М.Адилбиш: "Капитал" банкны зээлдэгчид гуравдугаар сард багтааж өрөө төлөхгүй бол нэрийг нь зарлана
Ярилцлага
/
2020-02-08

"Капитал" банкны эрх хүлээн авагч М.Адилбиш өчигдөр 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ий өдрийг дуусталх хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өгсөн билээ.  Мэдээллийн дараа түүнтэй ярилцсан юм. 

-"Капитал" банктай холбоотой 10 охин компани байгаа гэсэн үү. Төлбөр барагдуулахад хуулиараа энэ компаниуд холбоотой байх уу?

-Охин компани 10 биш 8 байгаа. Энэ охин компаниудыг яагаад байгуулсан гэхээр, банк зээлийнхээ төлбөрт хувьцаа авах нь нээлттэй. Зээлээ төлүүлэхийн тулд компанийн хувьцааг авчихсан гэсэн үг. Банк зээлийн төлбөр компанийн хувьцаа авчихаар улсын бүртгэл дээр хувь эзэмшээд, охин компани болж харагдаж байгаа юм. Энэ 8 компанид хөрөнгүүд бий. 8 компанийн гүйцэтгэх удирдлагыг бид өөрчлөөд, зөвлөлийн гишүүн н.Дэлгэрхүүг томилчихсон. Эдгээр компаниудын хөрөнгүүдийг прокурорын байгууллагаас битүүмжилчихсэн байгаа. Энэ дотор улсын комисст хүлээлгэж өгөөгүй Замын-Үүдэд барьж байгаа орон сууц. Дөрвөн замд баригдсан 51 айлын орон сууц зэрэг зүйл бий. 

 -20 саяас дээш авлагатай хадгаламж эзэмшигчийн төлбөрийг барагдуулаагүй байгаа.  30  хадгаламж эзэмшигч бий гэсэн үү?

-Нийт хадгаламж эзэмшигчид дотор 20 саяас дээш хадгаламжтай  826 хүн байсан. Тэд бүгд мөнгөө бүтнээр нь авна гээд "Бид мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг анх удаа сонсч байна. 20 сая төгрөг л авлаа" гээд асуудал үүсгэсэн. Тиймээс бид 2019 оны тавдугаар сарын 1-ий өдөр Монголбанкнаас зээл аваад, нэг том хадгаламж эзэмшигчээс бусдынх нь мөнгийг төлөх гээд материалаа бүрдүүлж байсан. Гэвч зээл авч чадаагүй. МИК-иас зээл авахаар шалгуур нь өндөр болчихно. Шалгуур нь өндөр болохоор зээлийн багцыг барьцаалахгүй. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байж тэднээс зээл авахаар болсон учраас хэмжээ багасчихсан.  Гэхдээ л эхлээд 400 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийг хохиролгүй болгосон. Дараа нь  500 сая хүртэлх хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бид олгосон. Түүний дараа 30 хадгаламж эзэмшигч л мөнгөө аваагүй үлдсэн байна.

-"Капитал" банкнаас хамгийн их зээл авсан нь ямар хүмүүс байна. Хэдэн төгрөгийн зээл авсан байна гэдэг мэдээллийг өгөх боломжтой юу?

 -Бид томилогдож ирээд чанаргүй зээлтэй зээлдэгчдэд бүгдэд нь мэдэгдэх хуудас өгсөн. Таны төлөх ёстой зээлийн чинь хэмжээ тэдэн төгрөг байна гэсэн мэдэгдлийг өгсөн. Мэдэгдлийнхээ араас байнга шаардаж, зээлийг нь төлүүлэхээр тэр хүмүүстэй тулж ажиллаж байгаа. Тэр хүмүүсийн нэрийг одоо хэлэх боломжгүй. Нэрийг нь зарлах нь зээл төлүүлэх ажилд сөрөг нөлөөтэй. Тийм учраас 2019 он дуустал зээлдэгчдийн зээлийн хэмжээ, нэрийг олон нийтэд мэдээлээгүй. Энэ хугацаанд төлбөрийн дараалалд орсон, мөнгөө авахаар хүлээж байгаа хүмүүсээс, улстөрчдөөс, хэвлэл мэдээллээс зээлдэгчдийн нэрийг өгөөч гэдэг хүсэлт маш их ирсэн. Миний байр суурь бол энэ хүмүүсийн бизнесийн, хувийн нэр хүндэд халдахгүй байх нь зээл төлүүлэхэд ашигтай гэж үзсэн. 

Энэ хүмүүс зээл аваад, үйлдвэрлэлээ томсгоод, ажиллана гэж бодсон байх. Гэвч үйл ажиллагаа нь хэвийн байгаа ч зээлээ төлж барагдуулахаар хэмжээнд байж чадахгүй. Эсвэл бизнес нь зогсонго байдалд орчихсон. Өөр бизнес рүү орсон нь ч байгаа. Тиймээс бид тэдэнд хугацаа, боломж өгч байгаа юм.  Түүнээс гадна, он дууссаны дараа 2020 оны нэгдүгээр сарын 1-ий өдөр зээлдэгчид рүү дахиад мэдэгдэл явуулсан. "Бид 2019 оныг дуустал таны хувийн болоод бизнесийн нэр хүндэд халдахгүйгээр зээл төлүүлэхээр хамтарч ажиллалаа. Та 2020 оны нэгдүгээр улиралд зээлээ төлөхгүй бол. Эсвэл шүүх дээр эвлэрэлийн гэрээ байгуулж, график гаргаж төлж эхлэхгүй бол нэрийг тань улстөрчдөд, хэвлэл мэдээллийнхэнд, шаардсан эрх бүхий хүмүүст өгнө" гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 1-ий өдрөөс зээлдэгчдийн нэрийг зарлана.  Гуравдугаар сарын 31-нд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа учраас тэр хүмүүст хангалттай боломж олгосон гэж үзээд, нэрийг нь зарлаад эхэлнэ. 

-Харилцагчдад өгөх ёстой бүх өр төлбөрийг барагдуулах боломжтой юу. Тийм хэмжээний хөрөнгө энэ банкинд байгаа юм уу?

-205 тэрбум төгрөгийн зөрүү гарч байгааг би анх банкны эрхийг хүлээн авсныхаа дараа холбогдох албаныханд мэдээлж байсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд байсан тэр зөрүү оны эцэст хадгалагдсан.  Энэ зөрүү цаашид нэмэгдэх боломжтой. Яагаад гэвэл огт төлөгдөхгүй зээлүүд байх магадлалтай. Банкны нэр дээр байгаа өмч хөрөнгүүд үнэ цэнээ алдана. Энэ бууралтууд нь зөрүүг улам нэмэх магадлалтай. 

-Хэн нь хохирч үлдэх вэ гэдэг асуулт гарч ирээд байгаа. Хадгаламж эзэмшигчид иргэд, ААН-ийн хохирлыг барагдуулчихаад төрөө хохироогоод үлдээх үү. Эсвэл Засгийн газрын мөнгийг өгчихөөд иргэдээ хохироох уу гэдэг асуулт одоо ч байсаар байна?

-Бид 15 асуудлыг шалгуулахаар өгөөд, Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тиймээс одоо шалгагдаж байна. Бидний үүрэг бол эрх хүлээж авахаар ирэхэд ямар актив байсан, түүнийг мөнгөжүүлээд өр төлбөрийг төлөх. Харин Эрүүгийн хэргийг нэлээд нухацтай шалгаж байгаа байх гэж би бодож байна. Энэ чинь 6, 60, 600 сая төгрөгийн асуудал биш. 641 тэрбум төгрөгийн өр төлбөртэй банкинд хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. 2012 оноос хойшхи өнөөдрийнх хүртэл хугацааны санхүүгийн баримт бичгийг шалгаж байгаа учраас маш их ачаалалтай ажиллаж байгаа байх.  Зарим хүмүүс, аж ахуйн нэгжээс одоо байгаа банкны хөрөнгө бидний төлбөрийг барагдуулж хүрэхгүй юм байна. Тиймээс хуучин хувьцаас эзэмшигчдийн бусад хөрөнгөөр барагдуулж өг гэсэн хүсэлтийг өгсөн. Тиймээс хөрөнгүүдийг нь битүүмжилчихсэн байгаа. Мөн хамтарсан ажлын хэсгийн шалгалтын явцад банкны мөнгөөр тэнд, тийм хөрөнгө боссон байна гэдэг нь тогтоогдох байх. Бид хуульд заасны дагуу хүлээн авсан активаа мөнгөжүүлээд, өр төлбөрөө барагдуулж ажиллаж байна. 

-Эрх хүлээн авах ажиллагаа хэзээ дуусах вэ?

-Актив талд байгаа активууд бүгд мөнгөжөөд, хөрөнгө, зээл үлдээгүй тохиолдолд эрх хүлээн авагч ажлын тайлангаа Монголбанкинд тавина. Монголбанк түүнтэй нь танилцаж, эрх хүлээн авах ажиллагаагааг дуусгах шийдвэр гаргана. Улмаар  шүүх болон улсын бүртгэлийн газарт хүсэлтээ гаргаж, улсын бүртгэлээс хасуулснаар дуусгавар болно. 

-15 асуудал шалгуулахаар өгсөн гэсэн. Тэр талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?

-Бид хууль зөрчсөн байж болзошгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож болохоор байж магадгүй учраас шалгаж, тогтоож өгнө үү л гэсэн хүсэлт өгсөн. Хуулиндаа би өөрөө шийдвэр гаргах ямар ч эрхгүй.  Харин одоо шалгалтын явц ямар байгаа талаар бид мэдээлэл өгөх боломжгүй шүү дээ. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учраас. 

-НДЕГ, ЭМДЕГ-ын гэхэд л 240 тэрбум төгрөгийн авлага байгаа шүү дээ. Энэ мөнгийг түрүүлж өгөх боломж байгаа юу?

-Төлбөр барагдуулах дарааллыг Банкны тухай хуульд заасны дагуу л тогтоосон. ЭМДЕГ, НДЕГ-аас гомдол гаргаад, шүүхэд өгчихсөн байгаа.  Хэрвээ шүүхийн шийдвэр тэдний талд гарвал дараалал нь дээшлээд л ороод ирнэ.  Гэхдээ хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөнө.  Тэд бас л гомдол гаргаж таарах байх, энэ тохиолдолд. 

-Монголбанкны авах ёстой 71 тэрбум төгрөгийн авлагын талаар тодруулаач. Ямар учиртай авлага юм бол?

-Ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотой мөнгө бий. Мөн харилцагчдын мөнгийг анхны шаардлагаар нь гаргаж өгч чадахгүй, төлбөр тооцооны саатал бий болсон доо. Тэр сааталтай холбоотойгоор эх үүсвэр болгож өгсөн мөнгө нийлээд 71 тэрбум төгрөг болсон. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.