Жүжигчин Г.Ундармаа наймдахь төслөөрөө Баянхонгор аймгийн ЯТТ-ийн танхимыг ТОХИЖУУЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-08

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг засварлаж, тохижуулах төслийг М-Си-Эс Групп 300 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлж, “Итгэлийн танхим” ТББ гурван сарын хугацаанд бүрэн гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү төслийг тус тасгийн хамт олон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ой хүрээнд санаачилсныг М-Си-Эс Групп дэмжиж, жүжигчин Г. Ундармаатай хамтран хэрэгжүүлжээ.

 

 

 

Жүжигчин Г.Ундармаа өмнө нь Улаанбаатар хотод долоон эмнэлэг тохижуулж байжээ. Тэрээр орон нутагт тохижуулсан анхны эмнэлгийн төслөө хүлээлгэн өгөхдөө,  “Өмнөх төслүүдийн санхүүжилтийг би өөрөө бүрдүүлдэг байсан бол энэ удаа М-Си-Эс Групп 100 хувь санхүүжүүлснээр хүн, хүч, хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлгүй, ажил хурдан шуурхай, сайхан бүтлээ. Ж.Оджаргал захирлын аав Б.Жамбалжамц, ээж Д.Бадамжав нар 1964-1969 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тасгийн эрхлэгч, эмнэлгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Аав, ээжийнхээ ажиллаж байсан эмнэлгийг ийм сайхан болгон засварлаж, тохижуулах үйлсийг дэмжсэн Ж.Оджаргал захиралд нийт Баянхонгорчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье” гэлээ.

 

Аймгийн хэмжээнд өвчлөлийн болон осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тус тасгаар 2019 онд 5800 хүн үйлчлүүлжээ. Тус эмнэлгийн удирдлага, хамт олны зүгээс ийнхүү тасгийг засварлан тохижуулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлж өгсөнд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Д.Өлзийсайхан, “Засвар, тохижилтын ажил хийгдсэнээр манай тасгийн зохион байгуулалт, үйлчилгээний урсгал аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийн хэмжээнд жишиг болохуйц өндөр түвшинд хүрч, үйлчилгээний орчин нөхцөл сайжирснаар өвчтөнүүдийн сэтгэл санаа, ажиллагсдын ажлын чанар, бүтээмжид сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Мөн эмч, ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд сургалт явуулах боломжтой зориулалтын тавилга, хэрэгслээр тоноглосон байнгын сургалтын өрөөтэй боллоо. Бидний санаачлагыг дэмжсэн М-Си-Эс Групп, “Итгэлийн танхим” ТББ болон хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хувь хүнд талархал илэрхийлье” гэв.

 

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр хэлэхдээ “Гаднаас ороод ирэхэд яг гадаадын эмнэлэгт орж ирж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. М-Си-Эс Группт анх төсөл танилцуулахад 70 орчим сая төгрөгийн төсөвтэй байсан бол даруй дөрвөн дахин их хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн тасгийг засварлан тохижуулж өгсөн тус группийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Орон нутагт эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах уг төсөлд “Интермед” эмнэлгийн хамт олон эм, эмнэлгийн хэрэгсэл хандивласан бол “Тотал Дистрибюшин” компани тавилга, хэрэгслийг нь Улаанбаатар хотоос үнэ төлбөргүй тээвэрлэж, дэмжлэг үзүүлсэн байна.

 

М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, үндэсний уламжлал, өв соёлоо хадгалж хамгаалах төслүүдийг нэн тэргүүнд дэмжин, амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Тухайлбал, 2019 онд “Энержи Ресурс” компани Эрүүл үрс- Гэрэлт ирээдүй ТББ-тай хамтран говийн бүсийн эмнэлгүүдийг нярайн тоног төхөөрөмжөөр хангахад 370  сая төгрөг, “Монголын Улаан Загалмай” нийгэмлэгийн “Бяцхан зүрх” төсөлд 920 сая төгрөг, “Лантуун дохио” ТББ-ийн Ид шидийн орон төсөлд 740 сая төгрөг тус тус хандивласан юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.102.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.