Нэгэн зууны урлал буюу "Бөртэ"-гийнхөн
Ярилцлага
/
2020-03-28

Улсын сүр нь цэрэгтээ гэдэг. Тэрхүү сүр хүчний илэрхийлэл болсон цэрэг эрсийн жавхаалаг байдал, өнгө төрхийг цэргийн дүрэмт хувцасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Та бидний өдөр тутамдаа өмсдөг Төрийн соёмбоо орой дээрээ залсан малгайнаас эхлээд китель, өмд, хүрэм зэрэг олон нэр төрлийн цэргийн дүрэмт хувцсыг урлах, цаг үеэ мэдэрч, загварыг нь шинэчлэх эрхэм үүргийг хүлээсэн зуун жилийн түүх, зузаан намтартай нэгэн үйлдвэрийг энэ удаад онцолж байна. Мэдээж уншигч таны мэлмийд "Найман шарга төв"-ийн өөдөөс харсан хуучны хоёр давхар шар байшингийн дүр зураг буусан байх. Анх 1921 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын журамт цэргийн хувцас, хэрэглэлийг сэлбэн засах оёдлын бүлгэм бий болж, улмаар 1922 оны эхээр “Бэлтгэн үйлдэх тасаг” нэртэйгээр цэргийн гар үйлдвэр албан ёсоор байгуулагдсанаар одоогийн "Бөртэ" ТӨААТҮГ-ын түүх бичигдэж эхэлжээ.

       Тус үйлдвэрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хэрэгцээт дүрэмт хувцсыг чанар, стандартын өндөр түвшинд үйлдвэрлэн бэлтгэж нийлүүлдгээрээ бусад үйлдвэрээс онцлогтой. "Бөртэ" ТӨААТҮГ өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангахын зэрэгцээ ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарим ажлыг хэрэгжүүлсэн байна.

     Тухайлбал, Батлан хамгаалах яам, ЗХЖШ, тэдгээрийн харьяа анги, байгууллагуудын болоод Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын 4,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий цэргийн дүрэмт хувцсыг оёж захиалагчдад нийлүүлжээ. Ингэхдээ 240 гаруй сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгийг ерөнхий захирал, хурандаа Б.Эрхэмбаяр онцолсон. Мөн тэрээр "2018 оны 12 дугаар сард цэргийн дүрэмт хувцасны шинэчилсэн загварыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлуулсан. Ингээд 2019 онд загварын дагуу үлгэрийг нь гаргах, үйлдвэрлэлд шилжүүлж, оёдлын технологийг нэвтрүүлэх чиглэлээр нэлээд шахуу ажилласан. Үүнтэй уялдуулан шинээр батлуулсан цэргийн дүрэмт хувцасныхаа загварыг оюуны өмчөөр баталгаажуулах ажлыг шуурхай зохион байгууллаа. Мөн Батлан хамгаалах яамны санхүүжилтээр орчин үеийн стандартад нийцсэн цахим үлгэрийн системийг үйлдвэртээ нэвтрүүлээд амжлаа. Өмнө нь заавал гар ажиллагаа шаарддаг байсан бол цахим үлгэртэй болсноор ажилчдын хөдөлмөрийн бүтээмж дээшилж, цаг хугацааг ч хэд дахин хэмнэсэн зэрэг олон давуу тал бий болсон. Манай үйлдвэр БХЯ-ны санхүүжилтээр орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжүүдээр хүчээ сэлбэсэн учраас өндөр бүтээмжтэй ажилладаг" гэв.

       Үйлдвэрийн харьяанд нийт 300 гаруй ахмад байдаг аж. Үйлдвэрийн ажилтан албан хаагчид болон тэдгээр ахмадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт газар авч зургаан гэртэй амралтын газрынхаа суурийг тавьжээ. Тэд өөрсдийн нөөц бололцоогоор бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, эхний ээлжинд ахмадууд болон ажилтан албан хаагчдадаа үнэ төлбөргүйгээр үйлчилж эхэлсэн байна. Энэ нь хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил, нөгөөтэйгүүр тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх нь чухал учраас тус амралтын газрыг улам хөгжүүлж, орчин нөхцөлийг нь сайжруулах үүднээс төвийн эрчим хүчээр хангах асуудалд анхаарч байгаа аж. Үүнд БХЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж 60 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөнд үйлдвэрийн ажилчид талархаж, сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн.

      Дараагийн дугаарт, 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Төрийн хүндэт харуул, морьт торгон цэргийн болоод цэргийн ёслолын хувцас, хэрэглэлийг шинэчлэх ажилд тус үйлдвэрийнхэн гол ажлыг нугалж байгааг онцлох нь зүйтэй.
Мэргэжлийн бус хүний нүдээр харахад ч энэ ажил өндөр үүрэг хариуцлага, зохион байгуулалт, нарийн мэдрэмж шаарддаг гэж болохоор байв. Тухайлбал, хувцас загварлаг, орчин үетэйгээ нийцсэн, чанартай зэрэг сонголтыг аль болох өргөн байлгах үүднээс уралдаан зарласан байна.

       Эл уралдаанд ирүүлсэн загвар бүр дээр ач холбогдол өгч тухайн уран бүтээлчидтэй нь хамтарч цаасан дээр буусан зураглалыг бодитоор оёж, үйлдвэрлэн бэлэн бүтээгдэхүүн болгон өөр хооронд нь харьцуулан дүн шинжилгээ хийх гэх мэтээр гурван сар гаруйн турш ачаалал үүрч ажиллажээ.
Үр дүнд нь 10 гаруй загварыг боловсруулан хүндэт харуулын шинэ загварын хувцасны төслөө Батлан хамгаалахын сайдын зөвлөлд танилцуулаад байгаа аж.
Дээрх ажлуудаас гадна цар тахлын хурцадмал байдлын үед Улсын онцгой комиссын даалгавраар 45 мянган амны хаалтыг оёж ОБЕГ-т өгсөн байна. Мөн өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан 4000 ширхэг амны хаалтыг оёж үйлдвэрлэн ЗХЖШ, ҮБХИС, Цэргийн төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн нь тус хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд ч идэвх, санаачилгатай ажилладгийн тод илрэл юм.

      "Бөртэ" ТӨААТҮГ нь эсгүүрийн, гүйцэтгэх, захиа, китель болон өмдний гэсэн таван тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тасаг бүр өөр өөрийн онцлог, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээлбэл, эсгүүрийн тасаг нь зургийн дагуу нарийвчилсан огтолгоо хийнэ. Үүний дараа нэг бүрчлэн дугаарлаж бусад тасаг руу хуваарилах, наалт хийх гэх мэт олон ажилбарыг хийж гүйцэтгэнэ. Хамгийн сүүлд эсгүүрийн тасгаас гарсан материалууд оёдлын тасгуудад хүргэгдэж бэлэн бүтээгдэхүүн болох замдаа ордог аж. Ерөнхийдөө эсгүүрээс эхлээд бүх бэлтгэл ажлыг хангадаг гэж хэлж болохоор. Өнгөрсөн онд эсгүүрийн тасаг шинээр батлагдсан цэргийн дүрэмт хувцаснуудыг бэлтгэн нийлүүлэхэд богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласнаас гадна төлөвлөгөөгөө давуулан биелүүлж "Тэргүүний тасаг"-аар шалгарчээ.
Энэхүү амжилтын эздийн нэг тасгийн мастер М.Тунгалаг тус үйлдвэрт 37 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Тэрээр анхлан тус үйлдвэрт оёдолчноор ажиллаж эхэлсэн бөгөөд эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, ногдсон үүргээ сайн биелүүлсээр өдгөө мастерын зэрэгт хүрчээ. Түүний хувьд төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгээд амсхийх үе хамгийн сайхан нь. Мөн зөвхөн өөрийн ажлыг боллоо гээд санаа амралгүй бусдадаа, ялангуяа залууст хамгийн ихээр анхаарал тавьдаг нь тасагтаа үлгэр дуурайл болдог гэж сайшаах хүн олон таарсан юм.

        Бусад тасгаас ирсэн тухайн хувцсыг бэлэн бүтээгдэхүүн болгоход гүйцэтгэх тасгийн үүрэг өндөр. Тухайлбал, хувцсаа нүхлээд, тушаа хэсэгт нь товчоо хадна. Хүн харахад цэргийн дүрэмт хувцас гэж ойлгогдох ч үрчийж, хуниралдсан байвал зохимжгүй. Тийм учраас зориулалтын индүүгээр индүүдэж, савлагаанд оруулна. Өөрөөр хэлбэл хувцас арчлах соёлыг дээд зэргээр сахидаг аж.

       Хамгийн онцлогтой нь захиа тасаг. Тус тасагт тухайн хүн биеийнхээ хэмжээг өгч, түүнийх нь дагуу ажилтнууд хувцсыг нь оёж үйлдвэрлэдэг. Мөн генералуудын мөрдэсийг оёно. Бусад тасагт нэг нь халаас, нөгөөх нь зах залгах гэх мэт шат дамжлагатай бол энд тэр бүгдийг ганцаарчлан гүйцэтгэдгээрээ ихээхэн ялгаатай. Түүнчлэн оёдлын гурван тасгаас ирсэн бүтээгдэхүүнүүд захиа тасгаар дамжихаас гадна чанарыг нь мөн энд шалгаж баталгаажуулдаг аж.
Аливаа албан байгууллагын ажиллах хүчний цөмийг залуус бүрдүүлдэг. Мөн тэд ахмадуудаасаа үлгэр дуурайл авч, юу сурч мэдсэнээ дараа дараагийн үеийнхэндээ өвлүүлж, эзэмшүүлснээр тухайн байгууллага ч урт удаан хугацаанд оршин тогтнодог онцлогтой. "Бөртэ" ТӨААТҮГ-ын хувьд нийт ажилтан албан хаагчдын 50 гаруй хувь нь залуусаас бүрддэг. Энэ талаар хурандаа Б.Эрхэмбаяр "Манай үйлдвэр МСҮТ-д бэлтгэгдсэн залуусаас ажилтнуудаа шалгаруулж авдаг. Төр, засгаас МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудыг дэмжих үүднээс сар бүр тэтгэлэг олгодог болсон нь чанартай боловсон хүчин бэлтгэгдэхэд томоохон хөшүүрэг болсон гэж боддог. Даалгасан ажлын гүйцэтгэл болон хандлагын хувьд ч залуус маань манлайлдаг. Бид залуустаа итгэдэг" гэв.

        Энд нэг зүйлийг хэлэхэд үйлдвэрийн ажилтан албан хаагчдын хувьд үүргийн биелэлтээ бүрэн хангаж ирсэн ч ая тухтай орчинд ажиллах, нөхцөл бололцоогоор дутмаг байгаа нь мэдрэгдсэн. 1962 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан учраас тус барилгын өнгө үзэмж муудан, зарим хэсэгт нь ан цав үүсэж, даац муудсан зэрэг насжилт нь гүйцсэн гэдгийг нотлох зүйлс олон. МХЕГ-аас ч үйл ажиллагааг хязгаарлах анхааруулга, санамж бичгүүд ирсэн нь тус үйлдвэрийн барилга хэдийнээ чанарын шаардлага хангахаа больсны илрэл юм.
Сурвалжилгын төгсгөлд тус үйлдвэрийн удирдлагууд ажилтан албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрх хөндөгдөж байгаа тул чанарын шаардлага хангасан үйлдвэрийн шинэ барилгатай болох хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм.

Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.120.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.