ОЙН ГАЗАР : Гeрманы судлаачидтай хамтран модны өмхрөх тодорхойлох судалгааг эхлүүлжээ.
Нийтлэл
/
2023-07-25

/Эрдэнэбулган/ Герман Улсын Фрайбург болон Геоттинген их сургууль, Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн судлаачид, Хангай сумын Орлогч дарга нар хамтран шинэс модны өмхрөлийн хэмжээг нарийвчлан тогтоох судалгааны ажлыг эхлүүлжээ.

Модны ишний өмхрөлийг тодорхойлох энэхүү судалгаа Монгол Улсад анх удаа хийгдэж байгаагаараа онцлог.
Тус судалгааг Монгол орны баруун бүсийн шинэсэн ойг төлөөлүүлэн Хангайн нурууны ойд хийв. Хангайн нуруунд Дэлхийд ховор, Монгол оронд тохиолддог тайгажуу ой ургадгаараа нэн онцлог юм.

Энэ ажлын хүрээнд Хангайн нурууны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, Хангай сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллахаар болжээ. Хангайн нурууны Тусгай хамгаалалттай газар нутгаас Ноёнхангайн байгалийн цогцолборт газрыг сонгон авч, судалгааг эхлүүлсэн байна.

Энэхүү судалгааг Германы Фрайбургийн их сургуулийн Ургамлын экологийн факультетийн Доктор, профессор Маркус Хаук, Доктор, профессор Чоймаагийн Дуламсүрэн, Доктор ГермарСапех, Геоттинген их сургуулийн Ойн нөөцийн менежментийн факультетийн Доктор, профессор Стефен Руст, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ойн судлаач ХАА-н ухааны Доктор Г.Батсайхан, Хангай сумын Орлогч дарга, Хүрээлэн буй орчны хамгааллын ухааны Доктор П.Баттулга нарын хамтарсан баг хийжээ.

Ташрамд, модны өмхрөлийг тодорхойлох багажийг Доктор, профессор Стефен Руст зохион бүтээж байжээ.


Энэхүү судалгааг хийснээр Монгол орны шинэсэн ойн модны чанар, хэрэглээний гарцыг нарийвчлан тооцох, Хангайн нурууны ойн онцлогийг дэлхий нийтэд сурталчлах ажил болж байгаа юм хэмээн Архангай медиа группийн Хангай сум дахь сурвалжлагч П.Баттулга мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.