С.Чинзориг: Би сайд болсноосоо хойш "Капитал" банкинд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй
Үйл явдал
/
2020-02-15

ЕТГ-ын дарга асан З.Энхболд ажлаа өгөхөөр мэдэгдэх үеэрээ "Капитал" банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хурдан татаж аваагүй нь С.Чинзориг сайдын алдаа хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ХНХ-ын сайд С.Чинзориг энэ талаар тайлбар хийлээ.

-ЕТГ-ын дарга асан З.Энхболд мэдээлэл хийхдээ таныг "Капитал" банкны байдал хүндэрснийг мэдсээр байж Нийгмийн даатгалын сангийн мөнгийг татаж аваагүй гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би хэд хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа тэр мэдээллийг харсан. 2008-2012 онд Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байрлуулсны хүүгээр орлогоор 47-хон тэрбум төгрөг олж байсан. 2012-2016 онд 260-аад тэрбум төгрөгийн орлого олдог болсон. Орлого ингэтлээ өссөн байхад тэр үеийн удирдлагуудыг буруутгалаа гэсэн юм ярьсан. 2008 оны үед арилжааны банкуудад мөнгө байршуулах нь эрсдэлтэй гэж үздэг байсан. Нийгмийн даатгалын сан хүүгийн орлого олно гэхээсээ өмнө эрсдэлгүй байх нь чухал.

47 тэрбум байсан хүүгийн орлого 260 болж нэмэгдсэн гэдэг нь тийм ч сайхан юм биш. Нийгмийн даатгалын сангийн мөнгөнөөс арилжааны банкуудад байршуулах мөнгө нь 6 дахин өссөнөөс л болсон хэрэг. Хоёрдугаарт, "Капитал" банкны байдал хэцүүдэж байгааг мэдсээр байж С.Чинзориг Нийгмийн даатгалын сангийн мөнгийг татаж аваагүй гэдэг асуудлыг яриад байгаа. Намайг ХНХ-ын сайдаар томилогдож ирэхэд, арилжааны банкуудад нийтдээ 570-аад тэрбум төгрөг байршсан байсан. Үүний 31 хувь буюу 238 тэрбум төгрөг нь "Капитал" банкинд байсан. Нийгмийн даатгалын сангийн тодорхой журмуудыг зөрчөөд, жижиг банкинд нийт мөнгөний 31 хувийг байршуулсан байсан нь эрсдэлд орох үндсэн нөхцөл болсон.

З.Энхболд дарга С.Чинзориг сайд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүнээс бол Нийгмийн даатгалын сан эрсдэлд орсон гэж ч ярьсан. Тийм гэрээ байх нь байгаа. Гэрээг биелүүлэх нөхцөлгүй болсон тохиолдолд үл маргах журмаар хөрөнгөө буцааж авна гэсэн заалт бий. Гэрээний зүйл, заалтаа дагаж мөрдөхийг Нийгмийн даатгалын сангаас "Капитал" банкинд удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч "Капитал" банк гэрээний заалтаа биелүүлээгүй. Монголбанкинд ч гэсэн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг үл маргах журмаар "Капитал" банкны хөрөнгөнөөс барагдуулж өгөөч гэдэг хүсэлтийг НДЕГ-аас хүргүүлж байсан. Гэвч Монголбанк "Бидэнд энэ асуудалд оролцох эрх байхгүй" гэдэг хариуг өгч байсан юм билээ. Яагаад гэвэл гэрээг Монголбанктай хамааралгүйгээр хийсэн. Гэрээндээ ямар зүйл болбол үл маргах журмаар НДЕГ-ын мөнгийг гаргаж өгнө гэж заасан ч зөвхөн хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээ. Тиймээс Монголбанкинд оролцох хуулийн зохицуулалт байхгүй гэсэн. Ингээд л өнөөдрийг хүрч байна.

 

-Таныг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг "Капитал" банкинд байршуулсан гээд байсан даа?

-Тийм мэдээлэл гарсан. Намайг 2017 оны аравдугаар сард ХНХ-ын сайдаар томилогдож очиход, "Капитал" банктай холбоотой гэрээ нь дуусчихсан. 70 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдлийг "Капитал" банкны харилцах дансанд барьж байсан. Тус банкны байдал нэлээд хүндэрч байгаа учраас гэрээг сунгахгүй гэсэн байр суурьтайгаар 2018 оны тавдугаар сар хүртэл явсан.

Гэтэл Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Капитал" банкны харилцах дансанд их хэмжээний мөнгө байгаа. Нийгмийн даатгалын сан мөнгөө авч чадахгүй байгаа бол ядаж хүүгийн орлого олох үүднээс мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах арга хэмжээ ав гэсэн чиглэлийг өгсөн. Тиймээс 70 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж болгож, гэрээ байгуулсан. Түүнээс биш шинээр мөнгө байршуулсан асуудал огт байхгүй.

 

-"Капитал" банкнаас хохирлоо барагдуулах, мөнгөө олж авах ажлыг хийж байгаа биз дээ?

-"Капитал" банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийг иргэдийн хадгаламжтай адилхан хэмжээнд авах ёстой гэж үзэж, НДЕГ-аас шүүхэд хандсан. Харин "Капитал" банкны эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгийг төрийн мөнгөтэй адилтгаж үзнэ гээд төлбөр барагдуулах дарааллыг хойгуур тогтоочихоод байгаа юм. Бид бол иргэдийн мөнгөн хадгаламжтай адилтгаж авч үз гэсэн байр сууринаас хандсан. Эхлээд байршуулахдаа ч мөнгөн хадгаламж хэлбэрээр хадгалуулсан. Хэрвээ шүүхийн шийдвэр манай талд гарвал төлбөр төлөх дараалал урагшлах боломж бүрдэнэ. Захиргааны шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна.

 

-Цагаан сараас өмнө ахмадуудад тэтгэврийн зээл авах боломж бүрдэх үү. Хүү нь хэд байх бол?

-Хүүг би урьдчилж хэлэх боломжгүй. Энэ чинь арилжааны банкны бүтээгдэхүүн учраас Засгийн газар оролцох эрхгүй. Өмнө нь бид Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бага хувийн хүүтэй байршуулаад, буцаагаад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авч байсан. Энэ аргыг үргэлжлүүлэн хэрэглэх үү. Эсвэл арилжааны банкууд өөрсдийнхөө журмаар зээлийн бүтээгдэхүүнээ гаргах уу гэдгийг ирэх долоо хоногийн даваа гарагаас шийднэ. Мөн зээл олгох асуудлыг ч бид арилжааны банкуудтай ярилцаж, шийдэх гэж байгаа.

 

Эх сурвалж:  zaluucom.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.78.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.