Ч.Улаан сайд УУЧЛАЛ ГУЙЖ, Ч.Хүрэлбаатар сайд НООЛУУРЫН УРАМШУУЛАЛ олгоно гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-05-26

Энэ оны гуравдугаар сард Засгийн газраас малчдын ноолуурыг дунджаар 100 мянган төгрөгөөр авна гэж мэдэгдсэн. Харамсалтай нь энэ ажил хэрэгжих шатандаа гацсан. Улмаар 70-80 мянган төгрөгийн ханштай хэвийн явагдаж байсан ноолуурын үнийг 40-50 мянган төгрөг болгож буулгаснаар малчдыг ихээхэн бухимдуулсан юм.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Өдрийн сонины өнөөдрийн дугаарт ярилцлага өгөх үеэрээ малчдаас уучлал гуйжээ. Тэрээр, “100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй, Малчдаасаа хүлцэл өчье” гэжээ. Мөн тэрээр “Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн” хэмээжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр, “Коронавирусийн цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 213.7 тэрбум төгрөг зарцуулаад байна. Оношилгоо эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн. Нийт 17 сая амны хаалт, 5 мянган халуун хэмжигч орж ирсэн.

Мөн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хувийн ААН-ийн ажилчдыг ХХОАТ-аас чөлөөлсөн. Мөн ипотекийн зээлээс 20 мянган иргэдийн 150 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг хойшлуулсан. Хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг нэг жилээр хойшлуулаад байгаа. Тэтгэвэр тэтгэмжийг 100 мянгаар, 1.1 сая хүүхдэд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүний дараа малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор болоод байна. Үүнийг олгох бэлтгэл ажил явагдаж байна. Удахгүй олгож эхэлнэ. Мөн НДШ-ээс 37 мянга гаруй ААН-ийн 390 мянган даатгуулагчийг хамрууллаа. Нийт ААН-ийн 97 хувь нь юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.