Хонгконг, Вьетнамаар аялаж байгаад ирсэн иргэнийг ТУСГААРЛАН шинжилж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-11

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн тархалтын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол байхгүй. Харин сэжигтэй хоёр тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ аваад байгаа юм байна. Тодруулбал, нэг нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Шилийн гол аймгаас Эрээнээр дамжиж, нэгдүгээр сарын 30-нд гэртээ ирсэн. Өчигдөр өдрөөс эхлэн халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байдалтай байгаа юм байна. Тус иргэний шинжилгээ өнөөдөр өдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд хариу нь удахгүй гарах юм байна. 

Хоёр дахь тохиолдол нь арванхоёрдугаар сард эх орноосоо гарч Хонконг, Вьетнам зэрэг орноор аяллаж байгаад өчигдөр орой Улаанбаатар хотод ирсэн 29 настай иргэнд халуурах, бие арзайх шинж тэмдэг илэрсэн учраас Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлажээ.  Түүнчлэн, Монголын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомттой хиллэдэг, 120 км-ийн зайтай Хятадын боомтод коронавирусийн халдвар авсан хоёр тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Уг хоёр тохиолдол нь албан ёсоор лабораториор батлагджээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сануулж байна.

Мөн өчигдөр Эрээн хот онцгой байдлын нэгдүгээр зэргийн дэглэмд шилжжээ. Тус хотод олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй, хилээр гарах, орох авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байгаа юм байна. Монгол Улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог, хил залгаа оршдог Өвөр Монгол, Хөх хот, Эрээнд коронавурисийн халдвар эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа учраас иргэдийг өвчлөлтэй орнуудад зорчихгүй, хувийн эрүүл ахуйн байдлаа сайтар хангаж, сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.102.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.