Т.Батболд: Сонгуулийн үеэр цахим орчинд хууль зөрчсөн контент болон хаягийг ХААНА
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-04-10

ЦАХИМ ОРЧИНД ЯВУУЛАХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

Харилцаа холбооны зохицуулах хороо сонгуулийн үед хэрхэн ажилладаг болон хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн үед ямар эрх зүйн акт, хэм хэмжээг баримталж ажиллах талаар ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой ярилцлаа.

-Сонгуулийн сурталчилгаа явуулахын тулд аливаа ХМБ нь ХХЗХ-нд бүртгүүлэх шаардлагатай юу?

Сонгуулийн тухай хуулийн 47 зүйлийн 47.1-д заасны дагуу цахим орчинд гурван төрлийн цахим хуудас ашиглахыг зөвшөөрдөг.

  1. Нам эвсэл, нэр дэвшигчийн цахим хуудас
  2. Нам эвсэл, нэр дэвшигчийн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас
  3. Бусад цахим хуудас /мэдээ мэдээллийн болон зар сурталчилгааны сайтууд/

Дээрх гурвын эхний хоёрыг нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлсэн цахим хуудаснаас сонгуулийн сурталчилгаа явуулж болно. Харин бусад цахим хуудсууд бүртгүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой.

-Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад сошиалаар мэдээ тарааж, сурталчилгаа хийж байгаа нь сонгуулийн хуулинд нийцэх үү? Хэрхэн зохицуулах вэ?

Сонгуулийн тухай хуулинд 48-р зүйл буюу хууль бус сонгуулийн сурталчилгааны төрөл ангийг тодорхойлж өгсөн байдаг. Хууль бус хориотой сурталчилгааны тухай хуулийн зүйл заалтыг сонгуулийн жил эхэлсэн бүтэн жилд дагаж мөрдөх ёстой. Хэрвээ зөрчвөл холбогдох эрх бүхий байгууллагууд зөрчлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хэрэв цахим орчинд хууль бус сонгуулийн сурталчилгаа явбал холбогдох эрх бүхий байгууллагуудын санал, дүгнэлт, шийдвэрийн дагуу цахим орчин дахь хууль зөрчсөн контент,  хаягийг түр хязгаарлах технологийн арга хэмжээг авна.

-Өмнөх сонгуулийн сурталчилгаанд тавьх хяналтаас энэ жилийн сонгуулийн сурталчилгаанд тавих хяналт юугаараа онцлог, дэвшилттэй вэ?

Өмнөх сонгуулиар бид вэб сайтуудад зохицуулалт хийж байсан. Харин цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хяналт тавьж, зохицуулалт хийж чадахгүй байсан. 2020 оны гол онцлог нь бид вэб сайтууд болон олон нийтийн сүлжээнд тодорхой хэмжээний зохицуулалт хийхээр “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллаж байгаа илүү дэвшилттэй байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.4.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.