Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан: Завхан аймаг 335 километр хатуу хучилттай авто замтай боллоо
Ярилцлага
/
2020-01-10

Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Улиран өнгөрч буй 2019 он Завханчуудын хувьд ямар ололт амжилттай жил байв. Та аймгийн Засаг даргаар ажиллаад 3.5 жил болсон байна. Ард түмэндээ амласан амлалтаа хэрхэн биелүүлэв?

 

Баярлалаа. Нийт Монголчууддаа, оюунлаг Завханчууддаа шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлье. Намайг 2016 оны наймдугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргаар томилогдож ирэхэд ард иргэдийн маань хамгийн түрүүнд тавьсан хүсэлт бол авто зам байсан. Улиастайгаас Тосонцэнгэл ороход найман цаг зарцуулдаг, орон нутгийн замын сангийн хөрөнгө 1600 төгрөгтэй хүндхэн үед ард түмнээсээ хэцүүхэн даалгавар авсан хэдий ч олон бэрхшээл саадыг давж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажилласны үр дүнд чамлахааргүй амжилтад хүрээд байна. Ажлаа авсны маргааш буюу 2016 оны наймдугаар сарын 13-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт айлчилсан юм. Мэдээж хамгийн түрүүнд Завхан нутгаа замтай болгоход дэмжлэг үзүүлэх хүсэлтийг уламжилсан маань ч үр дүнгээ өгсөн.  Ард иргэд маань Загастайн давааны 67 километр замаар зорчиход 4-5 цаг зарцуулж, 2-3 дахин илүү зардал гаргаж байсан тул “Сэтгэлийн дэм” аян өрнүүлж, алтан шар замаа засахаас ажлаа эхлүүлж байлаа. 2017 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114.2 километр хатуу хучилттай авто замын ажил, 2018 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын 660 сая юанын концессийн гэрээгээр Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 километр хатуу хучилттай авто замын ажил тус тус эхэлж байсан бол 2019 онд эдгээр автозамуудаа бүрэн дуусгаж ашиглалтад хүлээж авлаа. 2017 оны тавдугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээс хэмнэгдсэн хөрөнгөөр барих шийдвэр гарсан хэдий ч гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниудын сонгон шалгаруулалт, гэрээ хэлцэл байгуулах зэрэгт багагүй хугацаа шаардагдаж, тал талаасаа шахаж ажилласны үр дүнд 2019 оны долдугаар сард авто зам барилгын ажлыг эхлүүллээ. Гүйцэтгэгч компаний төлөвлөгөөгөөр 2019 онд зөвхөн газар  шорооны ажлыг хийх байсан ч бид 17 километр замын асфальтобетон хучилтыг хийлгэлээ. Ирэх жил үлдсэн 50 километр замын хучилтыг дуусгаснаар аймгийн төв Улиастай хот нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно. Сонгино-Увс чиглэлийн 135 километр хатуу хучилттай авто замын 50 километр нь Завхан аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, хойд чиглэлийн сумдын нутгаар 217 километр хатуу хучилттай замтай боллоо. Ингэснээр Завхан аймгийн нутаг дэвсгэрт 335 километр хатуу хучилттай зам шинээр ашиглалтад орж таван сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, 13 сумын ард иргэд үр шимийг нь хүртэж байна. 2019 онд Донойн нисэх онгоцны буудал хатуу хучилттай зурвастай болсноор хоёр авиа компани Улаанбаатар хот руу долоо хоногт 4-5 удаагийн нислэг үйлддэг болж иргэд хоёр дахин хямд зардлаар зорчиж эхэллээ. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаа бол Завханчуудын хувьд хөгжил дэвшилд хөтөлсөн авто замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөн өгөөжтэй сайхан жилүүд байлаа.

 

Зам дагаж Завхан нутагт хөгжил ирэх нь дамжиггүй. Цаашид нутгийнхаа хөгжлийг зөв чигт залуурдах хүнээ хөгжүүлэх асуудал бас их чухал болов уу?

 

Тэгэлгүй яахав. Дэлхийн хөгжилтэй орнуудын туршлагаас харахад хүнээ хөгжүүлсэн нутаг орон түрүүлж хөгждөг. Тиймээс хүнийхээ хөгжилд чиглэсэн “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөрийг 2016 онд боловсруулан баталж, тус хөтөлбөрийн хүрээнд “Сайн эмч”, “Сайн багш”, “Сайн малчин”, “Сайн бизнесмен”, “Сайн оюутан” дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсох хариуцлагатай үүргийг хүлээж цаг наргүй ажилладаг эмч нарынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын сургалтуудад эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ 70 хувийг үе шаттай хамруулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаснаар Улаанбаатар хотод хийлгэдэг эмчилгээ, үйлчилгээг ард иргэд маань орон нутагтаа хийлгэдэг болж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, илүү сайн ажиллах эрч хүч, урам зориг өгөх зорилгоор шилдэг 40 эмчийг шалгаруулж, шилдгийн шилдэг эмчээ 10 сая төгрөгөөр, шилдэг есөн эмч тус бүрийг нэг сая төгрөгөөр, шилдэг 30 эмчийг тус бүр 300 мянган төгрөгөөр шагналаа. Сайн багшаас сайн шавь, ирээдүйд Завхан нутгийн хөгжлийг түүчээлэх сайн боловсон хүчин төрнө. Тиймээс багш нарынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сэтгэлгээ хандлагыг өөрчлөх зорилгоор “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд “Багшийн сэтгэл хүүхдэд” багш, удирдах ажилтны сургалтуудыг улсын тэргүүний Сант, нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургууль, МУБИС-тай хамтран зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөөр байна. Түүнчлэн багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, урам өгөх, илүү их хичээх хүсэл тэмүүллийг нь хурцлах зорилгоор шилдэг 100 багшаа шалгаруулж  шилдгийн шилдэг багшаа 10 сая төгрөгөөр, шилдэг есөн багшийг тус бүр нэг сая төгрөгөөр, шилдэг 90 багшийг тус бүр 300 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа. “Сайн малчин” дэд хөтөлбөрийн хүрээнд жил бүр малчдын зөвлөгөөнөө сум, аймагтаа зохион байгуулж, малчид туршлагаа солилцдог боллоо. Байгаль эх дэлхийдээ ээлтэй, зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай,  уламжлалт нүүдэлчдийн өв соёлыг хадгалж бусдыгаа манлайлж яваа сайн малчдаа “Эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-аар шалгаруулж, өргөмжлөл, тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Ер нь сайн ажиллаж буй хүнийг шагнаж урамшуулах нь олон талын ач холбогдолтой.

 

Мал аж ахуйн салбарт улсын хэмжээнд туршлага болохуйц олон ажлын анхдагч аймаг болсон шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

 

Завхан аймаг малын гоц халдварт өвчин гараагүй, эрүүл бүс нутгаа хадгалж, Мал эмнэлгийн ерөнхий газар, “Ногоон алт” төсөлтэй хамтран Монгол улсын хэмжээнд анх удаа малын эрүүл мэндийн цахим системийг 24 сумандаа нэвтрүүллээ. Уг системийг нэвтрүүлж мал бүрт эрүүл мэнд, гарал үүслийн мэдээлэл бүхий тусгай төхөөрөмж суулгаснаар хүн амыг баталгаатай, эрүүл хүнсээр хангах, малын эрүүл мэндээ хамгаалах, малчдын орлого нэмэгдэх, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөнийг хянах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Малын эрүүл мэндийн цахим системийг 24 сумандаа нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад  аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангаас 240 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. “Сайн малчин” дэд хөтөлбөрийн хүрээнд малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г хөдөөгийн 23 сумандаа байгуулсан нь улсын хэмжээнд туршлага болохуйц шинэлэг ажил боллоо. Малчид нэгдүгээр ангийн хүүхдээ дагаж хэн нэг нь сумын төвд суурьших, хоёр талд зарлага гаргах, гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх зэрэг тулгамдсан асуудлыг “Гэр өргөө”-тэй болсноор бүрэн шийдвэрлэж, малчид хүүхдэдээ санаа зовохгүйгээр мал аж ахуйн салбартаа гэр бүлээрээ амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Одоогоор 23 сумын “Гэр өргөө”-нд малчны зургаан настай 200 гаруй хүүхэд амьдарч байна. Ийнхүү хөдөөгийн сум бүрт “Гэр өргөө” байгуулснаар малчны зургаан настай хүүхдүүд асрагч багшийн байнгын хараа хяналтан дор, гэртээ байгаа мэт тохилог, тав тухтай орчинд үеийнхээ хүүхдүүдтэй амьдарч, харилцан суралцаж, хамтдаа хөгжиж, бие даах чадварт суралцаж байна.

 

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих томоохон зорилт тавиад мөн л гурван жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар ахиц дэвшил гарав?

 

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтоо хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн үндсэн үе шатыг туулах шаардлагатай юм. Нэгдүгээр үе шат буюу нэн түрүүнд өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 2016 оноос оёдол, эсгүүрийн сургалт, 2017 оноос эсгий, эсгий эдлэлийн сургалт, 2018 онд ахисан түвшний сургалтуудыг сум бүрт зохион байгуулснаар 4000 гаруй иргэд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Завхан аймгийн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хоёр дахин, боловсруулах салбарын үйлдвэрлэл гурав дахин өссөн статистик үзүүлэлт гарлаа. Ажилгүйдэл өмнөх дөрвөн жилийн дунджаас 30.8 хувиар буурч, улсын хэмжээнд 21 аймгаас ажилгүйдэл багатай аймгийн хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Үйлдвэрлэлийн хоёр дахь үе шат бол сумын түвшний жижиг үйлдвэр, цехийг байгуулах явдал юм. Тиймээс бүс нутгийнхаа онцлог, нөөц боломж, давуу тал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан жижиг, дунд үйлдвэрлэлийг байгуулж, шинэ ажлын байр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг зорьж өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо “Хөрөнгө оруулагчдын чуулган”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус чуулганы үр дүнд сум бүрт бүс нутгийнх нь онцлогт тохирсон 2-5 жижиг үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, нийт 86 төслийг 30 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн нь үр дүнгээ өгөөд эхэллээ. Тухайлбал, ADRA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Идэр суманд Герман технологиор бага оврын “Бяслагны үйлдвэр”, “Хомын талын тахь” төслийн хүрээнд Дөрвөлжин суманд чацарганы үйлдвэр байгуулагдаж байна. Түүнчлэн гадаад зах зээлээс багагүй хөрөнгө босгож орон нутгийн үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. Европын холбоо, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Франц улс дахь салбарын 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа, тэр дундаа Завхан аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд ИНБ-уудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” эдийн засгийн тусгай төсөл 2018 оны нэгдүгээр сараас зорилтот 12 суманд амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 8172 иргэнийг сургалтад хамруулснаар 62 бүлэг байгуулагдлаа. Эхлээд үйл ажиллагаагаа явуулах аргачлалыг нь заасны дараа 29 бүлгийг 176 сая төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Төсөл хэрэгжих сүүлийн жилд үйлдвэрлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбож өгнө. Эдийн засгийн тусгай төсөл үргэлжлэн хэрэгжих 2020, 2021 онд бүлгүүдэд дахин 360 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж олгоно. Мөн аймгийн Засаг даргын хувьд гадаад зах зээлээс 380 сая төгрөг босгож, энэ хөрөнгөөр 24 суманд тус бүр нэг жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд нэхий, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах санал ирүүлсэн долоон сумыг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангалаа.  Ингэснээр нийт 10 сум нэхий, арьс шир элдэх төхөөрөмжтэй болж, үнэгүйдээд байгаа малын гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдээд байна. 2020 оны аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэгч бүлэг, цехүүддээ бизнесээ амжилттай авч явахад нь зөвлөн туслах бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Баялаг бүтээгчдээ дэмжиж жил бүр үзэсгэлэн худалдаануудыг тогтмол зохион байгуулж хэвшлээ. Тухайлбал 2019 онд “Хамтын хүч-Хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдаагаар 100 гаруй сая төгрөг, Эрдэнэт хот дахь “Завхан бренд” үзэсгэлэн худалдаагаар 187 сая төгрөг, “Цагаан сар” үзэсгэлэн худалдаагаар 106.5 сая төгрөг, “Арц суурь-2019” үзэсгэлэн худалдаагаар 500 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ.

 

Хөдөөгийн иргэд нутагтаа, сумандаа сайхан амьдрах нөхцөл бололцоогоор хангагдах нь чухал. Энэ боломжийг бүрдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

Орон нутгийнхаа зам харилцааг сайжруулах, ард иргэдээ тав тухтай орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг нь бүрдүүлэхийг хичээж ажилласны үр дүнд сүүлийн жилүүдэд нийслэл хотруу шилжих иргэдийн тоо харьцангуй багассан. Тухайлбал Улиастай хотод  иргэдэд үнэгүй газар олгож, шугам сүлжээний асуудлыг  шийдвэрлэж амины орон сууцны “Цэнгэлдэх” хороолол байгуулснаар иргэд өөрсдийн санхүүгийн боломжиндоо тааруулан 1-2 давхар хаус барьж тав тухтай амьдарч байна. Зах зээлийн ханшнаас хямд буюу 50 сая төгрөгөөр 80 метр.квадрат талбайтай хоёр давхар байртай болно гэдэг ялангуяа залуу гэр бүлийн хувьд их чухал хөрөнгө оруулалт болсон. Цаашдаа хөдөөгийн сумдад ийм орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. 2019 онд Завхан аймагт 400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэний 300 тэрбум төгрөг нь авто замын бүтээн байгуулалт юм. Шинээр 23 барилга байгууламжийн ажлыг эхлүүлж, сүүлийн 10 гаруй жил царцсан 15 барилгыг ашиглалтад орууллаа. 14 сум нэгдсэн халаалтад холбогдсоноор хөдөөгийн  иргэд дулаан, тохь тухтай орчинд ажиллаж, амьдарч байна. 2019 онд 17.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий Ерөнхий боловсролын сургуулийн таван барилга, таван тэрбум төгрөгийн өртөг бүхий сургуулийн өмнөх боловсролын таван барилга, 17.8  тэрбум төгрөгийн өртөг бүхий соёлын төвийн долоон барилга, гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий Эрүүл мэндийн төвийн гурван барилга баригдаж, 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийн 10 барилгын их засварын ажлыг тус тус хийлээ. Дэд бүтэц, шугам сүлжээ, нийтийн спортын талбай, конторын барилгын 19.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 11 төсөл хэрэгжиж байна. Улиастай суманд 9.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Гудамж” төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд төв тойрог дөрвөн замын уулзвар, гэрлэн дохиотой боллоо. 2020 онд 6.5 километр хатуу хучилттай авто зам, зургаан километр дугуйн зам, явган хүний зам, 250 ширхэг гэрэлтүүлэг, 255 авто машины  зогсоол, нэг километр ус зайлуулах хоолой хийгдэж, төв гудамж дөрвөн эгнээ замтай болно. Завхан аймаг 1000 хүний суудалтай “Усан бассейн бүхий спорт цогцолбор”-той болсноор ард иргэд төрөл бүрийн спортоор хичээллэж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна усан спорт, бусад спортын төрлүүдэд амжилт гаргасаар байна. Жил бүр “Миний гоё сум”, “Эко Завхан” уралдаант аяныг зохион байгуулсны үр дүнд сум бүр ард иргэдийнхээ оролцоотойгоор төрөлх сумаа гоё, сайхан болгох бүтээн байгуулалтын олон шинэлэг ажлыг санаачилан хийж амьдрах орчноо сайжруулсаар байна. Ард иргэдийнхээ аятай тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах зорилгоор шинээр 10 сумыг нэгдсэн халаалттай болгосноор хөдөөгийн сумдын 60 гаруй хувь нь нэгдсэн халаалттай боллоо.

 

Ард иргэдийнхээ оролцоог хангаж гаргасан аливаа шийдвэр амжилттай хэрэгжиж, ажил хэрэг болохдоо илүү шуурхай байдаг. Аймаг орон нутгийн ажил бэрхшээл саад багатай урагшилж буй нь нэг талаас “Ард иргэдээ сонсох аян”-уудыг тууштай зохион байгуулсны үр дүн болов уу?

 

Төрийн албан хаагч бол иргэндээ үйлчлэх ёстой үйлчилгээний ажилтан, төрийн байгууллага бол үйлчилгээний байгууллага юм. Гэтэл энэ тогтолцоо алдагдаж, төрийн албан хаагч, төрийн байгууллагын хүнд суртал, эрх ямба ихэссэн нь нууц биш. Тиймээс Завхан аймаг ард иргэдээ сонсдог, ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, хийсэн ажлаа ард иргэддээ тайлагнадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн албан хаагчдын ажлыг дарга нар бус ард иргэд үнэлдэг “Иргэн төвтэй төр бүхий аймаг” болох зорилт дэвшүүлэн дөрөв дэхь жилдээ амжилттай ажиллаж байна. “Ард иргэдээ сонсох анхдугаар аян”-аа  2016 онд эхлүүлж найман мянга гаруй иргэнийхээ санал хүсэлтийг сонссон бол 2017 онд 11 мянга, 2018 онд 12 мянга, 2019 онд тус аяныг гурван удаа зохион байгуулж нийт 45 мянга гаруй иргэнийхээ санал бодолд тулгуурлан Завхан аймгийн 2020 оны төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлээ баталлаа. Сумын нэг төрийн байгууллага руу ороход төрийн албан хаагч нь иргэнээсээ ялгагддаггүй байсан бол төрийн албан хаагчид хувцасаар жигдэрч, төрийн албан хаагчдын баримтлах есөн зарчим, “Би авлига авахгүй, өгөхгүй” гэсэн бичиглэл бүхий энгэрийн тэмдэг зүүж хэвшлээ. Төрийн албан хаагчдаа чадавхжуулах сургалтуудыг шат дараатай зохион байгуулж 2019 онд гэхэд 39 удаагийн сургалтад давхардсан тоогоор 2500 орчим төрийн албан хаагчд хамрагдсан байна. Төрийн албаны тухай шинэ хууль батлагдсантай холбогдуулан нийт 157 төрийн захиргааны албан тушаалтанд хамаарах 112 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 32 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан анхны аймаг боллоо. Монгол Улсын Засгийн газраас аймгуудын 2018 оны ажлыг дүгнэхэд манай аймаг улсад зургаадугаар байрт шалгарлаа. Мөн улсын хэмжээнд явагдсан авлигын индексийн судалгаа буюу шударга байдлын үнэлгээгээр улсад тэргүүн байр, хэрэглэгчийн үнэлгээгээр улсад хоёрдугаар байрт шалгарч ЗГХЭГ, Төрийн албаны төв байгууллага, архивын улсын үзлэг зэрэг дээд байгууллагын үзлэг шалгалтаар “Маш сайн” үнэлгээ авсан нь бидний ажлын чухал үзүүлэлт гэж ойлгож байгаа.

 

 2020 онд Завхан аймагт ямар онцлох бүтээн байгуулалтын ажлууд өрнөх бол?

 

Шинэ он гарсаар “Ард иргэдээ сонсох наймдугаар аян”-аа эхлүүлж 24 сумын 116 багийн 20 мянган өрхөөрөө орж төрийн албан хаагчдын 2019 оны ажлыг ард иргэдээрээ үнэлүүлэх, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох уламжлалт ажлаа эхлүүлээд байна.

2020 он мөн л бүтээн байгуулалт арвинтай сайхан  жил болно. Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам барилгын ажил дууссанаар Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно. “Гудамж” төсөл хэрэгжиж дууссанаар хотын өнгө төрх сайжирна. Боловсрол, соёл, урлагийн салбарт 78 тэрбум төгрөгийн өртөг бүхий 30 хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс сургуулийн есөн барилга, спорт заалны гурван барилга шинээр баригдаж, зургаан барилгад их засварын ажил хийнэ. Цэцэрлэгийн найман барилга, соёлын төвийн таван барилга ашиглалтад орж, хоёр сумын соёлын төвийг барилгад их завсар хийнэ. Эрүүл мэндийн салбарт 5.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Алдархаан, Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад оруулж, Завханмандал суманд шинээр амбулаторийн барилга барьж, Дөрвөлжин сумын  Эрүүл мэндийн төвд өргөтгөл хийнэ. Шинээр 5.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн сумын Засаг даргын Тамгын газрын барилга баригдаж, 4.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гурван сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг ашиглалтад оруулна. Дэд бүтцийн салбарт 32.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 12 хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Тухайлбал, Алдархаан сумын “Шинэ сум” төсөл хэрэгжиж дуусна. Доной нисэх буудлын уулзвараас Алдархаан сумын төв хүртэлх хатуу хучилттай авто зам ашиглалтад орно. Хар нуурын аялал жуулчлалын дэд бүтэц төсөл хэрэгжих бол Их-Уул сум гурван километр хатуу хучилттай авто замтай болно. Баянтэс сумаас Тэс сум хүртэлх 15 кВт-ын 45 километр цахилгаан дамжуулах агаарын  шугам, дэд станц баригдана. Рашаант багаас Хожуулын голын рашаан сувилал хүртэлх 35 километр 10 кВтын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл хийгдэнэ. Ургамал сумын Хүнгүйн голын төмөр бетон гүүр баригдана гэх мэт хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ. Нийтдээ 2020 онд 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил Завхан аймагт өрнөнө.

 

Ярилцсанд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.22.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.