Хөрөнгийн бирж MIT системийн ашиглалтын зардлын улмаас 1.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ
Үйл явдал
/
2020-02-12

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК 2019 оны санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, цахим хуудсандаа нийтэлжээ. Тайлант хугацаанд дараах голлох үр дүнд хүрсэн байна: 

  • Тайлант хугацаанд МХБ ТӨХК хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц болох MIT системийн ашиглалт, элэгдэл хорогдлын зардлыг системийг ашиглагч дэд бүтцийн байгууллагуудтай хувааж, хариуцах талаар холбогдох ажлыг эхлүүлсэн. Гэвч тодорхой шийдэлд хүрч чадаагүй тул өнгөрсөн оны адил MIT системийн ашиглалттай холбоотой бүх зардлыг  дангаар хариуцаж, 1.2 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайландаа хүлээн зөвшөөрсөн нь алдагдалтай ажиллахад хүргэжээ. Тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 
  • 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 251 удаагийн арилжаагаар 132 компанийн 450.3 сая ширхэг хувьцааг 133.5 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 97.4 мянган ширхэг үнэт цаасыг 9.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 143.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
  • “Түмэн шувуут” ХК, “Ард кредит ББСБ” ХК, “Монос хүнс” ХК, “Инвескор ББСБ” ХК-иуд  МХБ-ийн  анхдагч зах зээлийн арилжаагаар нийт  42.4 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн нь анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.5 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. 
  • Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.27%-иар өсч, 2.69 их наяд төгрөгт хүрлээ. 
  • "Монгол хувьцаа ҮЦК" ХХК, "Домикс ҮЦК" ХХК-ийг МХБ-ийн гишүүнээр элсүүлэв.
  • Мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг боловсруулж батлав. 
  • Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" арга хэмжээг Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ зэрэг нийт 12 аймгийн төв болон 30 сумдад амжилттай зохион байгуулж нийт 15,000 гаруй иргэдийг хамруулав. 
  • Бүртгэлтэй компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, арилжаа нь зогссон, компанийн өөрийн хүсэлт зэрэг шалтгаанаар нийт  23 компанийг бүртгэлээс хасав. 
  • Улсын төсөвт нийт 458.6 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн нь өмнөх оны мөн үеэс  26.5%-аар өссөн үзүүлэлт болсон байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.