, түүний үр дагаврыг ухаарч чадна. Хүн чанар монгол хүний ёс жудаг дээр боловсролыг нэмбэл хүн шиг хүн болно доо. Хүн гэдэг бие, хэл, сэтгэл гурваас бүрэлддэг. Сэтгэл нь хамгийн эрхэм зүйл. Сайн, муу хүн байх нь сэтгэлээс л шалтгаална, Монголын уламжлалт сургаалийн зохиолд

“Сэлмээр цавчваас бие өвдмүй,

Ширүүн үгээр дайрваас

Сэтгэл өвдмүй

Сэтгэл гэгч нь биеэсээ эрхэм тул

Сэцэн ухаантан үл өгүүлмүй” гэсэн байдаг. Зөв сэтгэлтэй байх нь хүн байхын гол амин сүнс нь юм даа.

-Яагаад тэгж үздэг юм бол?

Бурханы сургаалаар гурван сайн заяаны, гурван нь муу заяаны зургаан зүйлийн амьтан байдаг гэж үздэг. Энэ 6 зүйлийн амьтан дотроос ганцхан хүний төрөл нь бурханлаг зөв шинжээ бататгаж сэтгэлээ ариусгаж гэгээрэх аваас бурханы хутагийг,/ бодьмөрийг/олох боломжтой, буруугаар явбал буг чөтгөр болох ч боломжтой ийм төрөл. Тэнгэр нар буддийн сургаал ёсоор маш их урт настай жаргалдаа умбаж ташуурсаар байтал сайн зүйл хийх цаг зав гардаггүй, гэнэт үхлийн тохионы тэмдэг гараад өнгөрчихдөг юм гэсэн. Асар нар болохоор тэнгэр яагаад биднээс дээр, илүү байна гээд үргэлжийн атаа тэмцлээр нэг насыг барчихдаг. Гурван муу заяаны амьтан нь там, бэрд, адгуус юм. Хүмүүн гэдэг амьтан ухаарч, бодож сэтгэдэг болохоор“Олохуйяа бэрх хүний төрөл” хэмээдэг. . Энэ  төрөл дээрээ гайхамшигтай сайхан үйлийг хийж гавьяа байгуулдаггүй юм аа гэхэд, зөв  мөрөөр явж бие, хэл, сэтгэл гураваа зөв байлгах нь их чухал.

-Хүний сайн муу явах нь нэртэйгээ бас холбоотой юу?

-Хүний сайн муу явах нь нэртэйгээ шууд холбоогүй. Монголчууд эрт цагаас хүүхэддээ нэр өгөхдөө, амь нас нь бат, аливаа үйлс нь өөдрөг сайн, ухаан билиг нь хурц зэрэг сайн сайхныг зөгнөн ерөөсөн үгийг сонгодог байсан. Бас шашин шүтлэгтэйгээ холбоотой байдаг. Жишээ нь төрсөн гаригийн нэрний ард, төвд хэлний жав/аврах/-сүрэн/сахих/ гэж үгийг нэмж, нэр өгдөг. Даваажав, Даваасүрэн, Мягмаржав, Мягмарсүрэн Лхагважав, Лхагвасүрэн гэх мэт. Энэ нь төрсөн гаригийн эзэнд даатгаж байгаа утгатай. Мөн бурхдын алдрыг хэлээд, ард нь жав, сүрэн гэсэн үгийг нэмдэг. Бас ад чөтгөрөөс зайлуулах гэж Энэбиш, Тэрбиш, Бааст гэх мэт нэр өгдөг байсан. Зарим залуучууд мэдэхгүй байж болно ням, даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба гэдэг нь төвдөөр хэлж байгаа үг. Эртний энэтхэгийн санскрит хэлээр адьяа, сумьяа, ангараг, буд, бархасбадь, сугар, санчир гэдэг. Монголоор наран, саран, улаан нүдэн, үлэмж, гадас, цолмон, ховдог эмгэн гэдэг. ”Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог” гэсэн гол зарчимтай. Эцэг эхийн өгсөн нэрийг сайнаар дуурсгах, эсэх нь тухайн хүний бие, хэл, сэтгэлийн үйл явдлаас шалтгаална.

Ордосын түүхч Саган Сэцэний 1662 онд бичсэн”Эрдмийн товч” хэмээх Монголын түүхийн зохиолд

 “Язгуур төрөөд сац /даруй/ өгтсөн /өгөгдсөн/ эхнэрийн /багын/ нэр.

Идэр бүхүй алдрыг зөөсөн /хурааж олсон/ дуурсах нэр.

Ямагт хойтост дурдагдах мөнх нэр.

Илт бүрдвээс хүний биеийн гавьяа тэр” гэж бичсэн.

Энд дуудах нэр, дуурсах алдар, хожим дурсагдах нэр алдар гурвуулыг хичээж явбал хүн болсны гавьяа юм гэж өгүүлжээ. Үүнийг өнөөгийн цагт авч хэлбэл, өөрийн нэр төр, өрөөл бусдад хэлэгдэх нэр алдар, дэлхийд хэлэгдэх Монголынхоо нэр төрийг бодож болгоож яв гэсэн санаа юм даа.

 -Тэгвэл  монгол хүн байхыг утга учирыг тайлбарлаж өгөөч?

Би монгол хүн гэж хэлэхийн тухайд монгол гэдэг маань ямар үндэстэн юм, хэдийд бий болсон юм гэдгийг тунгааж бодох хэрэгтэй. Эзэн Чингис гэж ярих, элдэв зүйлд нэрийг нь барьж ашиглах дуртай болжээ. Гэвч  эзэн Чингисийн үед дэлхийг хэрхэн  төвхнүүлж,  дэлхийн хэмжээний улс гүрнийг байгуулж, өнөөгийн дэлхийн түүхийг хэрхэн бичиж байсан, үүний гол санаа нь юу байсан талаар, Чингисийн дараа тарж бутарсны шалтгаан нь юу байсан юм бэ? гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Мөн хожуу үед нь Манжийн эрхшээлд яагаад орсон, энэ бүгдийг судлах шаардлагатай. Би  Монголын Нууц товчооноос эхлээд, 20 зууны эхэн үе хүртэлх Монголчууд монгол хэлээрээ Монголын  түүхийг бичсэн зохиолуудыг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 30 ботиор зүүлт тайлбарыг хийж хэвлүүлсэн. Дараа нь 33 боть болгож гаргасан, наад зах нь  түүнийг уншихад бидний өвөг дээдсийн алдаа оноо үүнд байжээ гэдгийг мэдээд авна. Монголчуудын “Би Монгол хүн”,  “Унасан газар алт, угаасан ус рашаан” гэх төрсөн нутаг эх орны тухай энэ ойлголт бол монгол хүний хамгийн эрхэм нандин зүйл. Нөгөөтэйгүүр Монгол хэлээ төгс эзэмших хэрэгтэй. Түүн дотроос  хэлц үг зүйр цэцэн үгэнд монгол хэл монголчуудын амьдралын үзэл бодол, олон зуун жил баримталж байсан гүн ухаан цөм түүнд шингэсэн байдаг. Төрөлх эх хэлээ, монгол хэлээ сайн эзэмшинэ гэдэг бол монгол сэтгэлгээтэй болно гэсэн үг. Монголчуудын тууштай эрхэмлэдэг нэг зарчим бол ”Нэр хугарахаар, яс хугар”, “Хүн нэрээ, тогос өдөө” гэсэн нэр төр, уг удмаа үл гутаах ёс юм. Бидний өнөөгийн Монголчууд ч гэсэн Монгол гэдэг үнэстний алдар нэрийг сайнаар дуурсгаж явах ёстой.

Чингис хааны бие хүний онцлогын талаар дэлгэрүүлвэл?

Чингис хааны бие хүний өөрийн онцлог нь наад зах нь одоогийн яриад  байгаа шударга ёсыг шууд өөрийн дэргэдээс ил хэрэгжүүлж ирсэн, үүнийг биеэрээ үлгэрлэж байсан хүн. Чингис хааны ойр дотны ноёд түшмэд нь дандаа өөр харь овогийн хүмүүс байсан. Жишээ нь: Шихихутагыг авч үзье өвөг дээдсийг нь хэдэн үеэр хороож байсан Татаруудын үр хойч. Гэтэл түүнд одоогоор бол шүүх эрх мэдлийг бүрэн хариуцуулж байсан. Бүх хүний нүдэн дээр ил байхад шударга бус үйл үйлддэг хүнд багтах орон зай байгаагүй. Тэр нь хүчирхэг болгох нэг шалтгаан нь болж байсан. Чингис хааны Бие хүний онцлог гэсэн судалгааны өгүүлэлд маань дэлгэрэнгүй байгаа даа. Эзэн богд Чингис хаан бол эмхлэн зассан Их Монгол улсынхаа төрт ёсыг эрхэмлэн дээдэлж, бүрэн бүтнээр нь хамгаалж явах тухайд билиг сургаалдаа...

“Алтан биеэ амусу /амарья/ хэмээвээс

Ахуй төр минь алдруузай

Бүтэн биеэ амусу /амарья/ хэмээвээс

Бүрэн улс минь сандруузай

Алтан бие минь алжааваас алжаатугай

Ахуй төр минь бүү алдартугай

Бүтэн бие минь зовбоос зовтугай

Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээн айлдсан нь бутарсан улсаа бүртгэж,

хагацсан улсаа хамтатгахын төлөө “сур дөрөө сунатал, төмөр дөрөө дөлөртөл жийж” эсгий туургатныг нэгтгэсэн Их хаан Чингисийн амьдралын зорилгын тодорхойлолт гэж хэлж болно.

 -Өнөөгийн нийгэмд шудрага ёс хэр байна?

Монголын нууц товчоонд, дайнд мордох болзол хожимдсон тухайд “Бид монгол ЗА андгайтан бус уу?” гэж Жамухын хэлсэн үг байдаг. Арван гуравдугаар зуунд ЗА гэдэг үг гарын үсэг зураад тамгаа дарчихсан гэрээ шиг баталгаатай байсан хэрэг. Хэлэх амархан хийх хэцүү. Хийж чадах зүйлдээ за гэж хэлэх, хэлсэн үгэндээ хүрдэг байх нэн чухал. За гэдэг үг тийм  итгэлтэй байсан учраас Монголчууд хүнд итгэдэг. За-гийн  цаана нь итгэл явж байгаа хэрэг юм. Өнөө цагт хүн хүндээ итгэхэд  бэрх болчихжээ гэдэг нь “ЗА андгайтан монголоо мартаж байгаа хэрэг юм. Хорвоод нүцгэн ирсэн, нүцгэн буцна. Энэ хооронд нүгэл буяныг дэнслээд энүүхэн амьдралдаа эрх биш монгол хүний эрхэм чанараа мэдэж байх хэрэгтэй цаг ирсэн байна. Мэргэн Гэгээний “Алтан товч”-д

“Эх нэгэн модноос дэлгэрсэн салаа /Их монгол улс/

Эегүй самуунд хохирч

Эцэстээ навч нь бутарч одсон

Энэ гэмийн үүсгэлийг үүрд цээрлэ” гэсэн байдаг.

Энэ нь эв эеэ олдоггүй энэ гэм яаж гардагын уг шалтгааныг  цээрлэ гэсэн санаа. Энэ мэтчилэн монголын түүхэн сурвалжуудад маш гайхамшигтай мэргэн үгс  бидний заавал мэдэх шаардлагатай өнөөгийн албан газрын хананд нь бичээд хадчихмаар үгс их бий.

Жишээ нь: Инжинашийн “Хөх судар”- т /Инжинаш Чингис хааны үр хойчийн 28 үеийн алтан ургийн хүн/.

“Мандах төрийн сайд түшмэд өөрийн ялаа илэрхийлэн үзүүлмүй

Муудах улсын эзэн түшмэлүүд биеийн эндүүгээ /алдаагаа/ баллаж арилгамуй” гэж бий.

Гэх мэт өнөөгийн болоод хожмын үед бодож болгоож явах үгс тун их ээ.  Тийм учраас Монгол мэргэдийн бичсэн монголын  түүхэн сурвалжийг уншиж, ухаарч байх нь нэн эрхэм юм.

-Дээр дурдаад өнгөрсөн монгол хэлний дархлааны талаар ярьвал?

-Монгол хэлний дархлаа гэж их ярих болж.Үүнд сэв сууж болохоо байгаад л тэгж ярьж, хэлж байгаа юм. Магадгүй өнөөдрийн зурагтаар ярьж байгаа мэдээний нэвтрүүлгийг  1930-1940 оны хүнийг босгож ирээд сонсгоход ойлгохгүй болсон байгаа. Социализмийн  тогтолцооны үед бид Орос хэлнээс орчуулж байсан. Тэгэхдээ тэр үед орчуулахдаа бүрэн “монгол”  болгодог байсан.  Жишээ нь: Дамдинсүрэн гуайн “Алтан загасны үлгэр”-ийг та бүхэн мэднэ. Сайхан монгол үлгэр уншиж байгаа биз. Тийм болтол нь өмнөх үеийн  “аврага” орчуулагч нар монгол хэлэнд буулгадаг байсан. Нэг буруу орчуулга гарвал  Ренчин гуай “жигтэйхэн” том өгүүлэл бичээд гаргачихна. Тэр үед нэгнээсээ их асууна, нэг нэр томьёо тогтоохын төлөө хэлний мэргэжлийн улсуудтай зөвлөдөг байсан. Өнөөдөр бол өөр өөрийн санаснаараа, өөрийнхөө мэддэг монгол хэлний хэмжээгээр л буулгаад байна. Гадны юмыг орчуулахдаа цаад хэлнийхээ  уг үгийн утгыг сайн мэдэхийн хамт, эх хэлэндээ сайн байх шаардлагатай.  Өнөө үед англиас орчуулж байна гээд, монгол үгээр   бичсэнийг нь монгол хүн “би” өөрөө ойлгохгүйд хүрч байна. Иймд уг санаа нь ингэж байгаа юм, монгол хүний сэтгэхүйн онцлогоор бол ингэж хэлэх ёстой гээд монгол хэлнийхээ ариун баялаг санг шавхан найруулах хэрэгтэй.  

-Ер нь орчуулагч нар юуг анхаарвал зохилтой вэ?

-Орчуулга хийж байгаа хүмүүс ядаж толь эргүүлж харж  байх хэрэгтэй. Ямар ямар утга илэрхийлж байгааг Цэвэл гуайн товч тайлбар толийг ширээний ном болгон түүнээс харах хэрэгтэй. Утсаа маажаад, компьютер шагайгаад суух юм. Уран зохиол унших хэрэгтэй, өмнө хэлсэн түүхэн сурвалжуудыг уншвал мөн сайн сан. Эх хэлний дархлаа гэдэг нь  монгол хүн мөн л  юм бол өөрийнхөө эх хэлийг төгс эзэмшихийн төлөө өөрөө хичээх хатуу үүрэгтэйг ухаарч бодит чадвар дадлага болгож эзэмших нь чухал.

-Үүнээс гадна өөр ямар зүйл нөлөөлөөд байна вэ?

Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдийг багаас нь  үлгэрлэн эх хэлийг засаж өгөх талаас онцгой анхаарах хэрэгтэй.  Миний санаа зовж байгаа юм бол үлгэр, оньсого, зүйр цэцэн үгийг хүүхэддээ хэлж тайлбарлаж, буян нүгэл буюу буруу зөвийг учирлан ухааруулж, хүүхэдтэйгээ харьцаж ярьдаг эцэг эхчүүд маш их багасаж, өвөө эмээ нь Солонгосын олон ангит кино үзээд суучихдаг болж. Хүүхэд машинд явахдаа замын түгжрэлд орохоор баярладаг гэж ярьсан байсан. Түгжрэхээр  ээж аав надтай ярьдаг гэж. Хүүхэд харьцахыг тэгтлээ хүсэж байна шүү дээ. Гэтэл аав ээж нь хүүхэдтэйгээ ярьж хөөрөхийн оронд утас маажаад л суучихна.

-Хүүхдүүдэд хэт багаас нь гадаад хэл зааж байна. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Цэцэрлэгийн наснаас нь  англи хэл зааж байна. Хүүхдийг эх хэлний үгийн сан нь баяжиж эх хэлээрээ юмыг төгс ухаарч ойлгож, бодож сэтгэх чадвар нь төлөвшихөөс өмнө харь хэл заачих юм бол сэтгэлгээ нь царцанги  байдалд орчихно. Ингээд тэр сурч байгаа хэлээрээ ч сэтгэж чадахгүй, эх хэлээрээ ч төгс юм ухаарч бодож тэр гадаад хэлийг зохистой заах аргаар, цогцоор нь сургахад сурна шүү дээ. Тэр битгий хэл 30-40 насандаа ч гадаад хэлийг зөндөө л  Монголчууд сурсан байдаг. Энэ нь манай боловсролын тогтолцоонд  ч бас байгаа юм. Энэ нь монголдоо харь хүнийг бэлтгэх газрууд бий болчихоод байна гэсэн үг юм. Өнөө маргаашдаа үүний хор уршиг харагдахгүй байж болно. Монгол үндэстэн байх ёстой гэж үзэж байвал, алс ирээдүйг нь бодсон зүйлд санаа тавих ёстой юм.  Өнөө цагт аливаа ажил хэрэгт хандахдаа зөвхөн за дараа нь ямар ашиг өгөх юм? гэдэг болсонд их харамсдаг. Бүхэл бүтэн нэг үндэстэн улсын тусгаар тогтнол тэр улсын ирээдүйн төлөө, алс ирээдүйд нь хийж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг ухаарах ухаарал дутаж байгаа хэрэг юм. Монгол үндэстний эрх ашиг, эх орон тусгаар тогтнолын төлөө бол нэг бүү хэл, нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх хөндөгдөх нь юу ч биш шүү дээ.

 Ярилцсан: С.Уранбаяр 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.61.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.