ХААХОУС малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-13

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС)-гийн Удирдах зөвлөлийн 43 дугаар хуралдаан энэ сарын 11-12 нд Ром хотноо зохион байгуулагдлаа.

Уг хуралдаанд Монгол Улсаас ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

ХААХОУС нь 177 гишүүн оронтой ба манай улс тус байгууллагийн нэг гишүүн бөгөөд тус сан нь Монгол Улсыг зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлэн хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбарт тогтвортой дэмжлэг тусламж үзүүлж, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар нягт хамтран ажиллаж байгаа юм.

ХААХОУС нь манай улстай одоогоор "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа ба энэхүү төсөл нь 2018-2021 онд хэрэгжинэ.

Тус сангийн гол зорилго нь хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах явдал бөгөөд тус байгууллагийн олон гишүүн улс орнууд хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн сайн төсөлүүдийн ачаар багагүй амжилтанд хүрч тэдний өмнө тулгарсан олон асуудалуудаа шийдэхэд нь томоохон түлхэц болсон байна.

ХААХОУС-гийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох үеэрээ тус сангийн ерөнхийлөгч Гилберт Фосоун Унгбо, “Бид Тогтвортой хөгжлийн зорилт-2030 ийн хүрээнд дэлхий даяар өлсгөлөнг зогсоохын тулд ирэх 10 жил 30 тэр бум ам. долларын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай.” гэдгийг цохон тэмдэглэв.

Мөн ХААХОУС 2030 он гэхэд дэлхий нийтэд 260 сая хөдөөгийн иргэдийн орлогийг хамгийн багадаа 20 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. НҮБ-ийн тайланд одоогоор дэлхий даяар 820 сая гаруй хүн өлсөглөнд нэрвэгдээд байгаа ба 736 сая хүн туйлын өлсгөлөнд автсан бөгөөд баян ядуугийн ялгаа асар их болж буй талаар дурьдсан байна.

ХААХОУС-ын төсөл нь манай улсын 6 аймгийн 20 гаран суманд хэрэгжиж байгаа ба төсөлийн гол зорилгын нэг нь малчидын орлогыг нэмэгдүүлэх юм. Төслийн нийт төсөв 11,4 сая ам доллар ба үүнээс 2.3 сая ам.доллар нь МУ-ын Засгийн газариас, 9.06 сая ам доллар нь ХААХОУС-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж байгаа юм.

Архангай аймгийн Эрдэнэбулган, Хайрхан, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумд, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Төгрөг, Хархорин сумд, Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумд, Хэнтий аймгийн Хэрлэн, Батширээт, Норовлин, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумд, Дорнод аймгийн Хэрлэн, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сумдад уг төсөл хэрэгжиж байгаа юм.

Уг төсөл нь Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол мал хөтөлбөр”, “Хоршоог хөгжүүлэх хөтөлбөр”-тэй нийцүүлэн төсөл хэрэгжиж буй аймгуудын малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж ядуурлыг бууруулах зорилтын дор хэрэгжиж байна.

ХААХОУС нь өмнө манай улсад тус сангийн хөнгөлттэй зээл болон Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай аймгийн сонгогдсон нийт 89 суманд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөлийг хэрэгжүүлжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.22.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.