​Б.Оюунчимэг: Тусгай цэцэрлэгт 27 жил ажиллахдаа шантарч байсан удаагүй, тэтгэвэрт гартлаа ажиллана
Ярилцлага
/
2020-03-05

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт 27 жилийн турш ажиллаж байгаа Б.Оюунчимэг багштай ярилцлаа.Тэрээр хүүхдүүдийн сурах эрмэлзлийг нь өдөөж өгөх юм бол тус маш том амжилтад хүрч чадах, боломжтой, чадвартай гэдгийг онцолж байсан юм.

 

-Сайн байна уу. Таныг 10 дугаар цэцэрлэгт ажилд орж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдүүдтэй хамтдаа суралцдаг байсан гэсэн. Ер нь эдгээр хүүхдүүд өөртэйгөө адил хүүхдүүдийн дунд тусгайлан боловсрол эзэмших нь үр дүнтэй байдаг уу. Бусад хүүхдүүдтэй хамт суралцах хоёрын аль нь илүү чухал мэт санагддаг вэ?

-Тухайн үед манай ангид хөдөлгөөний бэрхшээлтэй дөрвөн хүүхэд байдаг байсан. Тэр үед би тэдгээр хүүхдүүдтэй хэрхэн ажиллахаа мэдэхгүй, сэтгэл санааны бэлтгэлгүй орсны улмаас хүүхдүүддээ тэгш, зөв боловсрол олгож чадахгүй байх вий гэдгээс эмээж байлаа. Гэхдээ олон зүйл уншиж, судалж туршлага хуримтлуулаад ирэхээр миний тусламж тэдгээр хүүхдүүдэд зайлшгүй хэрэгтэй болохыг ойлгосон. Хүүхдүүд хүний хайрыг татаж, өөртөө дасгадаг учраас сурч, хөгжих эрмэлзэлтэй байгаа хүүхдүүдээ харж баяссаар олон жил болсон байна. Хүүхдүүд маань энгийн хүүхдүүдтэй хамт суралцах юм бол тэднээс дутахгүйн тулд илүү их сурах эрмэлзэлтэй болдог. Харин бусад хүүхдүүд бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалж, нийгэмд ийм хүүхдүүд байдаг шүү гэдгийг мэдэж, дасаж эхэлдэг нь тусламж шаардлагатай хүүхдүүд ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх орчин үүсэж байгааг харуулсан. Тэгэхээр хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдүүдийн адилаар энгийн цэцэрлэгт суралцах хэрэгтэй гэж боддог.

 

-Нийгмийн хандлага сайжирч байгаа гэх боловч одоог хүртэл тархины саажилттай хүн гудамжаар алхаж өнгөрөхөд иргэд цэрвэж, холуур тойрч явах зэрэг үйлдэл гаргадаг л даа. Ер нь иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд бидэнтэй адилхан хүн шүү, тэднээс айх ёсгүй ээ гэдгийг яаж ойлгуулах ёстой юм бол?

-Энэ бол эмзэг сэдэв л дээ. Манай цэцэрлэгийн сурагчдын эцэг, эхчүүд хэлэхдээ хүүхдээ автобусаар авчрахаар хүмүүс аймар хараад байх юм гэдэг. Тэгэхээр нь би тэр асуудал биш. Харин ч чи хүүхдээ автобусаар авчирч байна гэдэг нь хүүхдээ хүмүүсийн дунд нийгэмшүүлж байгаа хэлбэр гэж хэлдэг. Манай эцэг, эхчүүд, хүүхдүүд ч өөрийнхөө бэрхшээлийг бусдаас нуух шаардлага огт байхгүй. Нийгэмд амьдрах, хөгжих, ажиллах, боловсрол эзэмших эрх нь бэрхшээлтэй хүнд ч бүрэн олгогдсон учраас огт айж, эмээж болохгүй.


-Та нэг өдрийнхөө ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Манай цэцэрлэг даунтай, аутизмтай, тархины саажилттай хүүхдүүдийг хамруулдаг. Тэдгээр хүүхдүүд ихэвчлэн хэл яриа болоод хөдөлгөөний бэрхшээлтэй байдаг учраас хэл засал, сувиллын үйлчилгээг хөтөлбөртөө багтаасан байдаг юм. Нэг хүүхдийг долоо хоногт гурван удаа 45 минут хөдөлгөөн заслын эмчилгээнд хамруулдаг. Манай анги 2-3 настай 17 сурагчтай. Бид эхлээд өглөөний цуглаанаа хийнэ. Ингэхдээ юун түрүүнд тухайн өдрийн он сар, гаригийг хэлж, цаг агаар ямар байгааг хоорондоо ярилцана. Өнөөдөр хэн, хэн хөдөлгөөн засалд хамрагдах тухай хэлж, бие биенийхээ нэрийг таньж мэдэж байгаа эсэхийг хардаг. Өчигдөр ямар хичээл үзсэн, үзсэн хичээлийнхээ дагуу гэртээ хариад юу хийж туршив, харин өнөөдөр ямар хичээл үзэж, юу сурах тухай хэлж өгдөг. Тэгээд өглөөний дасгалыг хамтдаа хийнэ. Ингээд хүүхдүүдээ ээлж дараагаар нь эмчилгээний өрөөнд хүргэж өгч, авчирч, зайлшгүй тусламж шаардлагатай хүүхдэд хоолыг нь халбагадаж өгдөг. Энэ мэт байдлаар л өдөр өнгөрдөг дөө.

 

-17 сурагчид хүрэлцэх зориулалтын сандал төхөөрөмж байгаа юу?

-Байхгүй ээ. Манай ангид байгаа ихэнх сандлыг цэцэрлэгийн мужаан нар өөрсдийнхөө гараар хийсэн. Бусад нь тусламжаар ирсэн. Бид нар хүүхдүүдийнхээ хөдөлгөөний чадварыг харж байгаад аль сандалд дээр суулгавал зүгээр болохыг шийддэг. Манай цэцэрлэг эмч нартай учраас тэд нар маань орж ирж хүүхэд тус бүрт ямар хичээл орж, юу сургах ёстойг зааж, зөвлөдөг юм.


-Цэцэрлэгт хүүхдээ сургаж буй эцэг, эхчүүдийн хандлага ямар байдаг вэ. Хүүхдүүдээ цэцэрлэгээс гаргах тохиолдол байдаг уу?

-Ер нь тэдгээр хүүхдүүдийн эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох л цэцэрлэгт хамруулахыг эрмэлздэг. Улсдаа ганцхан байдаг манай цэцэрлэгийн ачаалал их учраас орж чадахгүй байгаа хүүхдүүд цөөнгүй л байгаа байх. Зарим хүүхдүүдийн эцэг, эхчүүд хүүхэд маань цэцэрлэгт явж чадахгүй байх, сурах болов уу гэж шантарсан, түгшсэн байдалтай ирдэг л дээ. Гэхдээ бид нар тухайн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийнх нь зэрэглэлийг тогтоогоод сар, жилээр төлөвлөгөө гарган ямар чадварт сургахаа тогтоодог. Эдгээр хүүхдүүд минь хөдөлгөөний бэрхшээлтэй л болохоос оюун ухаан нь эрүүл саруул учраас юм сурах, мэдэх эрмэлзэлтэй байдаг. Илүү их сурах гээд тэмүүлээд байна. Тиймээс үүнийг цэцэрлэг, сургуульд суралцсанаар илүү сайн мэдэж авна шүү дээ. Зүгээр л гэрт нь байлгаад байвал нийгэмшиж чадахгүй, нийгмээс айх айдастай болчихдог юм. Аль болох багаас нь л цэцэрлэгт сургах юм бол ирээдүйд бусад хүүхдүүдийн адилаар амжилтад хүрч чадна.

 

-Эцэг, эхчүүдэд хүүхдүүдтэйгээ ажиллах зөвлөгөө мэдээлэл, сургалт ордог уу?

-Хичээл дээр сурсан болгоныг нь гэрт нь зааж, байнгын сэргээж байх нь их чухал л даа. Хүүхдүүд маань дүрсээр аливаа зүйлийг сайн ойлгож тогтоодог. Жишээ нь жимсээр дамжуулж өнгө ялгуулж сургана. Алим ямар өнгөтэй байна, түүнтэй адилхан улаан өнгөтэй зүйлс ангид байгаа эсэхийг өөрсдөөр нь хэлүүлж сургана. Харин аав, ээжид нь өнөөдөр улаан өнгө үзсэн учраас тэр өнгийг сайн нүдлүүлээрэй. Маргааш ирэхдээ улаан өнгийн хувцас өмсөөрэй гэх мэтчилэн зөвлөдөг. Олон удаа сонсож, харж байж тогтоодог учраас эцэг, эхийн оролцоо чухал байдаг. Мөн хичээл дээр үзсэн зүйлээс гадна, гэртээ хүүхдийнхээ хөдөлгөөнийг сайжруулах дасгалыг эмчилгээний баг маань зааж өгдөг.

 

-Та сая хүүхдүүдийн амжилтын тухай дурдлаа. Эдгээр хүүхдүүд маань их сургуульд орж, Ерөнхий сайдаас шагнал авч байхыг харж байсан юм байна. Та багш хүний хувьд цэцэрлэгт сурч байсан сурагч тань өндөр боловсрол эзэмшин амжилттай явааг хараад хамгийн ихээр баярладаг болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Анх намайг энэ цэцэрлэгт ороод дааж авсан ангийн хүүхдүүд маань одоо 20 гаруй настай болсон байгаа. Тэдгээр хүүхдүүдээс их сургуулиа төгсөж, өөрийн хүссэн мэргэжлээ эзэмшиж, гадаад суралцаж, ажиллаж, амьдарч байгаа хүүхдүүд байдаг. Тэднийг хараад бахархахгүй байхын аргагүй. Миний тусламж тэдгээр хүүхдүүдэд үнэхээр чухал нөлөөтэй байсан учраас 27 жилийн турш ажиллахдаа нэг ч удаа шантарч үзээгүй ээ. Тийм ч учраас би тэтгэвэрт гарах хүртлээ тусламж шаардлагатай хүүхдүүдтэйгээ ажилласаар байх болно оо.

-Ярилцсанд баярлалаа.

 

itoim.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.131.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.