Э.ТЭМҮҮЛЭН: Инээмсэглэн гараа өргөөд, зорьсон газартаа очоод БАЯРЛАЛАА гээд буух үйлчлүүлэгчдээ харах дуртай
Эгэл амьдрал
/
2023-05-06
Монголд цор ганц дугуйтай таксиг зохион бүтээсэн Э.Тэмүүлэн хэмээх залууг онцолж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэх үгээр өөрийгөө "чөдөрлөлгүй" өөрөө өөртөө ажлын байр бий болгож яваа түүнийг уйтгар үргээгч гэж нэрлэе. Улаанбаатар хотын түгжрэл дунд үйлчлүүлэгчиддээ хурдан шуурхай, тав тухтай км-ийг нь 2000 төгрөгөөр үнэлж аль ч зүгрүү явсан 5000 төгрөгөөр үйлчилж яваа билээ.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Завгүй ажлынхаа хажуугаар манай уншигчдад зав гаргаж байгаад баярлалаа. Өөрийгөө танилцуулах уу?

Сайн байна уу? намайг Энхбаатар овогтой Тэмүүлэн гэдэг. Айлын ууган хүү, Улаанбаатар хотын унаган иргэн.  Харин сүүлийн үед “Супер такси”-ны жолооч гэдэг нэртэй болсон байна.  Би төрөлхийн тархины саажилт өвчтэй. Би ээж дүүтэйгээ амьдардаг болохоор ээждээ дараа болох биш, тус болж явахыг л хичээдэг. байлаа.

“Супер такси”-ны санааг хэзээ олж байсан бэ?

Дөрвөн жилийн өмнө супер таксины санаагаа интернэтээс олж, загварыг нь өөрөө гаргаж, хүнээр хийлгэсэн. Анх арын хүн суух хэсэг задгай байсан. Тэгээд үйлчлүүлэгчээ бороо, шороо, салхи, нарнаас хамгаалахын тулд саравч хийсэн. Миний такси харагдаж байгаагаасаа илүү хурдтай, бүр 60км/ц хүртэл хурдална гээч. Би 30 минутад түгжрэхгүйгээр, нисэх орж байсан гээд бод доо. Миний такси дөрөө жийдэггүй, цахилгаан мотороор ажилладаг. Жилийн дөрвөн улирал явмаар байдаг. Гэхдээ өвлийн хүйтэнд үйлчлүүлэгч олдохгүй. Дээрээс нь халтиргаа ихтэй хэцүү.

Таксинд явахад хүндрэлтэй зүйл гарч байв уу?

Би машин болон нийтийн тээвэрт саад болохгүйг хичээдэг. Гэхдээ зам сүлжиж явах үед машин санаатай шахаж, орж ирэх үе байдаг. Би амьдралд гуниж, гутрах дургүй болохоор инээгээд л цааш явдаг даа. Сөрөг хүмүүсээс илүү эерэг хүмүүс хажууд минь олон байдагт талархаж байна. . Сэтгэл ханамж 100 хувь, аймар сэтгэл ханамж өндөр байдаг. Миний таксинд сууж байгаа хүмүүс аймар гоё мэдрэмж, бөөн баяр хөөр аваад буудаг. Миний хобби баяр хөөрөөр ялгардаг. Инээж суугаал инээгээд буудаг. Хамгийн гоё нь ямар ч саадгүй явдаг. Нэг газар зогсоно. Ямар ч машин байхгүй, бүр болохгүй бол явган хүний замаар, замын голоор явдаг.

 Хэрэв уншигч та бүхэн  Э.Тэмүүлэнтэй зам дээр таарвал, “Супер такси”-гаар нь үйлчлүүлээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.