10 жилийн хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй "Түлэнхийн төв"-д хөл хорионы үед төрөөс 1 тэрбум төгрөг олгожээ
Тойрогт нь
/
2021-02-15
Түлэнхийн төвийн барилгыг эрүүл мэндийн үйлчилгээ явуулах шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй хэмээн мэргэжлийнхэн дүгнэлт гарган нурааснаас хойш арав дахь жилийнхээ нүүрийг үзэж, шинэ эмнэлгийн барилгын ажлыг 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр баталж, барилгын ажил 2013 онд эхлэх ёстой байсан ч өнөөг хүртэл царцсан байдалтай байгаа юм.

Түлэнхийн төвийн хуучин барилга 1957 онд ашиглалтад орсон. Олон жилийн эдэлгээнд хуучирч муудсан энэ байшинд хүн эмчлэх нь битгий хэл, хөл тавихад  хэцүү болсон учраас мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлт гартал  буулгаж, шинэчлэх тухай хэдэн жил ярьсаар актлуулсан юм. Гэтэл иргэдийн хүсэн хүлээж байсан шинэ эмнэлэг товлосон хугацаандаа үйлчлүүлэгчдээ хү­лээж авах нь бүү хэл, холбогдох мэргэжилтнүүд ашиглалтад орох хугацааг нэг, нэг жилээр сунгасаар өдийг хүрээд байна.  Уг нь төлөвлөгөө ёсоор явсан бол жилийн өмнө тус эмнэлгийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг сүндэрлэх байлаа. Гэмтэж бэртсэн хүмүүсээ багтааж шингээхэд хэцүү байгаа гэмтлийн эмнэлгийнхэн түлэнхийн төвийн ачааллыг олон жил давхар үүрч ирлээ.

ГССҮТ-ийн Түлэгдэлт, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах “Түлэгдэлт нэмэгдсээр байгаа.

Ачаалал ихтэй хоёр эмнэлэг нэг дор байна гэдэг хүнд. Өвчтөнүүдээ коридортоо авч байна. Ерөнхийдөө тасгийнхаа хэмжээнд бүрэн чадлаараа ажиллаж байна. Гэвч ирэх хүмүүсийн тоо их учраас ор хүрэлцэхгүй асуудалтай байнга тулгардаг. Манай тасаг жилдээ 4000-4500 орчим хүнд яаралтай тусламж үзүүлдгээс 2500-3500 нь 0-5 насныхан байдаг бөгөөд сард 70-80 мэс засал хийдэг. Нийслэл, 21 аймаг, 360 сумаас ирсэн бүх өвчтөнийг хүлээн авдаг” хэмээв.

Тэгвэл 10 жилийн хугацаанд ашиглалтанд ороогүй Түлэнхийн төвийн барилгад өнгөрөгч 2020 оны 12 дугаар сард Сангийн яам 1 тэрбум төгрөг олгосон байна. Гэсэн хэдий ч тус Түлэнхийн төв хэзээ ашиглалтанд орох нь тодорхой бус байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.7.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.