С. Од-Эрдэнэ: Иргэд, малчдын амьдрал, гэр бүлд чиглэж ажиллана
Ярилцлага
/
2020-04-12

Дундговь аймгийн 21-дэхь засаг дарга АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, ССАЖЯ-ны бодлогын зөвлөлийн дарга: С. Од-Эрдэнэтэй ярилцлаа.  

Алдаатай, оноотой ардчиллын 30 жилд өөрийнхөө үзэл бодлын хүрээнд бид эргэлдчихжээ. Ардчилал Монголчуудад юу өгсөн бэ?

Бүх зүйл өөрсдийн гэсэн үнэт зүйлийг бүтээж байдаг. Тэр бүтээсэн үнэт зүйлийг хамгаалах нь хамгийн чухал. Хэрэв ардчилал бидэнд ирээгүй бол өнөөдөр би ингээд яриад сууж байж чадахгүй байлаа. Ардчилсан хувьсгал ялснаар Монгол улс нэгдмэл тусгаар тогтносон улс юм гэдгийг ойлгуулж чадсан. Хаана ч очсон тусгаар тогтносон Монгол улсын иргэн учраас өөрийн эрхээ хамгаалуулж чадаж байна. Үүнээс өмнө хаашаа ч явсан, юу ч хийсэн энэ нь та бидний хувийн асуудал биш хувьсгалын асуудал байсан.

Улс орны нөхцөл байдлыг өөрчилж, аливаа ажил хэргийг гүйцэлдүүлэхэд нам гэдэг зүйл хэр чухал вэ?

Одоогийн нийгмийн зохион байгуулалтанд байгаа хэлбэр нь “Нам” гэдэг нэршилээр нэрлэгдэж байгаа. Мэдээж агуулгын хувьд энэ дэлхий дахинд хэрэгжиж байгаа шалгарсан арга учраас хэрэгтэй. Ингэж л бид юу хүсч, ямар баримталаар ажиллах, юу хийх гэдэг дээрээ нэгдэж чадаж байна. Намын нэг гишүүн алдаа гаргалаа гэхэд нам тэр чигтээ муу гэсэн үг биш. Нэг хүнээр нэг намыг төлөөлүүлж ойлгож болохгүй.  Зарим нь нам гэдгийг өөрсдийн баяжих хэрэгсэл гэж хараад байна.

Өнгөрсөн хугацаанд та Дундговь аймагт засаг дарга хийх хугацаанд юу хийсэн бэ? 

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Дундговь аймагт намайг засаг дарга хийж байх цаг үед хамгийн том бүтээн байгуулалтууд хийгдсэн. ОНХС болон улсын төсвөөр Дундговь аймагт олон бүтээн байгуулалтууд хийгдэх боломж гарсанд олзуурхаж явдаг. Тухайлбал УБ Дундговь аймаг засмал замаар холбогдлоо, Говийн бүсийн МСҮТ-тэй болсноор мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэгдэх ажилд томоохон өөрчлөлт гарлаа, аймгийг аялал жуулчлалаар хөгжүүлэх бодлогыг баримталж хувийн хэвшлийг дэмжин жуулчны баазуудын ерөнхий төлөвлөгөөг хийх, ариун цэвэр бохирыг шийдэхэд санхүүгийн дэмжлэгүүдийг өгснөөр жуулчны баазуудын чадавхи дээгилсэн, хүнсний нарийн ногоогоор аймаг өөрийгөө болон улмаар өмнөговь , уул уурхайн томоохон газруудыг хангах бэлтгэл ажил болгон өвлийн хүлэмжийн төслийг хэрэгжүүллээ, харамсалтай нь энэ ажлыг одоогийн эрх баригчид хэрэгжүүлэх бодолгүй байх шиг байна. Мөн 21 аймгаас ганц Дундговь аймаг цэнгэлдэх хүзрээлэнгүй аймаг байсныг бид 35 га газрыг хамарсан цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолбор байхаар төлөвлөн төслийг эхлүүлэн ажил болголоо, Сүм хөх бүрдийн байгалын цогцолборт газрыг нуур ширгэх аюулаас урьдчилан сэргийлж, өнөөдөр байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлал-түүхийн иж бүрэн цогцолбор болсон, малчдыг худагжуулах төсөл, сумын төвийн шинэчлэлийн ажлыг 2 ч суманд хэрэгжихэд Засгийн газартай нягт хамтран аймгаас онцгой анхаарч ажилласан зэрэг олон ажлыг дурахад таатай байна. Улсын төсвөөс сургууль нээлээ гэхэд нэг их гишүүд очоод л сүртэй туг далбаа болоод л би энэ төсвийг суулгасан гээд л бөөн соёл урлагийн ажиллагаа гээд сүржигнээд байдаг. Ямар хувийнхаа төсвөөс мөнгө гаргаад хийлгэчихсэн биш. Зардал хэмнэх ажил дээр яалт ч үгүй нээлтийн зардлыг багасгах шаардлагатай гэж онцлон хэлмээр байдаг. Үнэхээр тэгж сүртэй нээлт хийх хэрэгтэй байдаг юм бол төсөвт дарамт учруулж байхаар өөрийнхөө зардлаар нээвэл зохилтой гэсэн санал надад байнга байдаг.

Та дахин сонгогдвол юу хийх вэ?

Дахин сонгогдож ажиллах эрх мэдэл надад ирдэг бол хамгийн түрүүнд иргэд малчдад хандсан ажлууд хийнэ гэж бодож байна. Хүмүүс боловсрол, эрүүл мэнд гээд л ярьдаг. Хамгийн түрүүнд тавигдах суурь зүйл нь бол гэр бүлийн соёл. Гэр бүлийн соёл гэдэгт гол хэлэх гэсэн зүйл маань “Ариун цэврийн асуудал”. Хөдөөний бүх айлуудын худаг усыг нарны системээр боловсон нойлтой болгох хэрэгтэй. Би энийг халдварт тахал гарсантай холбогдуулж хэлж яриад байгаа юм биш. Хэзээнээс бодож зорьж яваа ажил маань. Монгол улсын хэмжээнд гаднаас ирсэн аялал жуулчлалын ажилд малчин өрхийн аялал жуулчид хамрагдах бүрэн боломжтой. Малчин айлд очиж засаа идэхээс эхлээд малчдын ахуйтай танилцах гэсэн өчнөөн жуулчид байдаг ч тэдний гол асуудал нь очоод хаана бие засах юм бол яахуу гэсэн асуудлууд байдаг. 1-рт тэр айл өрхийн соёл тэрийгээ дагаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зүйлсийг арилгаж байгаа хэрэг.  Би үүгээрээ сумын төвийг битгий хөгжүүл гэж байгаа юм биш. Малчин айлаа хөгжүүлээд сумын төвөө хөгжүүлэх гэх мэтчилэн зөв шат дараатайгаар явах нь маш чухал байна. Ингээд ирэхээр заавал төврүүгээ багширалдах гэдэг асуудал арилна. Заавал төвд ирж байшин авч амьдрах гээд байх шаардлага байхгүй болно. Хамгийн их өндөр зардал юу байна гэхээр сумын төв дээр цагдаа, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын үйл ажиллагаа гэх мэтчилэн зүйлсэд л их төсөв зарж байна. Мөн зээл ба мөнгө цацдаг нэг асуудал байна. Зээл авна, авсан зээлээ зүгээр тараагаад халамжлаад май гээд өгөөд дуусгачихна. Тэр мөнгөө идээд дууслаа, эргээд харахад бүх зүйл яг хэвээрээ, үр дүнд нь төсөв нимгэрсэнээс өөр зүйлгүй байж байдаг. Ахмадын гэр  барих,  хүүхдийн тоглоомын талбай хийх мэтийн зүйлд зарцуулаад дуусдаг. За товчхондоо хамгийн түрүүнд малчин өрхүүдийн ариун цэврийн асуудлыг шийдэж, аялал жуулчлалын таатай нөхцөл болох нөхцөлийг хангаж өгөх.

Та аливаа ажлаа зөв шат дараатайгаар хийж цааш ахиулах, ажлын байр болоод үр нөлөө өгөх зүйлд мөнгө төсөв зарцуулья гэж байна. Энэ мэдээж зөв зүйл гэснээс та биеэ засаад гэрээ засаад төрөө засах дараалллаар явж байгаа хүн мөн үү?

Тэгсэн. Тийм учраас би тодорхой хэмжээний төр, иргэдийн төлөөлд байж нутгийн зөвлөлийн тэргүүлэгч ингэлээ гээд надад ашиг хонжоо байдаггүй. Харин орон нутгаасаа хэн сайн ажиллаж байгаа вэ тэр хүнийг урамшуулах, хэн ядраад байна тэрэнд туслах хандив зохион байгуулах. Тэгээд энэ хүмүүс хооронд нь холбох. бие биенээ мэдэх гэдэг зүйлсэд ач холбогдол өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хүмүүс хөдөөнөөс хотод орж ирээд бие биетэйгээ суух, цус ойртох гэдэг асуудал бий болж байгаа. Өөрөө өөрийгөө гэж биш нийгэмд өөрийнхөө зүгээс боломжийг ашиглах, ашиглуулах шаардлагатай байна гэж үздэг.  Зүүний нам нийгмийн халамжийн чиглэлтэй зээл аваад л тэрийгээ тарааж дуусгаад байна. Барууныхаар арай бүтээлч чиглэлтэй баймаар байна. Хүүхдэдээ зүв зүгээр хоол хүлээгээд сууж байдгаар хүмүүжүүлсэн нь дээрүү, аль эсвэл өөрөө хөдөлмөрлөж хоолоо олж идэхийг зааж өгсөн нь дээр юмуу?  Манайх тогтолцоо нэг л болж өгдөггүй. Тухайлбал: Үндсэн хуулийн цоорхой,  хэрэгжилт гэх мэт асуудлууд байна. Нэг асуудал болоод иргэдийн хурал хуралдах болоход нэг дарга нь халагдчих гээд хуралдахгүй яваад л байна. Хуулиараа бол 14 хоногийн дотор зарлан хуралдана гэсэн байдаг.  Гэтэл ингээд зарим хүнийх нь эрх ашгаас шалтгаалаад хуралдахгүй байгаад байдаг. Энэ тохиолдолд хуралдахгүй бол яах вэ гэдэг заалт байхгүй. Тэгээд л хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд л байж байна. Хууль тогтоож байгаа улсууд заавал иймэрхүү байдлаар хуулийн цоорхой үлдээгээд байгаа байхгүй юу. Одоо тахал гарсан энэ үед хэрэв сонгууль болохгүй бол яах вэ гэсэн зүйлс ч тодорхойгүй байсаар байна.

Үндсэн хуульдаа бид өөрчлөлт оруулж чадлаа.  Та иргэний болон улстөрчийн хувиар энэ асуудалд хэр оролцсон бэ?

Би АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, ССАЖЯ-ны бодлогын зөвлөлийн дарга, Дундговь аймагт АН-ын дарга 7 жил хийлээ. Засаг дарга хийлээ, Иргэдийн хурлын төлөөлөгч байлаа. Энэ хүрээнд надад бүр үүрэг үүсч байна гэсэн үг. Энийг зохион байгуулж байгаа улсууд хэний саналыг аваад, хэний саналыг далд хийж байна вэ гэдэг л гол. Бүх аймгаар яваад санал авчихсан гэж яриад байгаа. Гэтэл хүмүүс “Хүүшээ тиймүү хэзээ авчихсан юм бэ, би лав өгөөгүй гэдэг. Тэр өгчихсөн санал нь 1000 хүнээс санал авсан бол 1000 хуудас байх ёстой. Тэр 1000 хуудсыг нэг хүн бөглөөд өгсөн юмуу нэг хүн 1000 болгоод бичээд өгчихсөн юмуу мэдэхгүй. Энэ нь  тодорхой биш байгаа. Энийг тодорхой байлгах сонирхол зарим улсуудад байхгүй.

Яг санал авсан юмуу, үгүй юмуу гэдэг асуудал дээр та өөрөө дуугарсан уу?

Дуугарсан. Тухайлбал,  АН-ын улс төрийн зөвлөл энэ асуудалтай холбоотойгоор санал ардчилсан намын зөвлөлд хүргэгдсэн би гарын үсгээ зураад явуулсан. Энэ асуудлыг гол нь хүлээж аваагүй. Би иргэний хувьд ч бас хэлж байсан. 

Иргэн хүний нүд, эрх баригч хүний нүд өөр өөр зүйлсийг хардаг уу, адилхан уу?  

Хоёр өөр зүйлийг харна. Би бол хүлээсэн эрх үүргээ яаж хариуцлагатай хийх вэ, иргэн хүний хувьд бол шүүмжлэлтэй ханддаг.  Би иргэн хүний нүдээр энэ нийгэмд шүүмжлэлтэй хандаж эрх баригч хүний нүдээр энэ нийгмийг өөрчлөх боломжийг харж байна. Гэвч асуудал байдаг. Ганц миний шийдлээр бүх юм хэрэгжээд явчихна гэдэг тийм ч амаргүй, гэхдээ хийх ажил зогсохгүй. Монголчууд танилдаа санал өгдөгөө болих хэрэгтэй. Агаарын юм ярьж амаараа салхи үлээдэгт нь биш хөрсөн дээр сэтгэж нар салхинд гүйж бүтээж байгаад нь саналаа өгдөг баймаар байна. Амаараа сайхан амьдруулна гэж гарчихаад гарсан хойноо юу амласнаа ч санадаггүй. Амлалт, биелэлт гэдэг бол онол практик зөрдөг шиг л байна.

Онол амьдрал дээр хэр чухал вэ? Та хэр онолддог вэ?

Би Физик, Математикийн багш мэргэжилтэй хүн. Зүгээр энэ дээрээ тулгуурлаад жишээ хэлэхэд математик бол онол, физик бол практикт тулгуурласан. Онол 100 хувь үнэн байдаггүй ч бага алдах боломжийг л олгодог.  

Таны амлалт биелэлт зөрсөн гэсэн шүүмж хэр ирдэг вэ?

Би хийсэн бүтээсэн тал дээрээ ч хувь хүн тал дээр нь шүүмж зөндөө  сонсож, хариу өгч шийдвэрлэж байсан. Харин харамсалтай  нь бусдаас ирж байгаа гомдол шүүмж ихэнхдээ явган цуу яриа, үндэслэлгүй шүүмж зэрэг байдаг учраас тэр болгонд би гомдоод байх шаардлагагүй. Иргэдээс ирсэн гомдолд миний эрх хэмжээнд хамаарагдах хамаарагдахгүй зүйл ч байна. 

Ярилцсан: Х.Ургамал

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.