Гашуунсухайт боомтод КОРОНАВИРУСИЙН сэжигтэй 12 тохилдол бүртгэгджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-12

Эрүүл мэндийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хил хамгаалах байгууллагынхан өнөөдөр хамтран коронавирусын халдвар, хамгааллын олон улсын болон Монголын нөхцөл байдал, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээс хилийн боомтууд дээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-нийх хүртэлх хугацаанд коронавирусын 86 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тэдгээр иргэдийн 66 нь Буянт-Ухаа, тав нь Замын-Үүд, гурав нь Хавиргын боомтоор Монголын хилээр орж иржээ. 

Түүнчлэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-нд Гашуунсухайт боомт дээр 12 сэжигтэй тохиолдлыг бүртгэж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан байна. Өмнөговь аймгийн Ханбогд суман дах Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод буюу Гашуунсухайтаас 120 километрийн зайтай нутаг дэвсгэрт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар өмнө бид мэдээлсэн билээ. 

Ханбогд, Гурвантэс суманд өндөржүүлсэн байдал зарлалаа

Өмнөговь аймгийн Ханбогд суман дах Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод буюу Гашуунсухайтаас 120 километрийн зайтай нутаг дэвсгэрт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс суманд хоёрдугаар сарын 9-нд буюу өнгөрсөн ням гаригт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байгаа. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл энэ тухайд өчигдөр "Өмнөговь аймгийн Гашуун сухайттай  хиллэдэг “Халиут” гэдэг газар буюу Гашуун сухайтаас 120 километрийн цаана шинэ коронавирусын хоёр тохиолдол оношлогдож, лабораториор баталгаажсан. Тус газарт бид эмнэлгийн бэлэн байдал ханган ажиллаж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн билээ. 

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.99.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.