Н.Тогтохсүрэн: Бүртгэлгүй радио телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-04-11

Харилцаа холбооны зохицуулах хороо сонгуулийн үед хэрхэн ажилладаг болон хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн үед ямар эрх зүйн акт, хэм хэмжээг баримталж ажиллах талаар ХХЗХ-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Сонгуулийн сурталчилгаа явуулахын тулд аливаа ХМБ нь ХХЗХ-нд бүртгүүлэх шаардлагатай юу?

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.22, 47 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс хойш радио телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаа болон цахим орчны сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллана. Иймд сонин, сэтгүүл зэрэг бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл Зохицуулах хорооны хяналтад хамаарахгүй. Хэд хэдэн сувагтай телевизийн тухайд зөвхөн үндсэн сувгаараа сурталчилгаа явуулах хуулийн зохицуулалттай учир сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хүсэлтэй радио, телевизийн үндсэн сувгуудыг Зохицуулах хороо бүртгэнэ. Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтарсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавьх журам” удахгүй батлагдан гарна.

Тус журмаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевиз хэрхэн бүртгүүлэх, сонгуулийн сурталчилгааг хэрхэн нэвтрүүлэх, Зохицуулах хороо хэрхэн хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг тусгаж байна.

Дээрх хууль, журамд заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлэх болно.

-Сонгуулийн сурталчилгаа явуулах радио, телевиз бүртгүүлэхдээ ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46.9-т заасны дагуу радио, телевизийн үндсэн суваг нь бүртгүүлэхдээ сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх цагийн хуваарь, сонгуулийн жил эхлэхээс өмнөх нэг жилийн хугацаанд хийсэн зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээллийг ирүүлэх ёстой. Тус хорооноос сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийн маягтыг тус хуульд нийцүүлэн гаргаж цахим хуудсаар мэдээлнэ. Мэдэгдлийн маягтыг бөглөж ирүүлэхэд  хангалттай.

 Бүртгэлгүй радио телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон.

-Өмнөх сонгуулийн сурталчилгаанд тавих хяналтаас энэ жилийн сонгуулийн сурталчилгаанд тавих хяналт юугаараа онцлог, дэвшилттэй вэ?

Харилцаа холбооны зохицуулах хорооны хуулиар олгосон чиг үүрэгт агуулгын хяналт хамаардаггүй тул өмнөх сонгуулиар ч одоогийн ээлжит сонгуулиар ч агуулгын хяналт тавихгүй. Зохицуулах хорооны хувд эрх бүхий радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж байна уу, хуульд заасан хугацаанд сонгуулийн сурталчилгаа эхлүүлж, дуусгасан эсэх, хоногт гарах сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа 60 минутаас хэтэрсэн эсэх, нэг нам эвсэл, бие даан нэр дэвшигчийн сурталчилгаа 15 минутаас хэтэрсэн зэрэг хэмжигдэхүйц  11 үзүүлэлтээр хяналт мониторинг хийж, холбогдох тайлан мэдээ гаргаж ажиллана.

Энэ жилийн ээлжит сонгуулийн сурталчилгааны хяналт, хариуцлагын тогтолцооны хувьд  хэрвээ бүртгүүлээгүй буюу эрх бүхий бус радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн бол ХХЗХ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанд эхлүүлж, дуусгаагүй бол тухайн телевизийн хөтөлбөрийг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг хязгаарлах арга хэмжээ авах зэрэг хуулийн хатуу хариуцлага байгаа.   Түүнчлэн өмнөх сонгуулиар төлбөртэй мэдээг мэдээний дундуур явуулдаг байсан бол одоо тусад нь төлбөртэй мэдээ хэлбэрээр гаргаж, төлбөрт мэдээг сонгуулийн сурталчилгаанд хамааруулах зохицуулалттай болсон.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.