Н.Төгсцогт: Г.Рассел хурдтай. Бусдаар бол надаас илүү юм байгаагүй ээ
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-02-11

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аваргын төлөөх тулаанд Г.Расселтай 12 үе тулалдаад ялагдсан. IBO холбооны аварга, “King Tug” хочит тэрбээр мэргэжлийн дэвжээнд анх удаа дийлдэн, ялалт, ялагдлын харьцаа нь 11:1 болсон юм.

Харин Г.Рассел WBC холбооны аварга цолоо 2015 оноос хойш тав дахиа хамгаалав. Тэрбээр тулааны дараа “Чи удахгүй аварга болно. Би тэрийг мэдэрч байна” гэж Н.Төгсцогтод амжилт хүсчээ. Эл тулааны дараа fighthype.com сайт Н.Төгсцогтоос ярилцлага авсныг хүргэе.

Тоглолтоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Ялахын төлөө хичээсэн ч санаснаар болсонгүй. Арай тайван тоглочих шиг боллоо. Би муу тоглосон. Г.Рассель шилдэг аварга. Түүнийг хүндэлж байна.

Хоёр онооны зөрүүгээр ялагдлаа. Шүүгчийн шийдвэрийн талаар ямар бодолтой байна вэ?

-Ер нь Расселыг ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Шүүгчийн шийдвэртэй санал нийлнэ ээ.

-5, 6, 7 дугаар үед илүү сайн тулалдсан. Тэр хэмнэлээ яагаад дуустал нь хадгалж, илүүрхэж чадсангүй вэ?

-Тоглолтын хэмнэлээ алдчихлаа. Г.Рассел сулраад байсан болохоор тайвширсан нь миний алдаа.

Та 11, Г.Рассел 31 тулалдсан байсан. Г.Рассел аварга цолоо дөрвөн ч удаа хамгаалаад байсан. Туршлага хэр их нөлөөлөв?

-Их нөлөөлсөн. Би 2019 оны нэгдүгээр сард IBO холбооны аварга болсон. Түүнээс хойш 13 сар тулалдаагүй байсан юм. Тулааны мэдрэмжээ алдчихаж. Эдгээр хүчин зүйл энэ тоглолтод их нөлөөлсөн.

Хэрвээ энэ хугацаанд дунд нь ганц болтугай тоглосон байсан бол ялах байсан уу?

-Болох л байсан байх.

Гэри Расселын тоглолтын талаар юу хэлэх вэ?

-Хурдтай. Бусдаар бол надаас илүү юм байгаагүй ээ.

Тэгэхээр энэ тоглолтод хурд нөлөөлсөн гэсэн үг үү?

-Г.Расселаас бус би өөрөөсөө болж ялагдсан. Хэтэрхий тайван тоглочихлоо. Цохилт гаргаж, хэмнэлээ мэдэрч чадсангүй.

Эхний үеүдэд хөнгөхөн аргалж байгаад сүүлийн үеүдэд тантай тулалдсан. Тэр нь танд гэнэтийн байсан уу?

-Үгүй ээ. Ерөөсөө тэгж санагдаагүй.

Г.Рассел тантай дахиж тулалдахгүй гэвэл яах вэ?

-Зүгээр ээ. Угаасаа тэр надтай тоглохгүй байх.

Хэрвээ жингээ сольвол яах вэ?

-Түүний аль жинд тоглох надад хамаагүй.

Өнөөдөр монголчууд олноороо таныг ирж дэмжлээ.

-Намайг үргэлж дэмждэг монгол түмэндээ баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.19.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.