Б.Ганхуяг: Коронавирусээс шалтгаалан НҮҮРСНИЙ ЭКСПОРТ зогслоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-13

Засгийн газрын хуралдаанаар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргалаа. Уг хуралдааны дараа Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнгөрсөн долоо хоногоос эхлэн нүүрсний тээврийг зогсоосонтой холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Онцгой байдлын комиссоос шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Ямар ч оны арванхоёр, нэгдүгээр сард нүүрсний экспорт багасдаг. Өмнөх оны төлөвлөгөөний гүйцэтгэлүүдээ хараад БНХАУ-ын тал дараа жил авах нүүрснийхээ хэмжээг тогтоодог. Тэр нь нэг сар гаруй хугацааг хамардаг. Хоёрдугаар сарын дунд үеэс нүүрсний экспорт нэмэгддэг. Тиймээс одоо уг нь нэмэгддэг үе нь ирчхээд байна. Энэ жил коронавирустэй холбоотойгоор хилийн хориг тавьчихлаа. Хориг тавих нь зөв.

Хоёрдугаар сарын 15-наас хойш нүүрсний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг бид авч эхэлнэ. Богинын тээвэр зогсвол экспорт зогсчихно. Тэгэхээр цагаан хадны овоолготой холбоотойгоор орлого багасна гэсэн үг.  

Өнөөдрийн байдлаар бид 1.1 сая тонн нүүрсийг экспортолсон. Орлогын төлөвлөгөө 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа. Гуравдугаар сарын 02-ноос хойш энэ чигээрээ байдал үргэлжилбэл мэдээж сөргөөр нөлөөлнө. Тэр тусмаа яг IPO гаргах гэж байгаа энэ цаг үед ийм хүндрэлтэй нөхцөл байдал тохиолоо. Манай компани 540 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч биелэлт 80 орчим хувьтай байна. Яг одоогоор эрсдэлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Худалдан авагч талтайгаа сайн тохиролцсон тохиолдолд үргэлжлүүлээд байх боломжтой. БНХАУ-д хөл хорио тогтоосонтойгоор “Цагаан хад”-наас цааших тээвэрлэлт зогсож байгаа юм билээ. Нүүрсний үнэ унах чиг хандлагатай байгаа учраас урт хугацааны худалдан авагчтай яриа хэлцэл хийх сонирхолтой байгаа. БНХАУ-тай эрсдэлээ хамтарч үүрэх чиглэлээр ярилцаж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.13.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.