Засгийн газрын гишүүдийг 52 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨӨРӨӨ Ч.Номин сайд ТЭРГҮҮЛЖЭЭ
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-07-20

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНИЙН тэргүүлсэн “ШИНЭ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР” 16 яам  21 сайдтай. Тэдний дунд ХУР ХӨРӨНГӨТЭЙ, хувьдаа бизнестэй, толгой баячууд олон бий. Гэвчиг МАН-ын ТООНООР орж ирээд Соёлын яаманд ХАТАН ХААН суучихсан Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын НОМИНГИЙН хөлд нөгөө хэд маань чирэгдэх нь холгүй байна. Авлигатай тэмцэх газраас жил бүр төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гаргуулж авдаг ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭС үзвэл Засгийн газрын гишүүдийг 52 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ, БЭЛ БЭНЧИНТЭЙГЭЭРЭЭ Соёлын сайд Ч.Номин ХОЛ ТАСАРХАЙ ТЭРГҮҮЛЖЭЭ.

Тэрбээр 11,4 тэрбумын үнэд хүрэх барилга байгууламж, орон сууцтай, 1,1 тэрбумын тээврийн хэрэгсэл, 750 саяын үнэт эдлэл, 1,9 тэрбумын ХАДГАЛАМЖ, 2,4 тэрбумын БЭЛЭН МӨНГӨТЭЙ, бусдаас 23,7 тэрбумын АВЛАГАТАЙ, 9,3 тэрбумын зээлтэй гэж мэдүүлсэн байна. Нийт хөрөнгө орлогын дүн нь 52 тэрбум 367 сая төгрөг аж.

Түүний араас хотын даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон, хожим нь ШАДАР САЙДЫН СЭНТИЙД заларсан “ОЮУНЫ УНДРАА” группийн эзэн С.Амарсайхан 14.4 тэрбумын хөрөнгөөр “АМАН ХҮЗҮҮНД” бичигджээ. Шадар сайдын хувьд 10,7 тэрбумын барилга байгууламж, орон сууцтай, гурван тэрбумын АВЛАГАТАЙ, 107 саяын тээврийн хэрэгсэл, 225 саяын үнэт эдлэлтэй, 53 саяын хадгаламжтай аж.

Сайд нарын хөрөнгө орлогын гуравдугаарт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН бичигджээ.  Генсекийн хувьд өмнө нь НИТХ-ын төлөөлөгч байхдаа ХОМ гаргаж байсан бол 2022 оны 8 сард улстөрд орсон учир хөрөнгө орлогоо дахин шинэчилж мэдүүлжээ. Түүний хувьд жилд 421 сая төгрөгийн орлоготой бол 11,3 тэрбумын барилга байгууламж, орон сууцтай, 120 саяын машин унаа, 1,1 тэрбумын МАЛ АЖ АХУЙТАЙ, 230 саяын үнэт эдлэлтэй, 519 саяын авлагатай гэж мэдүүлжээ.

Дөрөвдүгээрт “хуучин бууны хугархай” гэгчээр  “MCS”-ийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг боловсролын сайд Л.Энх-Амгалан бичигджээ. Тэрээр 4,4 тэрбумын барилга байгууламж, орон сууцтай бол 1,6 тэрбумын үнэт эдлэл, 4,9 тэрбумын авлагатай, 244 саяын зээлтэй аж. Нийт хөрөнгө орлого нь 11,6 тэрбумд хүрчээ.

“Алтай трест”-ийн эзэн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт айргийн тавд арай хийн багтжээ. Жилд 1,1 тэрбумын орлогтой, 3,8 тэрбумын байшин барилга, орон сууцтай, 200 саяын газар, 250 саяын үнэт эдлэл, 130 саяын хадгаламж, 5 тэрбумын авлагатай аж. Нийт хөрөнгийн хэмжээ 10,6 тэрбум төгрөгт хүрчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.88.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.