Тангадын Мандир: Би босоо монгол бичигтээ ч, кирил монгол үсэгтээ ч хайртай
Ярилцлага
/
2020-09-06

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач, түүхч Онход Тангадын Мандирыг “Хорин нэгэн хөрөг” түүх-уран сайхны ном, “Саран зэв” түүхэн туужаар нь уншигчид сайн танина. Түүний “Түгшүүрт аялал” туужийн талаар ардын уран зохиолч С.Дашдооров “Энэ номыг “Говийн өндөр” романтайгаа харьцуулж уншаад өөрийгөө жаахан голлоо. Бид зохиол бичнэ гэж оромддог, монгол хэл, хэрсүү бичлэг, гярхай дүрслэл бидэнд байхгүй юм байна. Манай үргэлжилсэн үгийн зохиол ер нь Ринчен гуайн хэлдгээр сонины гүехэн цагаан хэлээр бичигддэг юм байна. Харин Мандир өөрөөр бичиж. Түүнд ирээдүй байна” гэсэн байдаг бол төрийн шагналт эрдэмтэн-зохиолч Ш.Гаадамба “Хорин нэгэн хөрөг” зураглал өгүүллэгүүдийн дотор өгүүлэгдэж буй “Монголын нууц товчоо”-ны түүхт хүмүүсийн тухай “Түүхийн товчоо” гэсэн лавламж мэдээллийн зурвас оруулж бичсэн нь...өгүүллэгийн байгууламжийг сонирхолтой болгосон хэрэглүүр нь мөн тул үүнийг үлгэрлэн хэлбэл уран баримлыг тогтоох яс мод, гол төмөр гэж ойлговоос зохилтой. Эдгээр хорин нэгэн зураглалыг Монголын түүхэн ойллого бичиг, сонгодог бичгийн үг хэлний найруулгаар зохиож, түүхэн хүмүүсийн үг хэллэгийг тухайн үед үнэхээр ийм хэл найруулгатай байсан болов уу гэж үнэмшигдэхээр байгаа нь манай уран бүтээлчдэд тустай болно” гэж үнэлэн бичсэн байдаг. Наяад оны сүүлчээр бичигдсэн “Хорин нэгэн хөрөг” номыг багадаа уншиж өссөн, түүхт хүмүүсийн дүрийг гайхан биширч явсан хүний хувьд Т.Мандир хэмээх эрдэм бишрэлт эгэл хүмүүнтэй хөөрөлдлөө.

-Танайх хотын төвөөс зайдуу, утаа униар, дуу чимээнээс ангид сайхан аж төрдөг юм байна. Уран бүтээлийн андууд чинь зорьж их ирэх үү?

-Монголын радиогийн сэтгүүлч, цаг уурч Шаагаа анд маань их ирнээ. Шагдарсүрэн гавьяат чинь миний даалууны анд байгаа юм.

-Та хэд тэгээд даалуу их тоглох уу?

-Өө бид чинь даалууны “Хас” дэвжээтэй. Анх үүсгэн байгуулсан хүн нь “Хөдөлмөр” сонины сэтгүүлч, хүүхдийн зохиолч Төмөртогоо маань байгаа юм. Цаг уураас Шаагаагаа, Сангидансран нарыгаа уруу татаад чөлөөт цагаараа тоглоно. Нийтийн хоолны газраас Хулгар Ваня, Баянхонгорын Богдоос миний нагац ах Цэрэнчангаа бид нийлж, хагас сайны үдээс хойш цуглаад нэгнийдээ очно. Тэгэхдээ бид мөрийтэй тоглохгүй. Наймуулаа байснаас одоо эдийн засагч Маам, Шаагаа бид гурав л амьд үлдлээ дээ. Ерэн хоёр онд даалууны тэмцээн хүртэл зохион байгуулж байлаа.

-Таны туурвисан “Хорин нэгэн хөрөг” ном ч алдартай шүү. Хэдэн онд бичлээ?

-“Монголын нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийг хөрөглөж, намтарчлан “Хорин нэгэн зул” хөрөг-таталбарыг 1988-1989 онд сэтгүүлч Төрбаярын хүссэнээр “Улаан-Од” сонинд цувралаар нийтлүүлсэн маань цагаан морин жилийн босгон дээр “Хорин нэгэн хөрөг” нэрээр ном болж хэвлэгдсэн юм. Наян таван онд анх Чингис хаанаа бичсэн юм. Анхны уншигч маань Цэрэнчангаа ах. Сантехникийн слесарь хүн мөртлөө төрөлхийн хар ухаантай, ардын сайхан хэл сэтгэлгээтэй хүн. Дэлхий дахинд тархсан Чингис хааны хөргүүдийг судалж байж зурахад Чангаа ах “Чи эрүүндээ урт сахалгүйгээр зур” гэж зөвлөж байлаа. Тэгээд урт сахалгүй зуртал их хаан маань 1206 онд хаан ширээнд суусан дөчин таван настайгаараа төсөөлөгдөж, шууд л тэнгэрээс оюун ухаанаар минь дамжиж цааснаа амилсан. Зохиолчдын хорооны Сэлбийн амралтанд наян долоон оны намар Төмөртогоотойгоо амарч байхдаа “Боорчи”, “Өөлүн эх” гэсэн хоёр хөргөө үзүүллээ. Төмөртогоогийн нүд нь орой дээрээ гарч, тэнд амарч байсан сэтгүүлч Амбасэлмаа гуайд үзүүллээ. Тэр алдарт сэтгүүлч “Чи чинь зураач хүн гэл үү. Манай Чойном зураач, Дашдооров ч сайн зураач. Зураачдаас сайн зохиолч төрөх юм. Засаж хэрэггүй шүү. Гарах цаг нь болж уу, үгүй юу. Баяр хүргэе” гэж урам өгсөн дөө.

-Түүхийн талаасаа зөвлөх хүн хэн байв?

-Одоогийн “Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Хөгөлбөөн Лхагвасүрэн тэр үед цол ч хамгаалаагүй, эрдэм шинжилгээний залуухан ажилтан байсан. Тэр залуу А.Дамдинсүрэн, Н.Сэр-Оджав, Довдойн Баяр нартай танилцуулж, Улсын төв номын санд, түүх-археологийн музейд байгаа ховор үзмэрүүдтэй танилцуулсан нь бүхэл бүтэн судалгааны ажил болсон доо.

-Таны туурвисан хөрөг зургуудыг түүхийн ухааны доктор, академич Чулууны Далай гуай жигтэйхэн их үнэлж бичсэн дээ. Яг үг үсэгчлэн санахгүй байгаа болохоор таны амнаас л уншигчдадаа хүргэмээр санагдлаа?

-Өөрийгөө магтах ч дэмий дамшиг л даа. Аливааг мэдэж мэдрээд өөрийгөө тоох бол тэс өөр хэрэг. Тэр хүн өчүүхэн миний бүтээлтэй танилцаад “Залуу зураач Т.Мандирын “Хорин нэгэн зул” нэрээр бүтээсэн зураг, таталбаруудыг үзлээ. Доктор миний бие насан багаас өмнөд газар дипломат ажил эрхлэхийн зэрэгцээ мэргэжлийн дагуу түүхийн ном бичгүүд нангиад хэл дэх боломжийн хэрээр судалж танилцсан нэгэн болой. Өвөрмонголын Ордос ба Сөнөд нутагт Чингисийн болон Хасарын хөрөг зургийг тахьдаг уламжлал бий. Миний найз Өвөрмонголын зураач Сэцэн Чингис хаан болон Өөлүн эх, Тэмүжиний дөрвөн хүү, Бөртэ, Мухулай нарын хөрөг дүрийг бүтээснийг би үзсэн. Мандирын зургуудыг үзэхэд Сэцэнгийн зургуудаас илүү бодитой, үнэмшилтэй болжээ гэж дүгнэхдээ таатай байна” гэсэн байдаг юм. Тэр их хүн миний бүтээлийн талаар хэлсэн үнэлгээ болохоор өөрийгөө магтсан болохгүй биз дээ.

-“Хорин нэгэн зул” номд Есүхэй, Өөлүн эх, Чингис хаан, Хавт Хасар, Жамуха, Боорчи, Ван хан нарын “Монголын нууц товчоо”-нд тодорхой дурдагдсан хүмүүсээс гадна ямар түүхт хүмүүсийг товойлгож гаргахыг зорив?

-Өрлөг Зэлмэ, Хубилай ноён, Тататунга түшмэл, заргач Шихихутаг, сайд Елюй Чуцай, Сүбээдэй баатар, Зэв жанжин, Мухулай ван гээд бүгдийнх нь хөргийг түүх, уран зохиол, уран зургаар илэрхийлэх гэж оролдсон доо.

-Сүбээдэй баатрын тухай “Саран зэв” түүхэн туужаа яаж бичив?

-“Илд бамбай” хэвлэлийн газраас адал явдалт зохиолын уралдаан зарлахад зохиолч анд Н.Нагаанбуудаа “Хоёулаа оролцъё. Сар уулзахгүй шүү” гэж байгаад бичсэн бүтээл л дээ. 1992 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 12-ны дотор л бичигдсэн. “Эрүүл энх” хэвлэлийн газарт анх хэвлэгдээд, хэвлэлийн газар нь дампуураад надад шагнал нь олдоогүй. Саяхан зохиолч Баасангийн Номинчимэд дүү “Монголын түүхийн гайхамшигт агшнууд” цувралаараа дахин хэвлэж өгсөн. Номын цагаан буянт Б.Авэрмэд, Л.Мөнхбаяр, Ж.Амаржаргал, Н.Энхбаяр нар цахимаар миний бүтээлүүдийг уншаад “Түгшүүрт аялал” туужийг маань хэвлэж өгч, уншигчидтай маань уулзуулсан.

-Та зохиол бичихээсээ өмнө хаа хаана сурч, ажиллаж байв?

-Аав, ээж хоёр маань Аж үйлдвэрийн комбинатын ажилчид. Намайг есөн настай байхад ээж маань бурхан болсон. Би дөрөвдүгээр ангиа онц дүнтэй төгсөөд тавдугаар ангийнхаа эхний улирлын хичээлд жаахан тааруухан дүн авчихгүй юу. Зурах үнэн сэтгэлээсээ дуртай. Аав эцэг эхийн хуралд сууж ирээд “Чамайг хичээлээ олигтой сурахгүй бол зураг зуруулахгүй” гэснээс болж дараагийн улирлаас онц сураад эхэлсэн хүн шүү дээ. Ах нь Ажилчны районы 18 дугаар сургууль төгсөөд Барилгын техникумыг Барилгын материалын төмөр бетоны техник технологич мэргэжил эзэмшсэн хүн. Төмөр бетоны үйлдвэрт ажиллаж байгаад цэрэгт явсан. Тэнд гурван жил алба хаахдаа зохиолч Н.Нагаанбуу, хөгжмийн зохиолч Л.Галмандах нартайгаа үерхэж нөхөрлөн, уран бүтээлийн найзууд болсон түүхтэй. Бидний цэргийн түүх элбэг нэг роман бичихээр шүү. Миний уран бүтээлийн багш бол Яармагийн сургуулийн хөгжмийн багш Б.Цогоо юм шүү дээ. Даг.Жамьяны “Туждаа хамт явах юмсан” дуунд сайхан аялгуу зохиосон доо.

“Төрсөн нутгийнхаа тал шиг

Түвшин аавынхаа сэтгэлийг

Түлсэн галынхаа дөл шиг

Төөнөж дандаа явах юмсан

Урсах голынхоо ус шиг

Уяхан ээжийнхээ сэтгэлийг

Уртын дууныхаа ая шиг

Уярааж дандаа явах юмсан

Буурал хангайнхаа уулс шиг

Буянтай хоёрыгоо тvшиглээд

Тулгын гурван чулуу шиг

Туждаа хамт явах юмсан” гэсэн дуу байдаг даа.

-Сайхан дуу шүү. Цогоо багшид шавь орсон гэхээр та хөгжим сонирхдог байсан юм уу?

-Үгүй үгүй. Галмандах намайг анх Цогоо багштайгаа танилцуулсан юм. Тэр хүн л анх надад “Эрдэнэт хот, багш, эмч нарын тухай гурван плакат зур” гэж зөвлөж, сэтгүүл сонинд өгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний урд сэржим өргөж тэмдэглэж байлаа. Энэ гурван зураг “Эрүүл мэнд” сэтгүүл, “Хөдөлмөр” сонинд гарч намайг уран бүтээлчийн замд оруулсан юм. Сэтгүүлийн хуудсаас өөрийн нэрийг анх харахад дахин төрөх шиг сайхан сэтгэгдэл төрж байлаа. Тэгж л Цогоо багшийнхаа ачаар уран бүтээлийн үүдээр орсон. Гэсэр сүмийн Зүмбэр будгийн бригадад ажиллаж “Монголын Шишкин” хэмээх алдарт зураач Цэмбэлдоржийн шавь болсон. Чимэдийн Алагсай гуай намайг “Хөдөлмөр” сонины зураачаар авч, 1979-1990 он хүртэл ажилласан даа.

-Чингис хааны тухай гадаад, дотоодын маш олон кино, зураг, бүтээлүүд гарлаа. Түүхэн бүтээл дээр ажилладаг зураачийн хувьд тэдгээр Чингисүүд ямар санагдах юм бэ?

-Түүхэн ямар л бүтээл гарна тэр бүхнийг өөрийнхтэйгөө байнга харьцуулж харнаа. Уран бүтээлч хүн гэдэг орос, тува, япон, монгол гээд гарал үүсэл хамаарахгүйгээр ямар бүтээлийг туурвиж амилуулж болно. Талын хүн би гэхэд Оросын I Петр хааныг зурж болно ш дээ. Виктор Гюго, Александр Дюмагийн зохиолыг уншаад би Францын түүхийг, Вальтер Скоттын романаас Английн түүхийг мэддэг болсон. Гэхдээ түүхч хүнээс илүү мэднэ гэж юу байх вэ. Гэхдээ уран бүтээл гэдэг ийм гайхамшигтай зүйл шүү дээ. Тиймээс тэр олон уран бүтээлчийн өөрийн ертөнцөөр нээсэн Чингис хаан бүхэн заавал ч үгүй нэг хэвэнд цутгачихсан юм шиг адилхан байх ёсгүй л гэж боддог. Чингис хааныг монголчууд хувилгаан гэдэг биз дээ. Хувилгаан мөн юм бол чонын дүртэй ч байж болно, хонь ч байж болно биз дээ.

-Шавь нар чинь ямар хүмүүс байна?

-Нэрт шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд багш байхдаа шавь болж байлаа. Бат-Эрдэнээс ч илүү хадаг барьсан шавь маань яруу найрагч Шагдарын Уянга байлаа. Зураач, зохиолч, яруу найрагч Гүржавын Нямдоржийг Партизаны сангийн аж ахуйгаас Нагаанбуу маань олж ирж, надтай уулзуулж байлаа. Даанч Уянга, Нямдорж нар маань эрт буцчихлаа. Би тэднийгээ Монголын Пушкин ч юм уу, Лерментов гэж боддог юм. Чимэддоржийн Дунгар гэж том эрдэмтэн шавь байна.

-Таныг зохиолоо бичгийн сонгодог хэлээр ч, ардын ярианы хэлээр эн тэнцүүхэн найруулга төгөлдөр бичдэг гэлцдэг. Босоо, хэвтээ хоёр бичгийнхээ алинд нь таалалтай ханддаг бол?

-Өөрт чинь нэг сонин юм ярья. Ерээд онд “Монгол бичгийн төлөө нийгэмлиг” байгуулагдаад Дорлигжав сайд Ерөнхийлөгч нь болоод сүйд болов оо доо. Нэг өдөр их эрдэмтэн Чой. Лувсанжав гуай “Чи “Хорин нэгэн хөрөг”-ийн Мандир уу. Чамайг нийгэмлигийнхээ есөн тэргүүлэгчийнхээ нэгээр сонгосон шүү” гэж утасдаж байна. Ажлаас гараад Зохиолчдын хороо руу явж байтал Ш.Гаадамба гуай аахилчихсан гүйж явна. Багш яав гэсэн чинь “Цаана чинь монгол бичгийг төрийн бичиг болгох гээд байна. Да (Ц.Дамдинсүрэн) багшийнхаа бичгийг би л хамгаалахгүй бол хэн хамгаалах вэ. Чи кирил бичгийг хамгаалах холбооны тэргүүлэгч бол” гэж тулгалаа. Зөвхөн нэг өдөр хэдхэн цагийн зайтай болсон явдал шүү дээ. Тэгэхнээ тэр хоёр холбооны аль нь ч над руу дахин яриагүй шүү. Тэр хоёр мундаг хүн надад тэгж хандсанд баярлаж л байдаг. Би бол босоо монгол бичигтээ хайртай, кирил монголдоо ч хайртай. Монгол бичиг Монгол Улсын оюуны соёлын дээд өв байх учиртай. Кирил бичиг бол Монголын хэрэглээний соёл байх хэрэгтэй. Кирил бичиг бол дөчин оноос хойших Монголын оюун санааны дархлаа. Хэрвээ бид энэ оюуны дархлаагаа хаячих юм бол Өвөрмонгол ч биш, буриад ч биш болж хувирна. Монгол бичгээр хүн бүхэн уншиж чадахгүй болохоор түвд бичиг шиг л болно.

 МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.245.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.