НЭГЭН ТОМИЛОЛТ
Нийтлэл
/
2023-02-15

Жар хол гарч, дал шахаж болов уу гэмээр С.Манал гуай хөгшний хамт хоюулханаа Хэрлэн голоо бараадан буужээ. Эднийд очих зам хамгийн зузаан цастай байв. Хэдийгээр орон нутгаас нь тусгай техникээр зам гаргаж өгч байгаа ч бидний маршрут тэр болгон таарахгүй тул цастай замаар туучих болсон юм. Нэг машин маань цасанд гүнзгий гэгч нь сууж, өөр нэг машин болгоомжтой тойрон гарч урдаас нь татаж гаргалаа. Манал гуайнх цасан хунгарыг том том дөрвөлжин зүсэж хашаа хороондоо нэмэрлэн өржээ.

Эднийх отрын жижигдүү гэрт сууж байна. Цаг уурын ширвэлгэд 18 адуу, 20 гаруй үхрээ алджээ.  Манал гуай, “хүндхэн л байна даа” гэж санаа алдсаар биднийг гэртээ дагуулан орлоо. Саяхан төрсөн бололтой хоёр нялх тугал хаяанд нь эг маггүй унтаж байна.

Манал гуайнх өдөр шөнөгүй тэсгим хүйтэнтэй үзэж тарж байгаа ч амьдрал үргэлжилж байгааг гэрчлэх дунд зэргийн цасан хүнээс шинэ жилийн аялгуу сонсдох шиг болсон юм.

Шадар сайд С.Амарсайханы ахалсан Улсын онцгой комиссын шуурхай баг зүүн гурван аймгийн өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаад хоёр дахь өдөртөө үргэлжилж байгаа нь энэ. Мөн багийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун багтаж яваа. Мөн очсон аймгийн Засаг дарга болон Онцгой комиссын газрын дарга нэмэгдэнэ. Баг нүсэржиж байгаа мэт боловч гаргасан шийдвэрийн хэрэгжилт илүү хурдсах аж.    

УУГУУЛ БА СУУГУУЛЫН “ЗОВЛОН”

Шуурхай багийн томилолт Хэнтийн наад нутаг, Хэрлэнбаян-Улаан тосгоноос эхэллээ. Отрын бүс тул аргагүй нөмөртэй дулаан, бараг байшинд ороод ирэв үү гэмээр салхи савар ч үгүй “пүнхийж” байна. Цас эрээн цоохортой. Малын тэжээл, өвс нь жаахан багасаж байгаа ч хорогдол харьцангуй бага байгаа аж. Гэхдээ энд нэг асуудал бий нь Хэрлэнбаянгийн уугуулууд ба оторчдын хоорондох харилцаа. Илт биш боловч нэгэндээ дургүйлхэж байгаагаа аль аль нь илэрхийлнэ.

Хэрлэнбаян-Улаан багийн байрлах отрын бүсэд Увс, Завхан, Говь-Алтай зэрэг арван аймгаас, мөн Улаанбаатар хотын Налайх, Багануур, Баянзүрх, Багахангай дүүргээс 545 айл хонин толгойд шилжүүлснээр нийт 493 мянга гаруй малтай отроор өвөлжиж байгаа аж.

Уугуул суугчид нь оторчдынхоо тухай “бэлдсэн бууцууд дуусчихаад байхад л нэмэгдэж ирээд дэргэд буучих юм” гэж байлаа. Мөн өвчтөй малаа тууж ирж халдаах эрсдэлтэй, хорогдсон малынхаа сэг зэмийг үлдээдэг, бууцаа цэвэрлэхгүй орхиод явдаг гэхчлэнгээр багагүй шүүмж өрнүүлнэ. Харин оторчид болохоор “хайран энэ газрынхаа өвсийг зун намартаа идүүлээд дуусгачих юм. Уг нь өвөлдөө хэдэн малын хоол болгоод үлдээвэл Монголын л баялаг шүүдээ” гэлцэж байлаа. Энэ бол өнөөгийн тулгараад байгаа нийтлэг асуудал. Хоёр яриа хоёул зөв. Отрын бүс нутгийг ашиглах дүрэм, журмыг эргэж харах, энэ асуудлуудыг дахин гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж яаралтай шийдвэрлэхийг Шадар сайд УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүд үүрэг болголоо. Ажлын хэсэг байгуулагдахаар болов.

Хэдэн хөөрхөн амьтны зураг авахаар оролдтол зарим нь өөрснөө ирж камер өөд хошуугаа цорвойлголоо. Хөөрхөн санагдавч, хагас зэрлэг монгол мал өвс тэжээл ховордохын эрхээр эзнийхээ гараас хоол идэж сурсан нь энэ байлаа.

Аймаг дундын отрын бүс нутаг Улсын хэмжээгээр нийт ес бий. Эндээс Хэрлэнбаян-Улаан хамгийн том буюу нийт 200 шахам га талбайг хамарна. Тэр ч хэрээрээ олон айл, олон сүраг мал багтаана. Уг нь захиалга өгсөн малчид л ийшээ оторлох боловч өвөлжилт хүндрээд ирвэл яах аргагүй нэмэгддэг байна. Тэр болгонд дээрхийн адил асуудлууд урган гарна. Цаашдаа журам, дүрмээ тодорхой болгоод, сахиулаад ирвэл айлууд гомдолгүй зохицоод өвлийг давах нь зайлшгүй. 

ХЭГ ЁГ ЭР

Ер нь гоморхож туньсан нэг ч малчин бидэнтэй таараагүй. Бүгд л “хүний гар харахгүйн тулд 1500 боодол өвс авсан, сая 400 боодлыг нэмж авлаа...” гэхчлэнгийн яриатай сууж байна. Гэхдээ мал өлдөж биш хөлдөж үхээд байхад ёстой дээшээ тэнгэр хол юм.

Нэгэн залуухэн гэр бүлийнхээр орсон нь хөгжилтэй ч гэмээр дурсамж үлдээжээ. Гэрийн эзэн, богинохон хэрнээ учиргүй хатуу сэгсгэр үстэй залуу. Эхнэр болох шар хүүхэн бага насны нэг хүү, өөрийн нь ээж болов уу гэмээр хөгшин дөрвүүл амьдардаг юм байна.

Ямар ч асуудалгүй, бүх зүйл санаанд нь таардаг, цөөн малтай, тэр нь нэг ч хорогдолгүй, гүдэсхэн түс тас яриатай энэ залуугиийнх гурван аймгийн айлуудаас хамгийн залуу гэр бүл байлаа.

 

Шадар сайд айлуудаар ороод өвөлжөө хэр байгааг, малын тарга ямар байгааг, хохирол бэрхшээл, ярих хөөрөх асуудал байгаа эсэхийг тухлан асуудаг юм. Малчдын асуудал ч их, бас хүн ирсэн дээр яриад авах зүйлс ч чамгүй шүү дээ.

-За сайхан өвөлжиж байна уу

-Сайхан

-Малын тарга тэвээр ямар байна? Хорогдол гарав уу?

-Тарга гайгүй, хорогдол гараагүй

-Ярих хэлэх асуудал байна уу?

-Байхгүй

-Орон нутгийнхны явуулж байгаа ажил санаанд нь хүрч байна уу?

-Гайгүй

-Олон мал маллаж байна уу?

-Цөөхөн...

Шадар сайд инээд нь хүрсэн бололттой мушийн, залууг ширтэж байснаа “ярих хэлэх, шахаж шаардах санал юм байхгүй юу тэгээд?” гэж дахин асуув.

-Байхгүй ээ

-За тэгвэл мордоё доо

Хэг ёг ч юм шиг яриатай ийм залуугийнд бид цай уугаад, багцаа гардуулж өгөөд цаашаа замаа хөөлөө. Залуугийнд болсон яриа хэсэгтээ л биднийг хөгжөөж, дараагийн айл хүртлээ нүүрийн баясгалантай явцгаалаа.

ШАДАР САЙДЫН ЗҮҮДНИЙ СЭДЭВ

Бид Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын олон айлаар орсон. Хажуугаар нь аймгийн онцгой байдлын газар, стандартын газруудаар орж одоо явагдаж буй бодлого, шийдвэрийг танилцуулж явлаа. Салбарын газрууд Сайдыгаа сайхан хүлээж авахыг бодолгүй л яахав. Тухайлбал Дорнод аймгийн Онцгой байдлын газрынхан залуусаа жагсааж, туг хиур хийсгэн, улаан хивс дэвссэн байх нь содон байлаа. Харин Шадар сайд үүнийг урьдчилж мэдээд бүгдийг нь болиулсан. Хивсэн дээр алхаж байгаа зураг нь тавигдаад “балбуулсан” улстөрчид зөндөө хойно доо. Ер нь улаан хивс дэвсэж, шугам жагсаал хийхдээ цэргийн байгууллагууд өөрснөө дуртай байдаг байдал анзаарагдав.

Оройтож очсон ч салбарын албан хаагчид цугларч сайдад ажил, гүйцэтгэлээ танилцуулж, мөн одоо явагдаж буй ажил, бодлогын тухай товч мэдээлэл авч байлаа. Ажлын бус цаг. Гэхдээ сайд тэр болгон ирэх ч биш дээ.

Бид аймаг бүр дээр Стандартын газраар нь орсон. Тэрээр “энэ стандартын асуудал бараг миний зүүдэнд ороод явж байна. Хамгийн чухал сэдэв, үүнийг л ажил болгоно доо” гэж ярьж явсан юм. Стандартын мэргэжилтнүүдийг цуглуулж, сүүлийн үед авч байгаа болон авах гэж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулдаг. Хамгийн гол нь үзэл санаа, концепцийн өөрчлөлт юм билээ.

“Аливаа улс хөгжих эсэх нь стандарт биелж байна уу гэдгээс шууд шалтгаалж байна. Манай улсад хэрэгтэй стандартууд бараг бүгд байгаа хэрнээ биелэлт, хэрэгжилт нь бүх салбарт хаягдсан. Бид даргаас сэтгэл, элдэв гавьяа, хүн чанар нэхэх биш зөвхөн стандарт биелүүлээд өгөөч гэж шаардахад л бүх зүйл ном журмандаа орох болно. Ярьдаг нь биш хийдэг нь тодроод ирнэ...” гэж тэрээр ярьж явав.

Бид айл айлаар орон явсаар шөнө дөл болсон хойно Аймгийн төвд орж ирнэ. Мэргэжлийн салбарынхантай товчхон хуралдаад мөн шөнөдөө дараагийн аймаг руу гарцгаана. Хар замтай тул юу удах вэ, давхиад л орчихож байна.  

ЗАМ ЗУУРЫН ТОХИОЛДЛУУД

Хэнтийн төвөөс Дорнодыг зорин явж байхад замын хажууд нэгэн хүн бөөвийн алхаж яваа харагдав. Айл хунар байхгүй энэ газар юун хүн байдаг билээ гэж гайхахын зуун Шадар сайдын машин зам дээр буцан эргэж байх нь харагдлаа. Гэтэл мань хүн боодол өвснүүд ачиж явсан ба тэр нь нураад, зам дээр өвс хаягдаж уу гэж хараад явсан хүн болж таарав.

Хижээл насны жолооч эрийг Эрдэнэцолмон гэх бөгөөд Хэнтийн Баянхутагийнх ажээ. Хоёр мянга гаруй малтай, өвс нь дууссан тул Дорнодоос өвс ачиж явсан аж. Гэнэт тааралдаад, сүр сархийн өвсийг нь ачаад өгчихсөн биднийг сайн яваарай гэсээр үдлээ.

Түүнийг суулган өвсний машин дээр нь очлоо. 300 гаруй боодол өвс ачаад явж байтал хойд талаасаа нурж, бараг дөрөвний нэг нь газраар нэг болжээ. Мань эр нэрэлхэн, “уг нь араас манай нэг машин ирж яваа л даа” гэв.

-Хэдэн хүнтэй машин?

-Хоёр хүнтэй

Бид ингээд орхиод явбал энэ хэд өглөөнөөс нааш ачиж дуусахгүй нь тодорхой. Асуухаар асга гэгчээр, дарга цэрэг хэн хүнгүй оволзтол ачилцаж дуусгаад жимбийтэл даруулаад орхилоо.

Харин дараагийн шөнө, Дорнодоос Сүхбаатарыг чиглэн явж байтал замын хажууд унасан суудлын тэрэг харагдав. Горзгор залуу зам дээр шогшин гар өргөнө. Бид ч шуугин явж очив. Гурван залуу байна. Хоёр нь машинаа тойрон алхаж, нэг нь толгойноос нь цус гарсан байдалтай машин дотроо анхаарал нь төвлөрөхгүй сууж байна. Бас нэгийнх нь нуруу өвдөөд байгаа аж. Гурав дахь залуу юм ярихгүй юм.

Машины урдуур адуу гүйж ороход нь огцом дараад замын хажуу руу унажээ. Залуус болсон хойно ганц нэг шар айраг задлаж, хөгжмөө чангалаад давхиж явсан биз. Харин “манай жолооч дусал ч юм амсаагүй шүү” гэж залуус дахин дахин хэлж байв.

Хөрвөөгөөд боссон машины урд шил, дээвэр ямби явжээ. Осол гараад гуч гаруй минут болж байна гэнэ. Залуусын шок гараагүй бололтой байн байн зам гүйж гар өргөөд байх юм. Яах нь вэ гэтэл, “машинаа чирүүлээд Баруун урт орно” л гэнэ. “За юу гэж тийм юм байх вэ, энэ машинаа одоо энд орхиод маргааш учрыг нь ол. Одоо та гурвыг Аймгийн төвийн эмнэлэгт хүргье!” гэж Шадар сайд хэлснээр асуудал намжиж, цуваа гурван залууг суулган цааш хөдөлсөн.

СЭТГЭЛ БҮЛЭЭЦДЭГ

Өвлийн нүүдэл яггүй. Хамаг юм хөлдүүс байхад гэр бараагаа ачиж, малаа тууна гэдэг чадал тэнхээтэй, хүн бүлтэй л улсын хийх ажил. Энэ шалтгаанаар отрын нутаг руу нүүх санаатай байсан ч хүчрэлгүй хуучин өвөлжөөндөө үлдсэн айл бол тэмдэглэлийн эхэнд гардаг С.Манал гуайнх юм. Зудад алдсан адуу, үхрээ ярихдаа хоолой нь зангирах юм. Нэгдэж, бяцхан төл байхаас нь мал болгосон амьтад, хоёрдож амин зуулгын өмч, гуравдаж яасан гэж ингэж зовно вэ гэсэн гоморхол, за тэгээд төрийн сайд ирсэн байгаа дээр энэ бүхнээ ховлох ч гээ юу гэж түүний хариугүй гарчих гээд нулимсны учрыг тааж, дагаж нүд арган суулаа. Эднийд өвс, тэжээл, долооц хужир буулгаж, эмийн болон хүнсний багц үлдээгээд мордов.

Малчин Эрдэнбаатарынх тоосгон байшин, бат бөх хашаа саравчтай. Нүцгэн тал дээр өөр яаж ч нөмөрлөх билээ. Эднийд гурван сар хүрч буй бяцхан охин Мичидмаа дуу шуугиантайхан торниж, хамаг амьтны инээд баяслыг төрүүлж байна.

Харин Г.Батбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад мал маллахаар шийдэж хөдөө гараад долоон жил болж байгаа. Өдгөө бог голцуу 600 гаруй малтай аж. Тэрээр “өвөлжилт ерөнхийдөө гайгүй, малын гарз тийм их биш. Хавар л нэлээн ядрах байх даа. Тэжээл, долооцоо жаахан бараад байна” гэв. Мөн тэрээр отрын бэлчээр ашиглалтын журмын хэрэгжилт сул байгаад зовниж, бухимдаж явдаг аж. Аяллынхан хөдлөхөөр болж айлуудад тарааж яваа багцаа үлдээж байхуйд гэрийн эзний нүдэнд нулимс дүүрээд ирсэн юм. Мэдээж бэлэг өгсөнд хүүхэд шиг тэгтлээ баярлаж байгаа юм биш, харин тэсгим өвлийн жаварт ороолгуулж, хэдэн адуу, үхрээ харсаар байж осгоож байхад нь төрийн сайд өөрийг нь гээд хүрээд ирсэнд баярлаж байгаа юм. Хамаг зовлон, бэрхшээлээ дотроо онгойтол хэлж авна. Тусламж, дэмжлэгтэй ч болно. Тиймдээ ч жил бүрийн өвөл зудтай газруудаар тойрон ажиллах гэдэг Шадар сайдын ажлын нэг  чухал хэсэг болдог.

 

Шадар сайдын “хязгаар нутгуудаа эзэнтэй байлгаж, хүн арддаа хоол залгуулах зайлшгүй хэрнээ хамгийн хүчир ажлыг малчид та нар л нугалж байна. Мал сүрэг бол та нарын хувийн өмч, гэхдээ хүний хүчээс хэтийдсэн байгалийн ийм хүчний өөдөөс тэмцэж байгаа та нарт төрийн дэмжлэг, тусламж зайлшгүй хэрэгтэй” гэж хэллээ. 

Хотын бид арьс махаараа мэдрэх нь байтугай нүдээр ч үзээгүй юмныхаа тухай л асар их ярьдаг юм байна гэж бодогдов. “Фермэр л болчихооч, тэгээд л боллоо шд” гэдэг үг лав миний амнаас дахиж гарахгүй. Цагийн аясаар малчны хөдөлмөр өөрчлөгдөх л байх. Гэхдээ бидний ам шиг тийм амар биш гэдгийг үзэж харж, бас мэдэрч явлаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.