М.Энххишиг: Бизнес эрхлэгчид хөл дээрээ босох гэж мөлхөж байсан бол одоо алхах хэмжээнд хүрлээ
Ярилцлага
/
2020-02-14

Хэвлэлийн салбарт бизнес эхлүүлэх санаа хэрхэн төрсөн бэ?

Энэ салбарт хөл тавьсан түүх их сонин. Нөхөр маань Эрдэнэт үйлдвэрийн Тооцоолон бодох цехэд электроникийн инженер, би Монгол-Швейцарын хамтарсан Ган бөмбөлгийн үйлдвэрт ажилладаг байлаа. Интернет буюу цахим орчныг тийм ч түгээмэл бус ашигладаг байх үед нөхөр маань интернетээр фотошоп программыг судалж, бие даан сурсан. 2002 онд шинэ бизнесээ эхлүүлж байлаа. Компьютер, принтер худалдан авч, Үйлчилгээний төвийн нэг давхарт цээж зураг авах, угаах үйлчилгээ үзүүлснээр бидний ажил эхэлсэн. Нэг эргэсэн хүрд зогсолтгүй эргэдэг юм байна. Залуучуудын сэтгэлгээ энэ салбарт маш их үгүйлэгддэг учраас том хүүгээ энэ чиглэлд сургаж, хөгжүүлэх сонирхол их байна. Хүү маань ШУТИС-ийг мебель, модон эдлэлийн дизайнер мэргэжлээр дүүргэсэн. Одоо компанидаа дизайнераар ажиллаж, маркетингаа хийж, шинэлэг санаагаа хэрэгжүүлж яваад баярладаг.  

Үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад танай байгууллагын өнгө төрхийг тодорхойлдог гол зүйл юу вэ?

Аливаа байгууллагын баялаг нь хүний нөөц байдаг. Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахын зэрэгцээ ажиллагсдынхаа ар гэртэй хамтарч ажиллахыг чухалчилсаар ирсэн. Ажилчдаа дэмжих, тэдний авьяасыг олж харах, нээн илрүүлэх, хөгжүүлэх талаас нь илүүтэй анхаардаг. Манайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа ажилтан бий. Анх зарын дагуу худалдагчаар ажилд орж байсан бол өнөөдөр ахлах дизайнераар ажиллаж, дунд түвшний удирдах шатанд хүрсэн. Ер нь ажиллагсдадаа компаниараа бахархах сэдэл төрүүлнэ гэдэг удирдлагын хувьд маш том үүрэг хариуцлага. Өнгөрсөн хугацаанд хүний нөөцийн бодлогоо тогтвортой барьж ажилласан нь бидний ялгарах тал болов уу гэж хардаг.

Танай байгууллагын үнэ цэнийг тодорхойлсон харилцагчдынхаа талаар юу хэлэх вэ?

Хамтын ажиллагааг урт хугацаанд хадгалах нь байнгын харилцагчийг бий болгохоос гадна тухайн байгууллага тогтвортой оршин тогтнох, өсөн дэвжих гол хөшүүрэг гэж хэлж болно. 2005 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхэлснийг тодхон санаж байна. Тухайн үед Баяжуулах фабрикийн эдийн засагч н.Сувдаа, мэргэжилтэн Л.Дэлгэрмаа, Л.Уранцэцэг, Л.Батгэрэл нар Эрдэнэт хотын хэмжээнд хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад судалгаа хийсэн юм. Судалгааны дүнгээр манай компани шалгаруулалтад тэнцэж, бүтээмжийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эдүгээ 15 дахь жилдээ Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэлийг каластр системээр дэмжин ажиллаж, хөгжүүлсний үр нөлөөгөөр гэгээлэг өнгө төрхтэй хаяг, реклам, хүндэт самбарууд хийгдэх болсон. Хэвлэлийн компаниудын өрсөлдөөний дүнд бусдаас шинэлэг байх, техник технологийн дэвшилттэй байх, ажилтнууд нь оюунлаг байх зэрэг олон эерэг үр дүн гарсныг хэлэх нь зөв байх. Дэлхий хавтгайрч байгаа өнөө үед шинэчлэлээс хоцрох ёсгүй л гэж боддог. Тиймдээ ч их хотын соёлоос дутахгүй үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Ажилчид, удирдлага нь нэг зүг рүү харж чадсан учраас манай компанийн үйл ажиллагаа тогтвортой, байнгын харилцагчтай болсон гэж хардаг.

Биднийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн, компанийн засаглал руу орох хэмжээнд хүртэл явахад Эрдэнэт үйлдвэрийн оруулсан гавьяа их бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, гэрээгээр хамтран ажилласнаар бид хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн. Нэг ажилтны ард хоёроос зургаан ам бүл байгаа гэж бодоход 100 гаруй хүний амьдралд дэмнээ болж байгаа гэж ойлгож болно. Өнөөдөр хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээгээр Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд, Захиргааны нэгдүгээр байрны гадна талбайд байрлуулсан Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа, эрхэм зорилго бүхий хүндэт самбар болон үйлдвэрийн аваргуудын хүндэт самбарыг тус тус урласан. Орон нутагтаа албан татвар төлж, нийгмийн даатгалын санд шимтгэл төвлөрүүлж байгаа нь бидний үүрэг. Зах зээлийн нийгэм рүү шилжсэн манай орны бизнес эрхлэгчид хөл дээрээ босох гэж мөлхөж байсан бол одоо алхах хэмжээнд хүрчихлээ.

 

“Өнгөлөг амьдарцгаая” гэсэн уриа үг юуг илэрхийлдэг вэ?

Манайхан өдөр тутмын үйл ажиллагаандаа “Өнгөлөг амьдарцгаая” уриаг мөрдлөг болгон ажилладаг. 2006 онд хамт олноороо ярилцаж, энэ уриа үгийг сонгож байсан. Нэгдүгээрт, бид хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул хийж байгаа бүтээгдэхүүнээ тод өнгөтэй байгаасай, хоёрдугаарт хийж гүйцэтгэж байгаа ажилтнуудаа өнгөлөг байгаасай, гуравдугаарт хэрэглэгчийн зүгээс ч дизайны төгс шийдэл бүхий гоё бүтээл гар дээрээ авах сонирхол нь давамгайлдаг тул аль аль талаас нь бодож энэ уриаг санал нэг баталсан.

   

Үйлчилгээний нэр төрлийн тухайд?

Манайх самбар, хаяг, офсет хэвлэл, өргөн форматын хэвлэл, бэлэг дурсгал зэрэг 9 чиглэлээр 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, орон нутгийн хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлж байна. Хэвлэлийн салбар нэг гаргасан бүтээгдэхүүнээ олон дахин олшруулах боломжгүй байдгаараа онцлогтой. Учир нь, тухайн үйлчлүүлэгчийн захиалгын дагуу, хүсэл сонирхолд нь нийцэх шинэ бүтээлийг сэтгэх, бодох, урлах шаардлагатай болдог. Тэр хэрээр дизайнер ур ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулдаг. 

Бид үйлчилгээний нэр төрлөө нэмэх зорилгоор энэ жилээс модон хийц урлах ажилд орсон. Үндэсний баяр цагаан сарыг тохиолдуулан уламжлалт наадгайн нэг төрөл болох хорол тоглоомыг үйлдвэрлэж, худалдаанд гаргалаа. Таниулах тодорхой хугацаа шаардлагатай гэж харж байна. Ямартаа ч үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж, хойч үедээ таниулахад бид чадах бүхнээ хийх болно. Одоогоор модон бэлдцээ Улаанбаатар хотоос татаж, өөрийн байранд тоглоомоо үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийн шат дамжлага өдөр тутам хийгдэж байгаа ч гар ажиллагаа ихтэй, нэг тоглоомыг бэлэн болгоход тал бүрийг нь зүлгүүрдэж, 3 давхарлан лакдах зэргээр 1008 удаагийн ажиллагаа ордог тул олон тоогоор гарах боломжгүй байна. Одоогоор 100 орчим тоглоом худалдаанд гаргасан.  Хорол тоглоом нь хүн хоорондын амьд харилцаа үүсгэсэн, сэтгэх чадварыг хөгжүүлсэн, биесээ хүндэлсэн агуулгын хувьд баялаг уламжлалтай.

   

Бизнесийг өргөжүүлэхэд санхүүгийн сахилга бат чухал болох нь харагддаг. Таны хувьд энэ тал дээр баримталдаг зарчим?

Санхүүгийн сахилга бат чухал байлгүй яахав. Манайх байгууллагын соёлдоо нэвтрүүлсэн нэг онцлог зүйл нь цаг баримтлах хувийн соёл байдаг. Анх байгуулагдахдаа нэг минут хоцрохгүйгээр ажилдаа ирнэ гэсэн соёлыг тогтоож, түүнийгээ хэвшүүлсэн. Өнөөдөр энэ зарчмаараа л яваа. Шинэ ажилтанд ч энэ шаардлагаа тавьдаг. Нэг минутаар хоцорч ажилдаа ирэх, нэг минутаар түрүүлж ажлаас гарах гэсэн ойлголт манайханд байхгүй. Харин хүний нөөцийн дараа тавигдах гол хөрөнгө оруулалт нь мэдээж техник технологийн шинэчлэлтийн асуудал орно. Цаг үеэ даган бид илүү боловсронгуй болох ёстой. Санхүүгийн сахилга бат сайн байснаар өнөөдөрт хүрсэн гэж боддог. 2002 оноос эхлэн ашгаасаа үйл ажиллагаагаа өргөжүүлж,  нэг компьютерээ олон төрлийн машинаар нэмсэн дээ.

 

 Орон нутагт мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ хэр байна вэ?

Анх хүмүүсээ тодорхой хэмжээнд сургаж ажиллуулдаг байсан бол сүүлийн үед мэргэжлийн залуу боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэх болсон. Манайх орон тооны 18 ажилтантайгаас дийлэнх хувийг нь залуучууд эзэлж байна. 2002 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тогтвортой ажилласан 6 хүн бий. Бусад нь 5-8 жил ажиллаж байна.

2020 онд хийхээр төлөвлөсөн хамгийн том ажил юу вэ?

Бид одоогийн байрандаа 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан гэж бодохоор чамгүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн 7 жилийн турш өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болохыг мөрөөдөж, барилгаа барьж эхэлсэн. Тухайн жилийн ашгаасаа тодорхой хуримтлал үүсгэх замаар уг барилгын ажлаа бага багаар явуулсан. Энэ жил дуусгана гэсэн зорилт тавьсан. Ажлын байртай болсноор ажиллах орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх боломж бүрдэх юм. Тэгэхээр энэ онд өргөн хэвлэлийн машинаа илүү шинэ технологи руу шилжүүлж, ирэх 3 жилд төмөр хийц рүү орох бодолтой байна. Төмрийг лазераар зүсэж, томоохон төмөр хийц гаргахаар төлөвлөсөн.

Алсдаа эрдэнэс шигтгэсэн, үнэ цэнтэй хорол тоглоом бүтээхийг зорьж байна. Үнэ цэнэ агуулсан бүтээл худалдаанд гарахын хэрээр манай орлого ч өсөн нэмэгдэнэ. Тэр үед компаниа хувьчилж, ажиллагсдадаа хувь эзэмших эрх олгох бодолтой явна. Тэр хүн зөвхөн цалингаа аваад ажил хийх нь сонин биш. Харин амьдралынхаа нэгэн үеийг хамтдаа үдэж, бие, сэтгэл зүрхээ энэ компанийн хөгжилд зориулсан тэдгээр хүмүүс яагаад хувь эзэмшиж, өөрийн өмчийн компанитай болж болохгүй вэ гэсэн бодолтой явдаг. Санаж явбал бүтнэ гэдэг дээ. Бид бүтээхийн төлөө ажиллах болно.

 

Сүүлийн асуултыг танд үлдээе?

Бидэнд итгэж, өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж ирсэн үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлье. Бизнесийн хөгжлийн замаар хамтдаа урагшилж, эх орныхоо, Эрдэнэт хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаадаа бид үргэлж баяртай байх болно.

И.Чинтогтох

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.66.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.