АРХИ ууж, ЗОДОЛДСОН дарга нараас Ж.Бат-Эрдэнэ гишүүний ЖОЛООЧ, М.Энхсайхан сайдын УЯАЧ нар ХАЛАГДААГҮЙ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2021-11-11

Төрийн албан хаагчид ажлын байрандаа АРХИ УУЖ СОГТУУРСАН үедээ муудалцаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай тохиолдол Зам тээврийн яаманд гарч байв. Хэргийн дараагаас 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглож, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулахаар болсон. 

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сард Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан хэрэг гарсан. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед төрийн алба хаагч бүр Засгийн газраас гаргасан цар тахлаас сэргийлэх шийдвэрийг хэрэгжүүлж хичээн ажиллаж байна. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим удирдах албан тушаалтан эрхэлсэн ажилдаа хариуцлага алдлаа. Надад ирсэн мэдээллээр "нийт таван ажилтан ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, маргаан үүсгэсэн" байна. Иймээс ажлын байрандаа архи уусан, ажилдаа хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдыг төрийн албаны хуулийн дагуу зохих арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлнө" гэж байв.  Ажлын байрандаа архи ууж, улмаар хоорондоо золодсон дарга нарыг ажлаас чөлөөлөхдөө УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ЖОЛООЧООР ажиллаж байсан Б.Батбаяр, одоогийн Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайханы хурдан морийг нь уядаг уяач Б.Энхбаяр ковидын хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан атлаа АЖЛААСАА ХАЛАГДААГҮЙ өнөөдрийг хүртэл өмнөх ажлаа хийсээр байгаа аж.

Ажлын байрандаа АРХИДАН СОГТУУРСАН таван хүнээс гурвыг нь чөлөөлсөн байна. Ингэхдээ Нэгийг нь гашигийн хууль зөрчсөн гэж шууд халсан бөгөөд үлдсэн хоёрыг нь өөрийн хүсэлтээр нь гэх агуулгаар чөлөөлжээ. Харин хоёр нь ажилдаа хэвээр үлдсэн. Тэдгээр хоёр нь Хууль эрсдлийн газрын дарга Б.Энхбаяр, Захиргаа үйлчилгээний газрын дарга, Б.Батбаяр өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа. Дээрх хоёр этгээд нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайханы танилууд учир ийнхүү цалингийн 20 хувиар торгуулаад өнгөрчээ.

Тэд яагаад шийтгэлгүй үлдсэн талаар судлаж үзвэл Батсуурийн Энхбаяр нь Ховд аймгийн харьяат. Одоогийн аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын төрсөн дүү. Тэрбээр аймгийн алдарт уяач цолтой. Хурдан моринд хорхойтой нэгэн. Эх сурвалжуудын мэдээллээс үзвэл Хөдөө аж ахуйн сайд Загджавын Мэндсайханы ойрын хүн гэгдэг. Сайдын хурдан морийг өөрийн гал дээр сойж уралдуулдаг нэгэн. Тийм учраас З.Мэндсайхан сайд өөрийн хүнээ ажлаас халалгүй, сахилгын шийтгэл ногдуулж, цалинийн 20 хувиар торгоод өнгөрөөжээ

Тус сангийн Захиргаа үнэлгээний газрын дарга Батмөнхийн Батбаяр нь одоогийн УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийн ЖОЛООЧООР ажиллаж байсан. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд “ШИНЭ ХӨДӨӨ” гэх хөдөө аж ахуйн төслийг санаачлан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суулган өнгөрөгч 2020 оноос эрчимжүүлж, улсын төсвөөс мөнгө суулгуулаад байгаа. Ингээд бодохоор гишүүний жолооч байсан эрхэм яах гэж Хөдөө аж ахуйг дэмжих санд очсон нь тодорхой. Эндээс "Шинэ хөдөө" төсөлд хамрагдсан малчдад ХААД сангаас дэмжлэг олгоход нөлөөлөх зорилгоор уг албанд оруулсан гэж хардаж болохоор. Б.Батбаярыг АРХИ УУЖ зодоон хийгээд салбарын сайдаас нь ажлаас халах тушаал гарахад Ж.Бат-Эрдэнэ гишүүн цээжээрээ хамгаалж ажилтай нь үлдээсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.213.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.