Г.УЯНГА: Намайг 37-той парламентын гишүүн болоход “АРДЧИЛЛЫН ЧИМЭГ” гэж хардаг байлаа
Г.Золбаяр
Ярилцлага
/
2020-03-18
Монголын улс төрийн тогоонд эмэгтэй квот элгээрээ мөлхөж байх үед шанг нь таталцсан амбицтай бүсгүйчүүдийн гаргасан замаар өнөөдөр олон бүсгүй алхаж явна. Талархууштай, магтууштай. Сэтгүүлч хүн, сэтгүүлч эмэгтэй улс төрд орж болох юм гэдгийн тод жишээ бол Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга. Тэмцэгч-сэтгүүлч шүү, жирийн нэг дулаан оффисоос мандсан “туг” биш. Аатай, яг л сэнгэнэсэн гаа шиг мэдрэмжийг тэр өөрийн бүтээсэн улс төрийн орчиндоо бий болгосон. Энэ бол түүнийг тодотгох гортигт ороход таны мэдрэх амт. “Life Style” булангийн зочин Г.Уянгатай амттай яриа дэлгэлээ. Ясны сэтгүүлч хүн жирийн ярилцагчдаас давах нь тодорхой гэсэн хүлээлт байсан, хүлээлтийг давсан ч байх. Уншигч таны олж хараагүй нэг ч гэсэн түүний өөр өнгө энэ ярилцлаган дунд талст болж байвал зорилго биеллээ гэсэн үг.

-Сэтгүүлзүйн салбараас  өөрийн гэсэн өнгө төрхөөр цойлон гарч ирсэн таны имиж, дүр төрх одоо ч нүдэнд харагддаг. Хэрхэн өөрийгөө олж байв?

-Тэр өөрийгөө олно гэдэг чинь хамгийн хэцүү “ажил”. Би одоо ч олсон эсэхээ сайн мэдэхгүй л байна. Улстөр биш өөр салбар руу явсан бол хавьгүй илүү амжилттай байх бололцоо байсан юм биш байгаа гэх бодол  хааяа орж ирдэг юм. Гэхдээ нэг их том алдсан гэж боддоггүй. Улстөр аливааг илүү томоор, системээр нь бүхэлд нь харах бололцоог олгосон. Үүнд олзуурхдаг. Гэхдээ миний амьдрал бүхэлдээ олзуурхсан чигээр өнөөдрийг хүрээгүй.  Хэрэв энэ бүхнийг мэдээгүй байсан бол  илүү аз жаргалтай байх ч байж уу гэж боддог.

-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ?

-Сургуульд ороод багш шигээ багш болно гэж мөрөөддөг байлаа. Дараа нь гоё дуучин болно гэж боддог байсан. 8-р ангиас дипломатч сайхан санагдах болсон. 10-р ангиа төгсөхөд ямар ч байсан сайн нөхөртэй, сайхан гэр бүлтэй байх чухал юм байна гэж ойлгодог болсон. Аав маань миний мөрөөдлийг сонсоод санаа алдаж “Охин минь дипломатчийн хүүхэд л дипломатч болдог юм шүү дээ...” гэхэд нь би тэр үгийн утгыг ухаагүй байлаа. Олон улсын харилцааны сургуульд конкурс өгөөд шударга бусыг нүдээрээ харсны дараа “Би ер нь ямар ажил хамгийн сайн хийж чадах хүн бэ?” гэж өөрөөсөө бодитойгоор асууж билээ. Тэр нь сэтгүүлч санагдсан. Ингээд л тэр зүг рүү өөртөө байгаа бүхий л боломжоороо зүтгэсэн хэрэг.

-Сэтгүүлчийн тухайд та жинхэнэ өөрийгөө олсон байхаа, надад тэгж санагддаг?

-Тийм байх. Сэтгүүлчээрээ ажиллаад нийгэмд нөлөөтэй, сайхан нэр хүндтэй, зүгээр л сайхан сэтгүүлч байх сонголт ч надад байсан. Мэдээлээд л болно. Болох болохгүйг олон түмэнд хүргээд л байна, хүргээд л байна. Тэгээд юу гэж? Тэгээд юу өөрчлөгдөх юм бэ? Үнэхээр нийгэм болохгүй байгаад, түүнийг өөрчлөх хэрэгтэй байгаа бол энэ нь хангалтгүй. Чи улстөрд оролцох л хэрэгтэй болно. Учир шалтгааныг бүхлээр нь хараад эхлэхээр өөр сонголтгүй болж ирдэг юм даа.

-Та тэгээд улстөр рүү орсондоо жаахан харамсаад байгаа юм уу?

-Үгүй л дээ. Өнөөдрийг хүртэлх бүх замыг туулсны дараа буцаад 20 насандаа очсон ч   өөр сонголт байхгүй байсан байх. Хүн нэг дор хоёр зам сонгох боломжгүй. Сонголтоо хийж байгаа тэр хувилбар чинь л чамайг хэн бэ гэдгийг илэрхийлж байгаа юм. Сонгосон зам чинь амаргүй, хүнд байх тусам амьдралыг сорилттой, сонирхолтой болгож байгаа. Ингэж чадаж байвал чи өөрийгөө олжээ, зөв сонголт хийжээ гэсэн үг. Сонголтоо өөртөө дарамт, хүндрэл, бусдад ялархах тунирхал болгоод байж болохгүй. Тэгж байгаа бол орхисон нь дээр. Сонголт буруу байсан бололтой. 

-Гэхдээ л та амьдрал дээр нэг тийм усхал дөлгөөн эзэгтэй, эх хүний дүрээр илүүтэй буудаг. Сонгодог утгаараа ажил амьдралаа ялгаж салгаж чаддаг хүн гэж ийм л байдаг байх гэж бодмоор. Энэ бичигдэж байгаа шигээ амархан хэрэгжүүлэх зүйл биш. Та хэрхэн балансыг барьдаг вэ?

-Хүүхдүүд, гэр бүл миний амьдралын хамгийн утга учиртай, аз жаргалтай бэлэг. Хүн бүхэнд  тийм байдаг даа. Яг надад л зориулсан ганцхан хувь хань ижил, үр хүүхдүүд, гэр бүл минь л намайг унтарсан үед асах, ухармаар үед урагшлах ганц цэнэг. Үр хүүхдүүддээ цаг гаргахын чухлыг улам бүр ухаарч байна. Залуу цагтаа бол үр хүүхдээ аав ээжид орхичихоод цаг наргүй ажилладаг байлаа. Өрсөлдөөнтэй салбарт тэсч үлдье гэвэл тэгэхээс өөр арга байхгүй. Дээр нь залуу хүний өсч хөгжих гэсэн амбиц их. Том хүүгээ ёстой нэг зөнгөөр нь л өсгөж дээ. Тэр алдаан дээрээ суралцаад хоёр багадаа арай илүү анхаарал тавихыг хичээж байна. Амралтын өдрүүд, хүүхдүүдийн төрсөн өдөр, сургуулийн чухал арга хэмжээтэй өдрүүдэд ямар ч ажилтай байсан өөрийгөө бүтэн хүүхдүүддээ зориулах ёстой гэж үздэг.

Заримдаа бичих унших ажлыг гэртээ  ирж хийх шаардлага гарна. Тэгэхдээ хүүхдүүдийнхээ ээжтэйгээ байх цагаас биш өөрийнхөө унтах цагаас хумсалж унтсан хойно нь хийдэг. Хүүхдүүдээ оролцуулж хоол хийх, хамт кино үзэх, охидын өдөр зохион байгуулах, гэрээ хамтдаа цэвэрлэх гэх мэтээр гэртээ байхдаа аль болох хамтарч ажиллаж, мартагдахааргүй дурсамжуудыг оюун ухаанд нь бичиж байхыг хичээдэг юм.

-Та сэтгүүлчээс гадна орчуулагч мэргэжилтай. Хос морьтон баатар шиг л юмаа даа. Сэтгүүлчид гэхдээ одоо хэр нь гадаад хэлтэй байх чухлыг мэдэж байгаа ч ажилдаа нухлагдаад тэр тал руу бараадахгүй л байна. Та яаж хослуулж байв? Цагийн менежмент өөрийгөө мотивацлах талаас залууст зөвлөвөл?

-Би охиноо тээж байхдаа Хүмүүнлэгийн Их сургуульд Их Британи судлалаар сурсан юм. Миний ажил талбайд жагсах тэмцэх л байсан үе дээ. Завсраар нь сониноо гаргана. Манай сонин иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийн цорын ганц дуу хоолой нь болдог байлаа. Бас болоогүй, шүүх цагдаагийн дуудлага тасрахгүй ээ. Жирэмсэн байхад нөхөр хэсэг гэртээ суухыг үүрэгдсэн. Тэгэхээр нь зүгээр сууснаас зүлгэж сууя гээд хэл сурсан юм. Би ер нь хүүхдээ их хөнгөн тээдэг. Жирэмслэлт хэзээ ч миний ажил амьдралын хэмнэлийг эвдэж байгаагүй. Нөхөр л хэтэрхий энхрийлэх гээд байдгаас биш би өөрөө бол ёстой тоодоггүй.

Хэлний тухайд хүнд зөвлөөд байх сүрхий туршлагатай, бас сайн сурчихаагүй л байна. Өдөр бүр л ямар нэг юм уншиж, сонсож байх гэж хичээж байна. Машиндаа 103,1 долгионыг байнга сонсдог. Миний хэлж чадах хамгийн сайн зөвлөгөө бол залуу насандаа л өөрийгөө зовоож, аль болох ихийг сурч мэдсэн нь л хожно. Залуу нас ачаалал даана, олон ажлыг зэрэг амжуулж болно. Гэр бүл, хүүхэд, сурах, ажиллах бүхнийг зэрэгцүүлэх цаг, боломжийг залуу насандаа л гаргаарай гэмээр байна.

-Магадгүй сэтгүүлч хүн улстөрд орох нь жин бан нь таараад суурь мэдлэг нь хөглөж өвөрмөц фигур бэлтгэгддэг юм шиг. Танд энэ чиглэлд хөрвөхөд юу нь хамгийн хэцүү санагдаж байв? Эсрэгээрээ юу нь хамгийн ойр байсан бэ?

-Мэргэжлээс өөр зүйл  улс төрд хөтөлсөн байх. Улстөрч болбол гоё гэж би огт бодож байгаагүй. Улстөрч гэж хэнийг ч хэлдэг юм, мэдэхгүй л явлаа. Сэтгүүлчээр ажиллаж парламентын сурвалжлагч хийж байхдаа “Яагаад?” гэдэг асуултуудтай тулгарсаар байгаад нэг мэдэхэд яваад орчихож дээ. Яагаад ажилгүйдэл, ядуурал ийм их байгаа юм, яагаад үйлдвэрүүдтэй болж болохгүй байгаа юм, яагаад цалин тэтгэврээ нэмэхийг ЗГ биш ОУВС шийдэж байгаа юм, яагаад сонгуулиар иргэдийн хүссэн хүмүүс гарч ирж чадахгүй байгаа юм... яагаад, яагаад, яагаад? Хорь гаруйхан насандаа их л олон яагаадтай тулсан. Бас мэдээж сэтгэл хөндүүрлэсэн.

Гудамжинд жагсаж, хулгай луйврыг илчилж сэтгүүлчийн ажлаа хийж байхад, 37-той парламентын гишүүн болоход намайг “ардчиллын чимэг” гэж харсан байх. Парламентад ороод миний хэлсэн үг, хийсэн үйл ажиллагаанууд харин “чимэг” биш жинхэнэ “аюул” болж хувирсан байх. Гишүүний албаар дамжуулан хамгийн чухал мэдээ баримтуудыг олж авч, түүнийг илчлэн гаргаж, Засгийг, Ерөнхийлөгчийг огцруулах санаачилгуудыг гаргаж, хууль санаачилж, хэлэлцүүлэг хийж, луйврын гэрээнүүдийг эсэргүүцэж, иргэдийн оюун ухамсарт бодитой нөлөөлж эхэлсэн нь МАНАН-гийн удирдагчдын хувьд тоглоом биш болж хувирсан. Жинхэнэ улстөр эндээс, өөрөөр хэлбэл саяхнаас л эхэлж байгаа нь энэ шүү дээ. Хэцүү нь одоо л эхэлж байна даа.

-Таныг нэг сонгуулиар нэг төрдөг гэдэг нь наргиж байгаа хэрэг биш бүсгүйчүүдийн хувьд бахархаад байгаа нэг хэлбэр юм шиг санагддаг л даа. Нийгмийн зүтгэлтэн мөртлөө сайн ээж, эзэгтэй байх амаргүй. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Онцгой жор байхгүй дээ. Бусад бүсгүйчүүдийн л адил ажлаа ч амьдралаа ч аль болох сайн сайхнаар авч явах гэж хичээж явна. Гол нь хүүхдүүд. Өглөө эрт босч тэдэндээ өглөөний цай бэлтгэж өгөхөөс л өдөр эхэлнэ. Хичээлд нь хүргэж өгөөд ажилдаа эрт очно. Ажлын цаг эхэлтэл унших, бичих ажлаа хийнэ. Орой хүүхдүүд тарахаар цуглуулж аваад харина. Яг түгжрээний цаг таарах тул эртдээ л 20 цагт ирнэ. Ажлын өдөр оройн хоол хийж яагаад ч амжихгүй. Амралтын өдөр харин сайхан хоол хийнэ, гадуур хүүхдүүдтэйгээ явах төлөвлөгөө гаргаж байгаад өнгөрүүлэх дуртай. Тэр өдрийг хүүхдүүд маань хүсэн хүлээдэг. Хожим аав ээж болсон хойноо яг л тэр өдрүүдийг санаж хүүхдүүддээ цаг гаргадаг сайн аав ээж болоосой гэж хүсдэг.

-Чадвар өндөр байх тусам маш олон сонголтуудтай нүүр тулах нь элбэг болдог юм шиг ээ. Хэрхэн  тэр дундаас яг зөвийг нь сонгох юм бэ? Тэр ч санал зөв юм шиг, энэ санал болмоор юм шиг байдалтай тулгарч байсан байх?

-Хэцүү сонголт ч тулгардаг л даа, далдыг хардаг, юм мэддэг хүнээс очоод асуучихмаар. /инээв.сурв/ Залуу насанд бол нэг их бодохгүй романтик сонголт их хийдэг байж. Одоо бол илүү бодитой, нөхцөл байдлаа тооцох гэдэг болсон байна билээ. Ийм сонголтондоо заримдаа гутардаг. Ясны зан тавигдахгүй заримдаа “тэнэг” сонголт хийхээрээ түүндээ жигтэйхэн их баярладаг. “Уянга чи өөрчлөгдөөгүй байна, өөрийнхөөрөө байна шүү!” гэж өөртөө урам өгөөд сэтгэл хангалуун баяртай үлддэг.

-Та “Монгол таймс”, “Улстөрийн сонин”-ыг тус тус эрхлэн гаргаж байсан. Одоо магадгүй Монголын хэвлэл мэдээллийн салбар хамгийн олон эрхлэгчтэй үедээ явах шиг санагдаж байна. Таны өнцгөөр ямар хүнийг эрхлэгч гэж томъёолж болох вэ?

-Өдөр тутмын том сонины эрхлэгчээр ажиллаж байсангүй. Манай сонин улстөрийн хөдөлгөөнүүдийн төв хэвлэл, хувьсгалч “подвальный сонин” шиг сонин байсан. Өдөр тутмынхаас өөр л дөө. Өдөр бүр хэвлэгдэж, өдөр бүр орлого, хүмүүсийн цалинд санаа зовох нь харьцангуй бага. Баримталдаг зарчим нь ёстой Лениний хэлдэгээр “Сонин бол хамтын ухуулагч төдийгүй хамтын зохион байгуулагч байх ёстой” гэдэг шиг. Бид сониноосоо ашиг олж байгаагүй, харин нийгмийг ялзралыг илчилж байсан учраас хаагдах боогдох, хавчигдах, дарагдахын бэрхшээлийг амсаж байсан. Гэвч үзэл санаа мөнгөнөөс үнэтэй. Бидний гаргасан дугаарууд бидний бахархал. Бидний түүх. Өнөөдөр хэвлэлүүд санхүүжилтээсээ болоод үзэл санааны биш арилжааны хэрэгсэл болчихоод байгаа нь харамсалтай.

-Ингэхэд сошиал медиад хэр автаж байна даа? Нэг автвал живчих гээд бас л донтуулдаг эд шүү дээ?

-Үзэл санаагаа түгээх хямд бөгөөд шуурхай, гол арга хэрэгсэл энэ л байна даа. Хүссэн хүсээгүй энэ виртуаль ертөнцөд бид зэрэгцээ амьдардаг болчихож. Энд нэг их дэмий тэнээд байдаггүй. Хэрэгтэй мэдээллүүдээ авна. Ахуйн болон эрүүл мэндийн зөвлөгөө, хоолны жор гэх мэт. Бас шаардлагатай хүмүүстэйгээ мессэнжерээр харилцаж ажил амжуулж болж байна. Гол нь үзэл санаагаа түгээх, санаа бодол нэгт найз нөхөдтэй болох сайхан боломж гэж ойлгож идэвхтэй хэрэглэдэг.

Биднийг тэмцэж, ид жагсаж цуглаж байхад ийм сүлжээ байсан ч болоосой гэж заримдаа атаархдаг юм. Биднийг сонин бичихгүй, ТВ  гаргахгүй амаргүй байсан. Хүн бүхэнд биеэр очиж ухуулах хэрэгтэй шахам байлаа. Тиймээс л сонин гаргаж эхэлсэн хэрэг.

-Бүсгүй хүний нүдээр манай улстөрчдийн бүрдүүлж байгаа имижид ямар үнэлэлт дүгнэлт өгч сууна. Эцсийн дүндээ бусдад таалагдах, итгэл даахуйц дүр төрхтэй байх зурагны лайк тоолдог болсон өнөө үед их чухал болоод байна?

-Би гадна төрхөнд нь онцын ач холбогдол өгдөггүй. Улстөрчийн үзэл бодол хамгийн чухал. Цаад хүн нь хэн бэ, ямар үзэл санаатай хүн бэ, түүнийхээ төлөө хэрхэн ажиллаж чадах вэ, хангалттай итгэл үнэмшил, эрсдэл хийх зориг тэвчээр, сэтгэл зүтгэл байгаа эсэхийг нь хардаг. Тийм шинж чанаргүй хүнийг би үнэлдэггүй. Нийгэмд төлөвшсөн бие хүн өөрийн гэсэн үзэл санаа, ухамсартай болсон байх ёстой. Бүр үндэсний үзэлтэн байх ёстой гэмээр байна. Түүнээс намд орчихоор улстөрч болчихдоггүй юм. Улстөр бол нам биш, үзэл санаа юм.

-Таныг хамгийн их чимдэг зүйл юу гэж боддог вэ?

-Улстөрчийн хувьд өөрийнхөөрөө явж ирсэн цэвэр, шударга зам мөр, гуйвахгүй бат тогтсон үзэл санаа, итгэл үнэмшил маань юм болов уу. Эмэгтэй хүний хувьд хань, гэр бүл, миний хүүхдүүд намайг чимдэг гэж боддог.

-Та хэр романтик вэ?

-Хангалттай романтик. Тиймгүй бол нийгмийг өөрчлөх үзэл санаа тээж улстөрд орохгүй байсан.

-Яг одоо хайр танд ямар өнгөөр төсөөлөгдөж, ямар мэдрэмж төрүүлж байх юм?

-За даа, өнгө мөнгөөр төсөөлж байсангүй. Лав гал улаан биш байх. Би хайрыг хамаагүй өргөн утгаар, олон өнгөөр ойлгож байна.

-Шүүмжлэлд хандаж ирсэн таны хандлагын өнгөрсөн одоо ирээдүйг сонирхмоор байна?

-Өөрийгөө шүүмжлэлд хамгийн бодитой ханддаг гэж бодож байна. Багаасаа өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж сурсан. Нэг их сүрхий хүн болох гэж шүүмжлэл бүхнийг хүлээж аваад байх бас дургүй. Над шиг амьдрал туулж, над шиг зовлон үзээгүй хүн бол намайг шүүмжилж чадахгүй. Тиймээс би яг хувь хүнийг шүүмжлэхийг өөртөө бас зөвшөөрдөггүй. Шүүмжлэл, доромжлол хоёроо ялгадаггүй хүмүүсийн үгийг авч хэлэлцдэг ч үгүй. Бодитой шүүмжлэл амьдралд их цөөхөн байдаг. Түүнийг ялгаж сурсан гэсэн үг. 

-Аз жаргал таны бодлоор...

-Ердөө л сэтгэлийн амар амгалан. Байгаадаа сэтгэл хангалуун байх. Зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө чадахаа зориулж, түүнийгээ мэдэж мэдэрч, сэтгэлийн таашаал хүртдэг байх. Бас миний үр хүүхдүүд өгүүлшгүй их аз жаргал. Ер нь л аз жаргал энд тэндгүй дүүрэн байна даа, хүн өөрөө л харж, мэдэрч чадвал...

-Танд баярлалаа.

УЛСТӨРЧ СЭТГҮҮЛ 03 САР

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.152.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.