“Өргөө” амаржих газрын КОВИДЫН тасагт 250-аад жирэмсэн хэвтэн эмчлүүлж байна
Үйл явдал
/
2022-01-22

Шинэ он гарснаас хойш дотоодод коронавирусийн омикрон хувилбар тархаж, халдвар авах хүний тоо хоногт 2000-3000-аар бүртгэгдэж байна. Халдвар ийн газар авсан нь эрүүл мэндийн салбарын ачааллыг мөн нэмэгдүүлж байна.

Цар тахлын тархалт буурсан учир нийслэлийн “Өргөө” амаржих газар шинэ оны өмнөхөн 250 ортой Ковидын тасгаа буулгаад байв. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн сайд тус амаржих газарт 170 ортой Ковидын тасаг нээх тушаал гаргажээ. Сайдын тушаалд орны тоог 170 гэж заасан ч халдвартай жирэмсэн эхчүүд олноор хандаж буй тул өнөөдрийн байдлаар Ковидын тасагтаа 300 орчим ор дэлгэж, 250-аад жирэмсэн хэвтэн эмчлүүлж байна.

Омикрон хувилбарын тархалтын давлагаанд эрүүл мэндийн салбарынхан олноороо өртөж байна. Нэгдүгээр амаржих газрын эмч, мэргэжилтнүүдийн 30 -40 хувь нь коронавирусийн халдвар авчээ.  

-Эмч, мэргэжилтнүүд олноор халдвар авч байгаа, дээр нь ковидтой эхчүүдийг олноор хэвтүүлэн эмчилж буй энэ үед эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээнд доголдол гарч буй эсэхийг тус амаржих газрын дарга Ж.Энхцэцэгээс тодруулахад,

Эмнэлэг ачаалал ихтэй байгаа нь үнэн. Гэхдээ бусад төрөх эмнэлгүүд дундаа хүний нөөц сайтай эмнэлгийн хувьд байгаа хүчээ дайчлан тусламж үйлчилгээ тасалдалгүй үргэлжилж байна. Ганц манай эмнэлэг биш, ковидын энэ удаагийн давлагаанд эрүүл мэндийн салбарынхан олноороо өртөж туйлдаж байгаа гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.170.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.