​Жиакомо Грасселли: Бидний алдааг битгий давтаарай, Итали бөмбөг дэлбэрсэн мэт аюултай нүүр туллаа
Ярилцлага
/
2020-03-13

Европ тивд шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн төв цэг болоод буй Италийн Ломбарди мужийн яаралтай тусламжийн тасгуудыг зохион байгуулж, эрүүл мэндийн алба хаагчдыг удирдан, чиглүүлж буй профессор Жиакомо Грасселлигийн ярилцлагыг хүргэж байна. Италийн Засгийн газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн тэрээр өнгөрөгч мягмар гаригт Их Британийн “Channel 4 News” телевизийн шууд эфирт холбогдон ярилцлага өгөх үеэрээ эх оронд нь үүссэн нөхцөл байдлын талаар маш дэлгэрэнгүй, ямар нэгэн цензургүй мэдээлэл өгсөн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

 

-Профессор Грасселли Ломбарди муж дахь нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?

-Нөхцөл байдал ноцтой байна. Ломбарди мужид биеийн байдал нь хүнд болон ноцтой хэмжээнд хүрсэн 600 гаруй хүн “Covid-19”-ийн халдвараар яаралтай тусламжийн тасгуудад хэвтэн эмчлүүлж байна. Бид улсын хэмжээнд нэгэн зэрэг 5055 өвчтөнийг тусгаарлах хүчин чадалтайгаар яаралтай тусламжийн тасгуудын бэлэн байдлыг хангасан. Итали улсад халдварын дэгдэлт эхэлснээс хойш бид нийтдээ 700 орчим өвчтөнийг эмчлээд байгаа. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад манай улсын эрүүл мэндийн тогтолцоо өнөөдөр итгэмээргүй их ачаалалтай болсон.

 

-Халдвар авсан хүмүүс насны хувьд ямар байна вэ. Хэдий насныхан илүү зонхилж байна вэ?

-Дундаж нас 65 байгаа. Өвчтөнүүдийн тал хувь нь 65-аас дээш, үлдсэн хэсэг нь 65-аас доош насны иргэд гэсэн үг. Сүүлийн 5-7 хоногийн хооронд залуус халдвар авах байдал огцом нэмэгдлээ. Жишээ нь, хоёр хоногийн өмнө маш хүндээр өвчилсөн 20 настай залуу тусгаарлагдсан.

 

-Хүүхдүүдийн тухайд?

-Одоогоор халдвар авсан 3-4 нярай байгаагаас бүгдийнх нь биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Хятадад “Covid-19”-өөр халдварласан хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй сайжирсан гэсэн мэдээ байгаа. Хятадад халдвар авсан хүүхдүүд тийм ч ноцтой өвдөөгүй бололтой гэж үзэж болохоор байгаа.

 

-Ийм асуулт асууж байгаадаа хүлцэл өчмөөр байна. Гэхдээ танд ийм дарамт байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр нь юу гэхээр эмчлэгдэх боломжтой өвчтөнүүдийг сонгон авах зайлшгүй шаардлага тулгарч байгаа байх. Шулуухан хэлбэл, арай амьдрах магадлалтай хүнд түрүүлж эмчилгээ хийнэ гэсэн үг шүү дээ. Учир нь нуулгүй хэлэхэд 80-аас дээш насны өвчтөнд эмчилгээ хийгээд ямар ч нэмэргүй байх магадлал маш өндөр гэж мэдээлж байгаа шүү дээ?

-Зүгээр дээ, би ойлгож байна. Зөвхөн одоо ч гэлтгүй яаралтай тусламжийн тасгуудад өдөр бүр л ийм асуудал тулгардаг. Яаралтай тусламжийн эмч нар байнга л ийм асуудалтай нүүр тулдаг. Яаралтай тусламжийн тасгийн эмч нарын дунд биеийн байдал нь хүнд болон ноцтой хэмжээнд байгаа өвчтөнүүдийг эрэмбэлэх гэдэг ойлголт бий. Өөрөөр хэлбэл эмч нарт үргэлж энэ өвчтөнд эмчилгээ хийснээр үнэхээр үр дүнтэй байх уу, эсвэл үргэлжлүүлэн эмчилгээ хийх шаардлагатай юу гэдэг маш хэцүү сонголтыг хийх шаардлага тулгарч байдаг. Бид шийдвэр гаргахаасаа өмнө өвчтөний нас, хүйс, биологийн нас, архаг, хууч өвчтэй эсэх, бусад халдварт өвчнөөр өвчилж байсан болон өмнөх өвчний түүхүүд, одоогийн биеийн байдал, амин үзүүлэлтүүд зэрэг бусад маш олон хүчин зүйлийг авч үзэж байж гаргадаг төвөгтэй зүйл. Ийм хүнд зүйлтэй үргэлж тулгардаг учир энэ бол эмч нарын хувьд асуудал биш.

Харин одоогийнх шиг ийм нөхцөл байдалд яаралтай тусламжийн тасгийн хангамж бүх өвчтөнүүдэд хүрэлцэх үү, үгүй юү гэдэг асуудал хүндээр тусдаг. Ийм үед эмч нар маш хатуу шийдвэр гаргахаас өөр аргагүй болдог. Гэхдээ би үүнийг өвчтөнүүдийг ялгаж, тэднээс сонголт хийж буй явдал гэж огт нэрлэхгүй. Үүнийг “Triage” буюу хүн ам олноороо нэрвэгдсэн тахлын дэгдэлтийн үед олон тооны өвчтөний эмчилгээний дарааллыг шийдэхийн тулд яаралтай байдлын зэрэг олгож буй явдал гэнэ. Үүнийг хийхийн тулд бид яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж буй өвчтөн бүрт эмчилгээ авч, биеийн байдал нь өвчнөө ялан дийлж чадах уу гэдгийг тодорхойлох шаардлагатай болдог. Үнэнийг хэлэхэд яаралтай тусламжийн тасагт ирсэн өвчтөн бүр эдгэдэггүй. Жишээ нь өндөр настай, архаг, хууч өвчтэй, биеийн байдал нь ноцтой хэмжээнд хүрсэн, “Covid-19”-ийн хувьд уушгины цочмог үрэвсэл үүссэн өвчтөнд амьсгалын аппарат залгаж, янз бүрийн арга хэмжээ авлаа ч амьд үлдэх магадлал тун бага байдаг. Ийм хэцүү шийдвэрийг бид өдөр бүр гаргадаг. Харин одоо үүнийг маш яаралтай шийдвэрлэж байх ёстой нөхцөл байдал дунд ажиллаж байна. Хэдий манай эмч нар маш олон өвчтөнтэй бага хугацаанд ажиллаж байгаа ч шаардлагатай бүх өвчтөнд эмчилгээ, асаргаа хийж байгаа.

 

-Их Британид өнөөдрийн байдлаар /2020-03-10/ халдвар авсан 377 тохиолдол, зургаан нас баралт бүртгэгдээд байна. Тиймээс бид ч гэсэн та нартай ижил арга хэмжээ авах ёстой гэж бодож байна уу?

-Үгүй ээ. Манай улсад үүссэн нөхцөл байдлыг Их Британи шиг дэгдэлт дөнгөж эхэлж байгаа оронтой харьцуулж болохгүй. Италийн нөхцөл байдал бол Уханьд гарсан дэгдэлттэй илүү ижил. Хубэй мужид халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоо асар өндөр байсан. Гэтэл тус мужаас бусад хил залгаа мужуудад тахлын жижиг голомтууд гарсан. Тэгэхээр Ломбарди мужид гарсан дэгдэлт бол яг л тэсрэх бөмбөг дэлбэлсэнтэй ижил үйл явдал. Ломбарди муж бол Хубэй мужтай адил шигүү суурьшсан, маш олон сая хүн амтай. Дээрээс нь эндэхийн иргэд Италийн бусад хотуудад өдөр бүр зорчоод зогсохгүй Европ тивийн бусад бүх оронтой тээврээр холбогдож, чөлөөтэй аялдаг. Тиймээс Италийн хөрш орнуудад хорт хавдар үсэрхийлдэг шиг жижиг хэмжээний голомтууд үүссэн. Хөрш орнууд гэлтгүй Ломбарди мужтай хил залгадаг Италийн бусад мужуудад ч халдвар авсан болон нас барсан хүмүүс байгаа. Та бүхний мэдэж байгаачлан Ломбарди муж бол Европ тивийн хамгийн өндөр хөгжсөн, хөрөнгөлөг мужуудын нэг. Энэ утгаараа бидэнд маш чанартай, орчин үеийн, үр дүнтэй эрүүл мэндийн тогтолцоо байгаа.

Гэхдээ асуудал бол түрүүн хэлсэнчлэн Ломбарди мужид тэсрэх бөмбөг дэлбэрсэн. Тэгээд бид юу болоод байгааг ухаарах сөхөө авч амжаагүй байтал асар олон хүнд халдвар тархаж, массын дундахь халдварын тархалтыг хянах боломжгүй өнөөгийн аймшигтай нөхцөл байдалд хүрсэн. Аз болж хөрш орнууд энэ туршлагыг харж бидний алдааг давтсангүй.

Энэ бол дэлхийн бусад орнуудад ч хамгийн чухал асуудал. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж буй бусад орнууд маш болгоомжтой, нямбай, хариуцлагатай, хүн бүр ухамсартай хандах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол нүдээ цавчих хооронд л хяналтаас гарч эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь үгүй хийнэ. Тэр цагт танай улсын эрүүл мэндийн систем ямар орчин үеийн, хэр үр дүнтэй ажилладаг байх эсэх нь огт хамааралгүй болж эцэст нь над шиг аль өвчтөнийг түрүүлж эмчлэх ёстой вэ гэх хүнд шийдвэрийг гаргахад хүрнэ.

Мэдээж яаралтай тусламжийн тасгуудын хангамжуудыг нөөцлөх, амьсгалын аппарат зэргийг худалдан авах нь нэгэнт халдвар гарсан тохиолдолд өвчтөнүүдийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үүнээс илүү чухал нь олон хүнийг халдвар авахаас урьдчилан сэргийлэх явдал юм. Тиймээс ард иргэддээ хэрхэн халдвараас урьдчилан сэргийлэх талаар сайтар ойлгуулж, зааж, таниулах шаардлагатай.

Мэдэхгүй ээ, одоо бол манай улс халдварын дэгдэлтийг хязгаарлахын тулд тоолж баршгүй шуурхай, хурц арга замуудыг авч, хэрэгжүүлж байна. Одоо бидэнд тархалтыг зогсоохын тулд үүнээс өөр ямар ч арга зам байхгүй. Үүндээ л найдаж, туршиж үзэхээс өөр арга алга. Итали дахь дэгдэлтийг Их Британитай харьцуулан тайлбарлах ямар ч боломж байхгүй. Би тархвар судлаач биш ч тохиолдлуудын тоо болон баримтуудыг ажиглахад бусад орнуудад халдвар авсан хүмүүсийн тоо болон нас баралтын төвшин Италитай харьцуулахад маш бага байгаа нь ажиглагдаж байна. Үнэндээ надад яагаад ийм байгааг тайлбарлах ямар ч өнцөг алга. Миний ганц мэдэж байгаа зүйл бол Италид халдвар авсан болон нас барсан хүмүүсийн дунд өндөр настнууд зонхилж байгаа явдал.

 

-Ломбарди мужид гарсан дэгдэлтийг та тэсрэх бөмбөгний дэлбэрэлттэй зүйрлэж байна. Миний асуух гээд байгаа зүйл бол тэгвэл яг ижил загварын бөмбөг өөр улсад дэлбэрлээ гэхэд нөхцөл байдал ижил байх биш үү?

-Энэ бол нэг өнцөг. Ломбарди мужид болж байгаа зүйл бол тэсрэх бөмбөгний дэлбэрэлтээс ч долоон доор зүйл. Учир нь тэсрэх бөмбөг тодорхой нэг газарт нэг л удаа дэлбэрдэг. Харин “Covid-19” бол халдварлах чадвар маш өндөр бөгөөд тархалт үргэлжлэн нэмэгдсээр байдаг. Дээрээс нь бүх зүйл маш хурдан болж өрнөдөг. Хэрэв хоёр долоо хоногийн өмнө надад хэн нэгэн үүнийг анхааруулж хэлсэн бол би өнөөдөр яаралтай тусламжийн тасгуудад дор хаяж 500 ор нэмж бэлдэх байлаа. Гэхдээ надад хоёр долоо хоногийн өмнө хэн нэгэн ингэж хэлсэн бол би хариуд нь “за чи үнэхээр галзуурчихаж” гэж л хэлэхээр байсан. Гэтэл энэ бүхэн одоо болж байна шүү дээ.

 

-Профессор Грасселли танай эмч нар болон сувилагчид дундаас халдвар авсан тохиолдол гарсан уу?

-Дэгдэлт эхлэх үед тодорхой тооны эрүүл мэндийн ажилчид халдвар авсан. Өөрөөр хэлбэл биднийг бэлтгэлгүй, дадлагажаагүй байх үед гэсэн үг. Одоо бол манай эмч, сувилагч нар дадлагажиж, нэгдсэн зохион байгуулалтад орж, хамгаалах өмсгөл, хэрэгслүүдээ зөв хэрэглэж дадсанаар халдвар авах байдал буурсан.

 

-Яг энэ цаг мөчид “Covid-19”-ийн дэгдэлтийг цар тахлын хэмжээнд хүрсэн гэж хэлж болохоор байна. Таны бодлоор дэлхий дахин үүнд бэлтгэлтэй юу. Жишээ нь Их Британид таны зүйрлэсэн шиг дэлбэрэлт боллоо гэхэд цохилтын хүчийг нь дааж гарч чадах болов уу?

-Боломжгүй зүйл гэж байхгүй. Италитай харьцуулахад Их Британид одоогоор давуу тал их бий. Нэг талдаа болзошгүй аюулыг эрт харж, урьдчилан сэргийлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ дахин хэлэхэд өндөр хөгжилтэй, орчин үеийн, эрүүл мэндийн системийн хувьд сайн зохион байгуулалттай, хариуцлагатай Италийн Ломбарди мужид коронавирусийн халдварын дэгдэлт гарч, голомт болчихоод байна. Дэлхийн өнцөг булан бүрээс орон орны мэргэжилтнүүд надтай холбогдож, наана чинь юу болж байна, та нар өмнө нь ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан бэ зэрэг асуултуудыг ихээр асууж байгаа. Ингэж туршлагаа хуваалцах нь ч сайн хэрэг. Тиймээс би дэлхийн бусад орнуудад Итали шиг ийм хүнд нөхцөл байдал үүсэхгүй гэж найдаж байна. Учир нь тэд “Covid-19”-ийн боломжит аюул заналхийлэл ямар вэ гэдгийг харсан. Тиймээс хэрхэн урьдчилан сэргийлэхээ мэдэж байгаа.

Эх сурвалж: itoim.mn

Channel 4 News

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.182.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.