Эрхлэгчийнхээ тушаалаар ажилдаа ирсэн хойгуур паар нь дэлбэрч бага насны гурван хүүхэд нь түлэгдэж нас баржээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-07

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос бүх нийтийн арга хэмжээ, ЕБС, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байгаа билээ. Улсын онцгой комиссоос гаргасан уг шийдвэрийг үл хэрэгжүүлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрсайхан нь байгууллагынхаа ойг тэмдэглэхээр багш нараа ажлын байрандаа цуглуулж, урлагийн тоглолт бэлтгэхээр дууджээ.

Бүх нийтийн хөл хорио тогтоогоод байгаа энэ үед тус цэцэрлэгийн үйлчилгээний ажилтан эмэгтэй 2-5 насны гурван хүүхдээ харах хүнгүйн улмаас гэртээ цоожлоод захирлынхаа тушаалаар ажилдаа ирсэн аж. Тэр хооронд амьдардаг байрных нь паар дэлбэрч гэртээ цоожлуулсан гурвайн хүүхэд нь халуун усанд түлэгдэж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэл хийлээ.

 

Энэ асуудлаар бид Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Н.Гантулгаас тодруулахад “Өчигдөр ийм харамсалтай явдал боллоо. Засаг даргын тамгын газарт ажлын хэсэг гараад ажиллаж байна. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан Аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэл нээгээд эрүүгийн хэрэг үүсгэсэн холбогдох хүмүүсийг шалгаж байгаа. БСШУС сайдын өгсөн захирамж, чиглэлийн дагуу манай газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудад 2020 оны нэгдүгээр сарын 28, 30-ны өдрүүдэд танилцуулж, гэрээсээ ажлаа хий, нэг ч хүний цуглуулж болохгүй. Хариуцлагатйа жижүүрүүд нь тухайн өдөртөө ажлаа хийнэ биз гэж мэдэгдсэн. Ямартай ч хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.180.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.