Дуун хөрвүүлэгч Жигжидсүрэнгийн Нэргүй "День Победы" дууг яруу тансаг монголчилжээ    
Ярилцлага
/
2020-08-27

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, нэрт дуун хөрвүүлэгч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй уулзаж хөөрөлдлөө.

-Яасан гэнэ ээ, Нэргүй ах аа. “День Победы” дууг орчуулаад гэв үү?

-Үгүй ээ, яах вэ, фашизмыг ялсны 75 жилийн ойн баярыг угтаж тэр гайхамшигт "День  Победы"-г үндэстэн бүр өөрийн хэлээр дуулъя гэсэн хөдөлгөөн өнгөрсөн хавар эхэлсэн юм билээ. Ая нь бэлэн байж байгаа юм чинь яахымб. Тэгсэн чинь хамаг дэлхий түлхэц аваад хамгийн бяцхан үндэстнүүд ч өөрийнхөө хэл рүү орчуулаад хангинуулж гарахгүй юу. Одоо ер нь тэрнийг орчуулаагүй хэл үлдээгүй болж байгаа байлгүй дээ. Тэрнийг нь би мэдээгүй явж байсан чинь өнөөх найруулагч На.Болд "Жикомпресс" дээр таараад намайг хатгачихгүй юу, тэгэхээр нь “ядаж муусайн ...нуудаас дор байхдаа яадгиймб, манай монголчууд чинь хагас сая хүлгээ тэр хар дайн руу хөөсөн улс, харчуул нь хангайнхаа хишгийг унагаж, хүүхнүүд нь хурууныхаа бэлзэг, чихнийхээ ээмгийг  мулталж орос ах нартаа бэлэглэсэн юм” гэж шар гозойгоод, тэр шөнөдөө очоод хийчихсэн чинь төгөлдөр хууран дээр тэр үгийг маань аянд нь шалгаад өгөх дуучнаа хүлээгээд. Муусайн немцүүдээс үгүй юм гэхэд, цыганууд, тувачууд, якутуудаас дутаад байхдаа яадгиймб.

-Яасан юм? Якутууд хүртэл орчуулчихсан юм уу?

-Якутууд байтугай л гэчихье. Та нар өөрсдөө  https://диктантпобеды.рф/song гэсэн вейбсайт руу ороод үзээрэй. Бүх хэлний орчуулгаас бадаг бадгаар нь баахан хэл дээр дуулж байгаа бичлэг байгаа. 2020 оны тавдугаар сарын 9-ний өдөр дэлхийн нэг сая 140 сая хүн өөр өөрсдийнхөө хэл дээр дуулсан гэсэн мэдээ байна билээ. Оросын бүх жижиг үндэстнүүд эдигей, татаар, тува, халимаг, цыганууд хүртэл шүү. Англи, франц, немц, нидерланд гээд л. Нүдний нулимс гарах гэж байгаа юм чинь. Намайг 1975 онд яг Минскт сурч байхад Ялалтын 30 жилээр анх гарсан дуу. Тэгэхээр надад бүр ч дотно байлгүй яахав. Намар нь ч бил үү, өвөл нь ч бил үү, Лев Лещенко шүүрч аваад, дуулж цацаад, хэн бүхний зүрхэнд аваачаад хадчихсан юм.

-Тэгээд та өнөө хүртэл дуулуулж чаддаггүй юу. Тоодоггүй ээ?

-Үг нь болчихсон гэвэл дуулах нь ч олдох л байлгүй дээ, үгээ нэг шалгуулчих юмсан гээд л. Болд бид хоёр ердөө л маргааш нь Дуурийн театрынханд аваачиж өгсөн юм. Тэгсэн чинь корона гэж баахан амраад, одоо болохоор албан ёсныхоо ээлжийн амралтыг аваад тараад алга болцгоосон байна лээ. 

-Алив, манайх аваад тавьчихъя.

-Болох юм уу. Танайх чинь улстөрийн сайт биз дээ. Уг нь ч тэгвэл хөдөөгийн сургуулийн хөгжмийн багш ч олж үзээд хүүхдүүдээрээ дуулуулчих юм чинь. Үг нь аянаасаа зөрчих гээд байвал таарахаар нь сонгоод хийчих хачин амархан ш дээ. Харин патент нь над дээр шүү, хэ-хэ. 

 

 

 

Үгийг Владимир Харитонов,  монгол хэл рүү буулгасан Ж.Нэргүй /2020.06.09/

Аяыг Давид Тухманов

ЯЛАЛТЫН ӨДӨР

Ялалтын гялбаа [өдөр] мөнчиг хол байжээ,

Ёлтолзох түүдгийн гэрэл [цог] төдий байжээ.

Үймэрсэн харгуй, улайдсан [түймэрдсэн] замын цаадхи

Энэ өдрийг бид бүхий л  чадлаараа наашлуулжээ.

Дахилт:

Санчиг нь хяруутай Баярын өдөр өө.

Аньсага нь хуртай Баяслын өдөр өө.

Дарийн үнэртэй Ялалтын өдөр өө.

Дэндүү тэртээд  байсан Ялалтын өдөр өө,   Ялалтын өдөр өө.  

Дахилтын өөр нэг хувилбар:

Буурал  шанхтай Баярын энэ өдөр өө. 

Баяслын нулимстай Баярын  энэ өдөр өө.

Дарийн  үнэртэй  Ялалтын энэ өдөр өө.

Дэндүү тэртээд [хол]  байсан Ялалтын өдөр өө,   Ялалтын өдөр өө.  

 

Өдөржин, шөнөжин мартен зуухны дэргэд

Өчүүхэн ч нойр аваагүй Эх орон минь билээ.

Өдөржин, шөнөжин үхэх, сэхэхээ үзэлцэн

Энэ өдрийг бид бүхий л чадлаараа наашлуулжээ.

Дахилт

Ижий тандаа эргэн ирлээ, бүгдээрээ ч биш ээ...

Өглөөний шүүдрийг хөл нүцгэн туучна аа.

Европын талыг, Дэлхийн талыг мөлхөн [явган] туул[а]ж

Ялалтын өдрийг бид бүхий л чадлаараа наашлуулсаан.

 

Энэ бадгийн сүүлийн хоёр мөрний өөр нэг хувилбар:

Тал Европыг, тал Дэлхийг мөлхөн туул[а]ж/

Дайны ялалтыг [Ялалтын өдрийг] бид хамаг чадлаараа наашлуулжээ.

 

Орос эх нь:

День Победы

День Победы, как он был от нас далёк,

Как в костре потухшем таял уголёк.

Были вёрсты, обгорелые, в пыли, —

Этот день мы приближали, как могли.

Припев:

Этот День Победы порохом пропах,

Это праздник с сединою на висках.

Это радость со слезами на глазах.

День Победы! День Победы! День Победы!

Дни и ночи у мартеновских печей

Не смыкала наша Родина очей.

Дни и ночи битву трудную вели —

Этот день мы приближали, как могли.

Припев.

Здравствуй, мама, возвратились мы не все…

Босиком бы пробежаться по росе!

Пол-Европы прошагали, пол-Земли, —

Этот день мы приближали, как могли.

Припев.

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.14.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.