БШУЯ-наас бодлогоор сэтгэл зүйчдийг бэлтгэх ажил эхлэн амжилттай явж байна
Үйл явдал
/
2022-01-22

Нийгмийн бодлогын байнгын хороо жил бүр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сонсож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр Засгийн газарт чиглэл өгөн ажилладаг. 2020 онд хуулийн хэрэгжилтийг сонсож байхад сэтгэл зүйчдийг бэлтгэх, нийгмийг соён гэгээрүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэргийг анхааруулж байжээ.

2021 онд БШУЯ-наас бодлогоор сэтгэл зүйчдийг бэлтгэх ажил эхлэн амжилттай явж байна. Цаашид ажилгүйдлийг багасгах, халамж хавтгайрснаас шалтгаалж иргэд ажил хийхгүй, ажилгүйдэл нь өөрөө эргээд гэр бүлийн хүчирхийллийг гол өдөөгч хүчин зүйл нь болж байдгийг үндэслэн ажлын байр нэмэгдүүлэх, зорилтот иргэд л нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй юм гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглээд энэ чиглэл рүү эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ.

 

Түүнчлэн, Байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, хүүхэд хамгааллын төсөв хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, аудит оруулах талаар ажиллана хэмээн тэмдэглэв.

Хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүн Д.Сарангэрэл Нийгмийн бодлогын байнгын хороо ээлжит хуралдаанаас гадна ээлжит бус хуралдаануудыг хийж, тулгамдсан асуудал бүрийг шийдвэрлүүлэхийн төлөө Улсын Их Хурлаа манлайлан ажилласныг тэмдэглэсэн бол Ц.Туваан гишүүн Байнгын хорооноос хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтэд анхаарч байгаа нь маш сайн. Энэ чиглэлээр сайн ажиллаж байгаагаас олон эерэг үр дүн гарч байна гэсэн бол Б.Саранчимэг гишүүн чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хорооны гишүүд ажлын хэсгийн чиглэл тус бүрээр ажиллана. Тухайлбал, Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажлын хэсэг хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тал дээр идэвхтэй ажиллана гэж тэмдэглэн хэлэв. Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.232.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.