Г.Тэмүүлэн гишүүний эхлүүлсэн ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ түмнээрээ дэмжье Монголчуудаа!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-04-13

Арын сайхан хангай нутгаас  төр түшилцэж, хууль батлалцах эрхийг хоёр сонгууль дараалан авсан эрхэм бол УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн юм. Төсөв санхүү, мал амьтны эрүүл мэнд, хөдөөгийн малчдын амьдрах нөхцлийг сайжруулах, Архангай аймагт улсын төсвөөр хийгдэх ажлыг хэлэлцэж, төсөв батлах асуудалд онцгойлон, манлайлан оролцдог  гишүүдийн нэг.

Олон жил ард түмний эсэргүүцэл, гал дунд явж ирсэн Оюутолгой төслийг хөдөлгөхөд гар бие оролцсон нэгэн. Уул уурхайн  яамны дэд сайд, Ашигт малтмал газрын тосны газрын дарга, “Эрдэнэс МГЛ” ХК-ийн дэд захирал, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн зэрэг улстөрийн албан тушаал хашиж байсан бол МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан удаатай.

Залуу хүн гэхэд мэдлэгтэй, мэдрэмжтэй төрийн түшээ. Намдаа үнэнч зүтгэж удирдах зөвлөлд байсныхаа шанд тэрбээр “Төсвийн байнгын хороо”-г толгойлох эрхийг өвөртөлсөн. “Шинэ үеийн Засгийн газар” –т сайдаар ажиллах шанс байсан ч тэрбээр татгалзаж МОНГОЛ УЛС АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТАЛДАГ байх эрх зүйн орчинг бүрдүүлэх нөр их ажлын ард гарахаар залуу хүний эрч хүч, эдрэм мэдлэгийг зориулан шамдаж буй юм.

Ямартай ч эрх мэдэлд шунаад байдаггүй, үгүй гээд хэлж чаддаг зориг нь үнэлүүштэй сайн чанар юм. Архангайн гишүүдийг худалч, зальжин л гэлцэх. Г.Тэмүүлэн бол өөрт оногдсон ачаагаа нэр төртэй үүрээд, хуулиа боловсруулаад сууж буй төлөв түвшин түшээ юм. Төсвөө үнэн зөв, алдагдалгүй батладаг байх зарчмаасаа ухралгүй тэмцэж УИХ-ын чуулганы танхимд хууль зүйн сайдтай ам муруйж, сайн муугаараа дуудуулж ч үзлээ.

Өөрийн сонгосон замаасаа ухрахгүй, шантралгүй зүтгэж байгаа нь сайн чанар. Нүүрсний хулгай гэгч зүйл илэрч, бөөн асуудал дагуулсан Уул уурхайн яамыг удирдах боломж түүнд байсан ч зоригтойгоор үгүй хэмээн татгалзаж төсвөө базах нь дээр гэдгийг тэр мэдэрсэн байв. Зөвлөх нь ч түүнд сайн хэлж, ирээдүйг нь тодорхойлж, ойлгуулж чадсан нь гарцаагүй. 2024 оны улстөрийн сонгуульд Архангайгаас дахин сонгогдож чадвал гарцаагүй сайд дээл давхарлана. УИХ-д гурав сонгогдчихсон хүн бүх мэдээллийг авч, асуудлын мөн чанар, шийдэл гарцыг олоод харчихсан байдаг давуу талтай.

Төсвийг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой байлгахын тулд хоёр ч удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрийн үүргээ биелүүлж байгаа Г.Тэмүүлэн гишүүнд баярлалаа. төсвийн бодлогын хэрэгжилт хангалтгүй, төсөв томрох тусах хувийн хэвшил хумигдаж, Голланд өвчний шинж тэмдэг бодитоор илэрч эхэлснийг бодит тоон судалгаагаар харуулж танилцуулсан нь Төсвийн шинэчлэлийг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байгаагийн тод илрэл боллоо.

Г.Тэмүүлэн гишүүний САНААЧИЛСАН ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ түмнээрээ дэмжье Монголчуудаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.202.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.