Тугал БУХ болчихсон гэж зүүдэлдэг шиг З.ТӨМӨРТӨМӨӨ орлогч ГИШҮҮН болох гашуун бодол тээж л яваа байх!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-03-26

Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатарын туслахаар ажиллаж байгаад 2020 оны орон нутгийн сонгуульд гэнэт тодроод гараад ирсэн эрхэм бол Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарын хоёрдугаар орлогч Зундуйн Төмөртөмөө юм.

Улстөрийн талаар “А”-ч мэдлэггүй, Зандка даргын хар бор ажлыг амжуулж, төрийн ордноор эргэлдэж цүнх барьж үзсэн түүнд 2020 оны нийслэлийн сонгуульд ёстой мөрөөдөл шиг нь хол байсан. Гэхдээ СОХОР АЗААР сонгуульд ялж, тэр дундаа хамгийн олон сонгогчийн санал цуглуулж чадсан “хоншоортой аавын хүү”-гийн нэг. Анх удаагаа жижиг улстөрд гэнэт үсрээд орчихсон тэрбээр араасаа татаас, өврөөсөө түлхээс сайтай учраас шууд л хотын удирдлагын багт орчихсон, нийслэлд бодлого тодорхойлох хэмжээнд гараад ирсэн. Нэг хэсэг агаар орчны бохирдол, сайжруулсан түлшний хангалт нийлүүлэлт хариуцаж хөө тортогт даруулж явсан түүний аз гийж арай өөр албанд очиж халагдах эрсдлээс мултарсан.

Улстөр бол мөнхийн эрх ашигт хөтлөгддөг хатуу тоглоом учраас тэр ч энэ замыг л туулж яваа. Наанаа гоё ганган харагдаж, овоо сэргэлэн толгойтой залуу вэ гэсэн бодлыг бусдад төрүүлж чадаж байгаа ч цаанаа “хар, хор” дунд хутгалдчихсан байгаа нь ойлгомжтой. Хумсандаа хиргүй хүн байдаггүй.

Шинэ тутам улстөрд орсон гэхэд шаггүй ажиллаж байгаа нь үнэн. Хүрээ цам даншиг наадмыг амжилттай зохион байгуулсан, бодлогогүй, явуургүй бөх даргаа эзгүйд нь сайн орлож, хэлэх үг, алхаа гишгээгээ хүртэл цэгнэн дүгнэж чаддаг болсон нь сайшаалтай. НИТХ-ын чуулганы хуралдаан, элдэв арга хэмжээ, сургалт уулзалтад дориун гээч нь үг хэлж байгааг сонсоход ирээдүйтэй улс төрч болох зам нь тодрох мэт. Алтны дэргэдэх гууль шарлана гэж монголчууд ярьдаг. УИХ-ын дарга Г.Занданшатарыг гурван жил дагаж цүнхийг нь барихдаа улстөрийн нүүдлийг нь шаггүй сурчээ гэж харж дүгнэж болохоор.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гэр хорооллыг гайгүй додомдон услаж, чадлынхаа хэрээр барилга, бүтээн байгуулалтыг хурдасгаж яваа нь яах аргагүй хотын орлогч З.Төмөртөмөөгийн нэр нөлөө бий гэж үзэхээс аргагүй. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэгчээр УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, ирэх намар УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах шийдвэр, өөрчлөлтийг хийчихвэл НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ШОРОНД явж магадгүй болоод буй  Т.АЮУРСАЙХАНЫ оронд УИХ-ын гишүүн болно доо хэмээн “мөрөөдөл тээн алхаж” яваа эрхэм.

Хэн ч өөрт таарсан АЛТАН БОЛОМЖОО төгс ашиглаж, барьцаа ахиулахыг бодоно. Эхийнхээ хөхийг хөхөөд цадсан тугал нойрондоо БУХ БОЛЧИХСОН гэж зүүдэлдэг гэгчээр УИХ-ын даргын нэр нөлөөгөөр УИХ-ын гишүүн болчихыг үгүйсгэхгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.119.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.