Шарандаа 100 жилийн ой хийчихсэн “ШИЙРТЭЙ ЭР”
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-08-05

Ардын Засгийн тамгатай дөрвөн гол аймгийн түүхт ой өргөн дэлгэр сайхан болж өнгөрөв. Гэтэл хаа байсан Говь-Алтай аймгийнхан барьцаад “Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой” гэж хачин жигтэй, хөдөлмөрийн баатарууд, ТОД МАНЛАЙ УЯАЧИД, ГЕНЕРАЛУУДААРАА чимсэн нижгэр наадам хийчихлээ.

Бусад аймгийн дарга нар улсын төсвөөс МӨНГӨ СУУЛГАЖ наадсан бол Говь-Алтайн дарга бусдыгаа уриалж, баячуудаас хөрөнгө татаж сайхан наадав. О.Амгаланбаатар дарга ухаан зарж, бодол гүйлгэж чадлаа. МАН-ын дарга нар генсекээ гуйж, өрөөнийх нь үүдэнд өнжин хонон дугаарлаж баяр тэмдэглэх зөвшөөрлөө авч байхад О.Амгаланбаатар ганц удаа уулзаад л Засгийн газрын тогтоол ШУА-ийн эрдэмтдийн дүгнэлт гаргуулсан нь хэр баргийн аавын хүүгийн чадах асуудал биш.

Тэр улстөрчийн хувьд ч, төрийн зүтгэлтний хувьд ч “шаггүй эр” юмсанж.  Засагт ханы хөх харчуудыг ШАГГҮЙ л гэлцдэг, үнэн бололтой. Түүний бодол, нүүдлийг тааж, тогтооход амаргүй нэгэн аж. Говь-Алтай аймгийн хоёр дахь удаагаа удирдаж байгаа гэхэд малчид, иргэдтэйгээ илүү тулж ажилладаг нь нутгийнханд нь “таалагддаг”. Малчдаа хувь нийлүүлж, хөрөнгө оруулсан том үйлдвэртэй болгохоор зорьж буй нь төрийн бодолгод ч тусгагдсан. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг гол цөм нь Говь-Алтайд хэрэгжихээр болж буй нь үүний тод илрэл гэж ойлгож болох.

Төрийнхөн байтугай МАН-ын жагсаж, адис авах нь холгүй дугаарладаг “бүдүүн дарга”-г нутагтаа аваачиж “найрлуулж” сонгуулийнх нь сурталчилгаанд тус нэмэр болов. О.Амгаланбаатар НАМ дотроо ч, МАН дотор ч томчуудыг нь хөдөлгөж чаддаг “хоншоортой” гаруудын нэг аж. Ямар л муу улстөрч чинь байтлаа сөрөг хүчнийхээ “хоёрдугаар хүнийг” номхруулчихсан, хамаг тендерийг хамж шимдэг “МАКС” Ганбааг хүртэл судсыг нь атгачихсан байхав.

О.Амгаланбаатар “Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой”-г тэмдэглэхийн өмнө “Засагт ханы үндсэн гал голомт, засаг захиргаа нь Говь-Алтайчууд бид. Гэтэл Улиастайд төвтэй, Завханыхан ЗАСАГТ ХАНЫХАН гэж ярьж бичиж, бидний түүхийг булааж байна. Бид бусдад булаагдсан түүхээ  ийнхүү сэргээж чадлаа. Энэ ой бол Засагт ханы үр сад, ураг төрлийн баяр байх болно” хэмээн ярьж байв.

Тэр улстөрчийн хувьд их халгаатай, улстөрийн хувьд их хаялагатай, бодлоготой нүүдэл хийж 2024 онд УИХ-ын гишүүн болох замаа аятайхан ЗАСЧИХЛАА. 2020 онд өрсөлдөөд бараагүй юм. Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан хоёрын хийж чадаагүйг л лав хийчихлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.26.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.