Б.Атарбаяр: ТЭНГЭРИЙН ЗАМ төсөлд төрийн НЭГ ТӨГРӨГ ч орохгүй. Сайн сайхан зүйлийг битгий харлуул
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-03-14

 

Улаанбаатар хотын замын ачааллыг 46 хувиар буулгах боломжтой нэгэн шинэ төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас дэмжсэн. Засгийн газраас эхлүүл гэсэн шийдвэр гаргасныг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулсан нь хэвлэлийнхний шүүмжлэлийн гол бай, сөрөг хүчнийхний улстөрийн гол өнцөг болоод байгаа юм. Уг нь энэ зам шийдэгчихвэл хотын түгжрэл арилж, иргэд дураараа зорчих боломж нээгдэх давуу талтай гэдгийг ухаарахгүй байгаад л гол асуудал байгаа юм. Ингээд “Тэнгэрийн зам” төслийг санаачлагч, хотын зам” ХХК-ийн ерөнхий захирал Б.Атарбаяртай ярилцлаа.

“Тэнгэрийн зам” төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, ямартай ч ажтл эхний даваагаа давлаа. Харин хэвлэлийнхэн болон сошиал дахь иргэдийн эсэргүүцэл нэлээд их байна. Тэгэхээр яагаад энэ төслийг “ТЭНГЭРИЙН ТОЙРОГ” гэж нэрлэсэн юм бэ гэдгээс яриагаа эхэлье?

Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Ямартай ч олон жил яригдсан энэ төслийг Засгийн газраас эхлүүлэх зөвшөөрөл олгосонд баяртай байна. Тэнгэрийн тойрог, тэнгэрийн зам гэдэг нэрэнд их ач холбогдол өгч, шүүмжлэлийн гол бай болгож байх шиг байна. Яах вэ шүүмжилж болно. Бид тайван, ухаалгаар хүлээж авч байна. Зарим асуудалд тайлбар хийх нь зүйтэй байх. Энэ нэрийг манайхан зохиогоод өгчихсөн, эсвэл шинээр гаргаад ирсэн зүйл огт биш. Гадны улсуудад ч ийм нэртэй хотын төвийн гол замууд байдаг. Ярианы хэллэг. Тойрог замын уртыг ингэж нэрлэдэг. Замын ажлыг гаднынхантай хамтарч хийх учраас ийн нэрлэсэн. 2016 онд энэ нэр оюуны өмчөөр баталгаажсан. Яг энэ төсөл 2010 оноос эхэлж яригдаад, манай байгууллага ТЭЗҮ-г боловсруулаад, тухайн үеийн хот, Засгийн удирдлагуудтай уулзаж, хурал цуглаанд танилцуулаад явж байсан төсөл. Огт шинэ зүйл биш.

2010 оноос гэж тооцвол бүтэн 10 жил судалгаа хийсэн байх нь. Тэгэхээр өмнөх Засгийн газрууд, хотын дарга нар зөвшөөрөөгүй гэсэн үг үү?

Ер нь бол ийм төсөл байх нь зөв. Сайхан санал байна. дэмжинэ гэдэг. Гэтэл яг хурал хуйд нь суухаар дорвитой дэмжлэг үзүүлэхгүй явсаар өдийг хүрсэн. Лав л Зам тээврийн салбарын сүүлийн зургаан сайдад танил цуулагдаж, Засгийн газрын хуралдаанд орсон байдаг. Харин энэ удаад У:Хүрэлсүхийн Засгийн газар дэмжсэнд талархалтай байна. Үндэсний хөгжлийн газартай сүүлийн хоёр жил ажиллаж, боловсруулсан бүх ТЭЗҮ, тооцоо судалгаагаа танилцуулж, хөрөнгө оруулагч, хамтрагч талын төлөөллөө уулзуулж байж сая Засгийн газрын босгоор давсан төсөл. Яг энэ төслийн танилцуулгыг өөрсдийн сошиал хуудаст байршуулж, олон нийтээс санал авахад 200 мянган хүн дэмжсэн. Гэв гэнэтхэн шуугиад гараад ирсэн юм биш. Гол нь Б.Энх-Амгалан сайдыг ярьж, танилцуулахад л улстөрийн зорилгоор ашиглаж иргэдэд буруу мэдээлэл тараагаад байгаад харамсаж байна.

ТЭЗҮ, тооцоо судалгаа, зураг төслийг бүгд танай компани хийсэн үү?

10 жилийн тооцоо судалгааг бүгд манай компани хамтрагч байгууллагатайгаа хийсэн. Төрөөс нэг ч төгрөг аваагүй. Авах ч шаардлага байхгүй. Иргэн хүн үүргээ биелүүлж байгаа л зүйл. Концессын тухай хуулийг бүрэн ашигласан төсөл гэж үүнийг хэлнэ. Концессыг бүрэн утгаар нь мэдрүүлсэн төсөл болно. Хамрах хүрээ том, өндөр үнийн дүнтэй болохоор нь иргэд хардаад байгаа юм.

800 сая долларын өртгөөр гурван жилийн хугацаанд баригдах зам. Яг энэ зардалдаа багтах уу. Манайд чинь концессоос мөнгө мулталдаг хэрнээ ажлаа дуусгаж чаддаггүй олон төсөл байдаг шүү дээ?

Хардах нь зөв. Гэхдээ бид бүх эрсдэл тооцоог гаргаж 800 сая долларын хөрөнгө оруулалт авч байгаа. Төрөөс нэг ч төгрөг гарахгүй. Нөөц, эрсдэл гээд бүх зүйл орсон. Эцсийн дүн. 1мкв нь 2500 доллар гэж тооцсон.

Гадны хөрөнгө оруулагч, хамтрагчид нь аль улсын компаниуд байх вэ? Манай улсад ийм төрлийн зам барьсан туршлагатай компани байхгүй шүү дээ?

Германы компани хамтарч байгаа. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхад нь манай хөрөнгө оруулагчид ирж уулзаад бүх зүйлээ тодорхой ярилцан тохиролцсон. Манай улс л сүүлд нь шийдвэрээ гаргаж хугацаа алдчихлаа. Үүнээс гадна Итали, Францын компаниуд хамтрах хүсэлтээ илэрхийлсэн. Манайханд хөрөнгө мөнгөний асуудал л байдаг болохоос биш барих, бүтээн босгоход санаа зовох юм байхгүй. Монгол залуучууд чаддаг юм. Урд нь Маршалын гүүрийг барьсан туршлагатай компани, манайх. Хэд хэдэн нүхэн гарц, гүүр барьчихаад байна.

Гурван жилийн хугацаандаа амжих уу?

Амжуулахын төлөө зүтгэнэ. Бидний тооцоо судалгаандаа яг энэ хугацааг л гаргасан. Хотын төсвийн дөрвөн дүүргийн 13 км зайг хамарсан их тойрууг л гүүрэн замтай болгох юм. Ингэснээр авто замын ачаалал 46 хувь буурна. Дахиад 50-60 жил энэ хонхорт бөөгнөрнө гэж бодоход яг энэ 13 км зам л хөгжлийг нь харуулна. Яг өнөөдрийн байдлаар нэг автомашин явах зам дээр гурван машин явж байна гэсэн үг. Нэг зүйлийг ойлго. Татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг орохгүй. Хамгийн том хэрэгцээ Монголчуудын хувьд зам мөн үү гэвэл мөн. Энэ асуудлыг л шийдэх гэж явна. Дахиад коронавирус шиг зүйл дэгдчихгүй бол энэ төсөл зогсохгүй. Олон улсад хийгддэг том төслүүд чинь бүгд даатгалтай байдаг. Мөн манайх олон нийтийн хяналт дунд төслөө эхлүүлнэ. Иргэний халааснаас нэг ч төгрөг гарахгүй. Өөрснийхөө сайн сайхны төлөө хийж байгаа төсөлд битгий хэл ам хийж, харлуулаарай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.86.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.