Хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох нийт баг тамирчдадаа амжилт хүсэж, дүүргийн тугийг гардууллаа
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-07-25

Монголын хүүхдийн спортын VII их наадам зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт спортын 23 төрлөөр зохион байгуулагдана. Энэ наадамд Баянгол дүүргээс 185 тамирчин, 25 багш, дасгалжуулагч гээд нийт 210 хүний бүрэлдэхүүнтэй баг спортын 19 төрөлд өрсөлдөхөд бэлэн болоод байгаа юм. Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн БТСХ-ны дарга Г.Батбаяр, ЗДТГ-ын НХХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа нар Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцох нийт багш, дасгалжуулагч, баг тамирчдадаа хүндэтгэл үзүүлж, БГД болон дүүргийн Спорт хорооны Тугийг гардууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Спортын наадамд дүүргээ төлөөлөн оролцож байгаа нийт баг тамирчдадаа баяр хүргэе. Энэ наадмын анхан шатны тэмцээн өнгөрсөн 2-р сараас 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл спортын 13 төрөлд зохион байгуулж, давхардсан тоогоор 295 байгууллагын 4318 тамирчин өрсөлдсөн. Үүнээс шилдэг 185 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаараа шалгарч Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцож байна. Мөн тэмцээнд оролцож байгаа тамирчдын хувцас хэрэглэл, унаа бусад зардлыг дүүргийн ЗДТГ-аас 100 хувь бүрэн хариуцаж байна. Иймд тамирчид та бүхэн юунд ч санаа зоволгүйгээр тэмцээн уралдаандаа нэг баг, хамт болж амжилттай оролцоод ирээрэй. Нийт тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэсэн юм. Мөн энэ үеэр тэмцээнд оролцох тамирчдадаа хувцас, хэрэглэл гардууллаа. Ташрамд мэдээлэхэд, 2023 оны Хүүхдийн спортын өвлийн VII наадамд Баянгол дүүрэг спортын 5 төрлөөр 45 тамирчин өрсөлдөж 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Нийслэлийн хэмжээнд 1-р байр, улсын хэмжээнд 4-р байрт шалгарсан амжилттай оролцсон билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.