Өмнөговийн ХОЁР ГИШҮҮНИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ашиг сонирхол хэнд байна вэ?!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-03-29

Өнгөрсөн өвөл өрнөсөн НҮҮРСНИЙ гэх тодотголтой залуусын жагсаал одоо нам гүмхэн болов. Тэд тухайн үедээ “ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭН МӨХДӨГ” гэж хачин гоё үгээр хачир хийж сар гаран жагссан ч тусыг эс олов. Хуулийнхан ч уухайн тас хөдлөж баахан сүржин мэдэгдэл хийж, 10, 20 хүний нэр зарлаж, хэвлэлээр зарлуулав. Ерөнхийлөгчөөсөө, энгийн иргэн хүртэл бүгд хулгайч болж хардуулав. Асуудал нэгэнт дэгдсэн, олны анхааралд хүрсэн. Хуулийнхан ямар ч байсан нэг буруутан олж, шийтгэл оногдуулах үүрэг хүлээсэн.

Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал тэргүүтэй 10 орчим хүнийг хорьсон бол эрх мэдлээ ашиглан нөлөөлсөн гэж Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын буруутган УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах бичгээ прокурорын байгууллагаас УИХ-ын даргад ирүүлжээ. Нэгэнт хууль хяналтын байгууллагаас албан бичиг ирчихсэн учраас Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх УИХ-ын урьдчилсан шийдвэрийг гаргана.

Засгийн газар НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИДТАЙ нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэсэн байр суурьтай байгаа. МАН олонх. Намын дарга, генсек хоёр нь Засгийн газраа удирддаг. Тэгэхээр УИХ дээр дээрх гишүүдийг аваад үлдэж болох ч намын бодлогоо сөрөхгүй байх. УИХ гишүүдээ хамгаалаад үлдвэл Засгийн газрын рейтинг навс унаж, ард түмэн итгэхгүй, улмаар 2024 оны сонгуульд МАН олонхийн дэмжлэг авч чадахгүйд хүрнэ.

Асуудал дотор бас ТОМ АСУУДАЛ байна. Уул уурхай, стратегийн том бүс, гол цөм болсон нутгийг УИХ-д төлөөлөлгүй болгох улстөрийн ашиг сонирхол хэнд байна вэ, энэ бүхний цаана Өмнөговийнхоныг сонголтыг үнэгүйдүүлэх бодлогыг хаанахын захиалгаар хийж байна вэ гэдэг нь анхаарал татна.

Уг нь Өмнөговьчууд УИХ-д төлөөлөлтэй байж гэмээнэ нь бүс нутгийнхаа болон уул уулрхайн орд, бэлчээр, ус, хөрсний асуудлаа шийдүүлнэ. Сүүлийн 10 жил Засгийн газар ярьж байгаа “ХӨХ МОРЬ”, “ХЭРЛЭН ГОВЬ-ОНГИ” төсөл, “Тавантолгой дулааны станц” зэрэг улс үндэстний эрх ашиг аюулгүй байдалтай холбоотой төслүүдээ хэрэгжүүлж, говь нутаг эзэнтэй, устай ургамалтай, бие даасан эрчим хүчний системтэй болох юм. Эдгээр төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар онцгой анхаарч ярьж хэлэлцэж ирсэн. Хэрэв тэд бүрэн эрхээсээ түтгэлзэж шалгуулах юм бол дээрх том төслүүд ГАЦАХ эрсдэлтэй юм.

Харамсалтай нь асуудал хүндэрч нэг аймгаас төрд сонгогдсон хоёр гишүүнээр “туг тахих” болчихоод байна. Ямар сайндаа л Өмнөговийнхон УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлнэ гэхэв. УИХ өмнө ЖДҮ сангаас зээл авсан, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдээч мөн авраад л хонь бүрэн чоно цатгалан үлдэж байсан бол одоо нүүрсний хэрэгт холбогдсон гурван гишүүнээ ч бас аваад үлдэх нь дамжиггүй биз.

Угаас дараагийн улстөрийн сонгууль болоход 400 хоног үлдсэн тул ангиараа бүтэн байхыг л хэнч байсан хичээнэ. Харин асуудалд нэр нь дурдагдаад байгаа гурван гишүүн хуулийн байгууллагын дуудсан цагт очиж тайлбар мэдүүлгээ өгч, үнэн зөвөөр хариулаад шалгуулчихвал асуудал хүндрэхгүй, тэд ч суудлаасаа ховхрохгүй!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.144.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.