Н.Мандуул: ШАР ХООЛОЙН аманд Г.Загдаагийнх шиг АСРАМЖИЙН ГАЗАР БАЙГУУЛНА
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-04-16

Зөв амьдрах ухаан” ТББ-ийн тэргүүн Г.Загдаатай холбоотой хэвлэлийн хурлаас болж нийгэмд нэлээд ширүүхэн нөхцөл байдал үүсэв. Түүний асрамжийн газарт нийгэмшиж байсан Халиун гэх эмэгтэй мэдэгдлээс улбаалан хэвлэлийнхэн Г.Загдаагийн эсрэг хүч түрэн дайрч, улмаар цагдаагийн алба хаагчид ч ирж, төрийн байгууллагын ажилчдыг хамгаалав.

Гол яригдсан асуудал нь хүчингийн гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэгддэг тухай байв. Мөн бага насны олон хүүхэд байдаг учраас хүүхдийн хүчирхийлэл ч явагддаг гэж мэдэгдсэн. Хүүхдийн эрхийн асуудал яригдсан учраас Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Н.Мандуул тэргүүтэй мэргэжлийн байгууллагынхан очсон юм.

Хэрүүл тэмцэл, шуугиан дунд нэгэн зүйл яригдсан нь анхаарал татсан юм. Дээрх газрын асуудлаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуулаас тодрууллаа.

-Иргэн Г.Загдаатай холбоотой асуудал нэг хэсэг нийгмийн анхаарлын төвд байлаа. Түүний байгуулсан “Зөв амьдрах ухаан” ТББ-д байдаг хүүхдүүдийг төрийн мэдлийн асрамжийн газарт авъя гэж байгаа ч тэднийх явуулахгүй гэж байна. Та нарын зүгээс ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

Иргэн Г.Загдаагийн үүсгэн байгуулсан “Зөв амьдрах ухаан” ТББ-т нийт 68 хүүхэд байдаг. Тэдний дөрөв нь харж хандах хүнгүй, эцэг эхгүй. 64 нь аав ээжтэйгээ хамт амьдардаг. Манай зүгээс тэр дөрвөн хүүхдээ л авъя гэж байгаа юм. Аав ээжтэйгээ байгаа хүүхдүүд нь тэндээ амьдарч болно.

Зөв амьдрах ухаан ТББ-т чинь хүүхдийн цэцэрлэг, тогооомын төв байна шүү дээ. Тэднийг энд нь байлгаж, мэргэжлийн байгууллагууд нь ирж зөвлөөд явж болдоггүй юм уу?

Тэгэх боломж байхгүй. Эдний асрамжийн төвд хүүхэд хүмүүжих ямар ч боломж байхгүй. Зөвшөөрөл байхгүй. Тийм учраас хүүхдүүд төрийн байгууллагын асрамжийн газарт байх ёстой. Тийм ч хуультай.

Танай байгууллагыг хамтаръя гэхээр огт хүлээн зөвшөөрдөгггүй гэж иргэн Г.Загдаа ярьсан шүү дээ. Гэтэл танай байгууллага байнга хамтаррдаг гэж байна.Хэн нь үнэн яриад байна вэ?

Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж болно гэж бий. Энэ дагуу “Зөв амьдрах ухаан” ТББ-тай манай нийслэлийн ЗДТГ байнга хамтарч ажилладаг. Архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлж, төлөвшүүлдэг нь ганц эднийх ч биш. “ААВ” нийгэмлэг, “Амьд аваргууд” зэрэг ТББ байдаг. Нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, чиг баримжааг нь дэмжиж жилдээ найман сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ чиглэлээр нь хамтарч ажилладаг. Харин хүүхдүүдийг асардаг, хүмүүжүүлдэг газар нь тусдаа байдаг. Г.Загдаа гуайн байгууллагад хүүхдүүд өсөж том болох орчин биш. Зөвшөөрөл ч байхгүй гэдгийг дахин тодотгоё.

 Нийслэлийн удирдлагатай уулзсан гэдэг. Та хэд ямар шийдэлд хүрсэн юм бэ?

2019 оны 12 сарын 16-нд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай иргэн Г.Загдаа бид гурав уулзаж зарим зүйлийг тохирсон. “Зөв амьдрах ухаан”ТББ хэдийгээр гэр оронгүй, архины хамааралтай хүмүүсийг авч, нийгэмшүүлж, тусад нь гэр барьж байгаа ч сэтгэл засал, сэтгэл зүй, наркологийн эмчилгээ огт хийгддэггүй. Тийм учраас яг түүнтэй ижил төстэй байгууллага байгуулж, мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлдэг улмаар ар гэртээ холбогддог, хөдөлмөр эрхэлдэг боломж бий болгоё гэж тохирсон.

Та “бид хоёрт тохирсон яриа бий шүү дээ” гэж ярилцаж байхыг тань сонссон. Иргэн Г.Загдаа та хоёр ямар зүйл тохирсон юм бэ?

Засаг даргатай уулзаж ярилцсаныгаа л хэлсэн.

Таныг БЗД-т 20 гар газар өөрийн нэр дээрээ авсан гэх яриа байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

Би нэр дээрээ аваагүй. Нийслэлийн өмчийг газар. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон. Шар хоолойн аманд 10 га газар авсан. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1,4 тэрбумын төсөв хүртэл гаргуулсан. Энэ хавартаа бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлнэ. Тендер нь удахгүй зарлагдана.

Тэнд ямар үйлчилгээ явуулах юм бэ?

Шар хоолойн аманд иргэн Г.Загдаа гуайнх шиг асрамжийн төв байгуулна. Тэр нь нийслэлийн өмчит, төрийн байгууллага байх юм. Архины хамааралтйа хүмүүсийг нийгэмшүүлэх, сэтгэл зүйн болон сэтгэл заслын, хордлого тайлах эмчилгээ хийдэг. Улмаар ар гэртэй нь холбох, хөдөлмөр эрхлэлтэд зуучилна. Угаас ийм үйлчилгээ үзүүлэх ёстой. Би бол хууль мөрдүүлэх, хэрэгжүүлэх ёстой хүн. Миний үүрэг энэ.

Нийслэлийн хэмжээнд архины хамааралтай хичнээн мянган хүн байдаг юм бэ?

Он гарсаны дараахан ЦЕГ-тай хамтраад “Тэнэмэл” гэх нэртэй аян өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд нийтдээ 2470 орчим иргэн яг гудамжинд амьдарч, архины хамааралтай байна гэсэн тооцоо гаргасан. Энэ бүх хүмүүсийг эмчилнэ гэхээр манай төрийн байгууллагуудын харъяа эмнэлгийн ор хүрдэггүй. Наркологийн төв 30 ортой, нийгмийн тусгай тусламжийн төв 50 ортой. Ингээд бодохоор нэгдсэн цогцолбор төв хэрэгтэй болж байгаа юм.

“Зөв амьдрах ухаан -2” нэртэй төв байгуулах юм уу...?

Жишээ татаж л тийм зүйл ярьсан. Заавал Г.Загдаа гуайн байгууллагын нэрийг ашиглах шаардлага байхгүй. Манай нийслэлд нийгмийн тусгай үйлчилгээний төв нэртэй төрийн үйлчилгээний байгууллага байна. Түүний харьяанд өгч ч болно. Муу ч сайн ч төр байна даа. Мэдэх ёстой зүйлээ мэдэх л болно.

Урьд өмнө нь төрийн байгууллага “Зөв амьдрах ухаан” ТББ-ын ажил хөндлөнгөөс ингэж оролцож, хошуу дүрж, хүн булаацалддаггүй байсан. Гэтэл та яагаад ингээд оролцоод эхлэв?

Өмнөх хүмүүс яаж ажилласаныг би дүгнэх эрхгүй. Би бол хууль хэрэгжүүлэгч, төрийн хүн. Үүнийгээ л хийж байна. Даврааж, дураар нь байлгаж болохгүй. Төр өөрийнхөө хийх ажлыг хийх л ёстой. Дэмжих үедээ дэмжинэ. Дэмжих боломжгүй юмыг яах ч аргагүй. Хүүхэд бол бидний ирээдүй. Тийм харгис зан авиртай хүний асрамжид хүмүүжиж хэрхэвч болохгүй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.61.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.