Ш.Отгон-Өлзий: МҮХАҮТ-ын шинэ тооллыг эхлүүлнэ
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-09-20

Монголын улсын эдийн засгийн салбарыг нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, олон улсад ажиллаж боломжийг бүрдүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх үүд хаалгыг нээх гол зорилготой Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гэх олон мянган гишүүнчлэлтэй байгууллагын дараагийн тэргүүнээ сонгох гэж байна. Тус байгууллагын тэргүүний сонгуульд Засгийн газрын гишүүн асан “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, “МCS” группийн дэд ерөнхийлөгч шарк Д.Энхтүвшин, “Мобиком”, “Скайтел” компаниудын захирал асан Д.Болор гээд нэр нөлөө бүхий эрхмүүд өрсөлдөхөө зарлаад буй. Тэдний дунд “Монголын брэнд” холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа.

Танд өдрийн мэнд хүргэе. Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж. Яагаад ийм шийдвэр гаргав?

Танай уншигчдад өдрийн мэнд хүргэе. Яагаад байгууллагын тэргүүнд өрсөлдөх болсон бэ гэдгээ маш товчхон хэлье. Би бол залуу үеийн төлөөлөл. Хөндлөнгийн хүн. 2016 онд “Монгол брэнд” холбоог байгуулсан цагаас хойш мэднэ. Бизнесүүдээ дэмжиж, гадаад суртчилж, монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулахад олигтой ажил хийсэнгүй. Намынхаа нөхдүүдийн бизнесийг л ногоон гэрлээр дэмждэг болгочихсон. Одоо ийм тогтолцооноос салах цаг болсон. Уламжлагдсан гэмээр энэ бодлогыг өөрчилж тэс өөр, шив шинэ бодлого, эргэлт сэргэлт хийх ухаан, боломж, нау хау надад бий. Тийм учраас шинэ салхи оруулах гэж би нэр дэвшиж байгаа юм.

Өрсөлдөгч нарынхаа талаар та ямар бодолтой байна вэ, тэднийг ялна гэдэгтээ итгэлтэй байна уу? Олон нийтэд танигдсан, массын дэмжлэг хүлээхүйц эрхмүүд харагдсан.

Би тэднийг өрсөлдөгч гэхээсээ илүүтэй хамтрагчид, манай багт байх ёстой хүмүүс гэж эергээр харж байгаа. Тэдэнд туршлага, чадвар бий. Надад зориг, шинэ санаа, шинэ менежмент байна. Хамтраад МҮХАҮТ-ыг шинэчилье гэж уриалмаар байна. Хэвлэлээр гарч буй мэдээллүүдийг харахаар дандаа хувьдаа бизнестэй, намтай, мөнгөтэй эрхмүүд өрсөлдөнө гэсэн байна лээ. Өмнөх жилүүдэд яг ийм л нөхдүүд өрсөлдөж байсан. Юу ч өөрчлөгдөөгүй ш дээ. Тэд энэ суудалд очвол өнөөх л танил тал, найз нөхөд, намынхаа компаниудыг дэмжинэ. Цаана нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчид, бизнесийн салбарт өрсөлдөхөөр хүч түрэн орж ирж буй шинэ бизнесменүүд хохироод үлдэнэ. Энэ шударга бус зүйлийг таслан зогсоож, чинээлэг дундаж давхаргыг бий болгох нь миний туйлын зорилго. Өрсөлдөгч нар маань улсдаа татвараа сайн төл, ажлын байр нэмэгдүүл, компанийн засаглалаа сайжруулж, олон улсад бүтээгдэхүүнээ гаргах менежмент хий, IPO гарга. Энэ л тэдний үүрэг. Танхимын дарга болох ямар ч шаардлага байхгүй гэж бодож байна. БИЗНЕСМЕН ХҮН бол ашиг л боддог. Та нар өөрийгөө л бод, бизнесээ л амжилттай болго. Ах нараа, та нар ашгаа л бод. Би өөрчилж шинэчилье

 Та танхимын тэргүүн болчихлоо. Өөрчлөлт хийнэ гэсэн. Яг юуг, яаж өөрчлөх юм бэ?

Монголын эдийн засгийн хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд л нуруундаа үүрч яваа. Одоо тэдний араас гарах дундаж шинэ аж ахуй нэгжүүдийг дэмжмээр байна. Ингэж байж нийгэмд дундаж давхрага тогтоно. Өрсөлдөөнийг шударга болгоно. Монголчууд өнөөдөр хийж бүтээж чадаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид харьцангуй олон болсон. Одоо тэдэнд МАК шиг, “Таванбогд” шиг, “МCS” шиг том компани болоход нь л МҮХАҮТ жинэхэнэ утгаараа түших багана нь болох ёстой. Үр дүнд нь МОНГОЛЧУУД Л ХОЖИНО. Танхимын бодлого зөв, эрүүл, шинэлэг байвал жинхэнэ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ цэцэглэн хөгжиж, том бизнес болж өсөж өндийх хүлэмж гэж энгийнээр ойлгож болно. Томоохон компаниуд одоо араасаа ЖДҮ-чдийг дагуулах цаг болсон. Ийм зүйлийн төлөө бүгдэнтэй нь хамтарч ажиллана. Танхим бизнесийнхэн учраа олдог, уулздаг ярьдаг газар байх ёстой. .Улс төр, бизнсийн монополь бүлэглэлээс ангид, төрийн дарамтын эсрэг нэг дуу хоолойтой байлгахыг зорин ажиллана.

“Монгол брэнд”-ийг дэлхийд гаргаж чадсан шинэ аргачлал, менежментийг танхимд нэвтрүүлбэл ч бас шинэлэг ахлам болно шүү?

Баярлалаа. Монгол брэндийн төслийн хүрээнд монголынхоо олон аж ахуй нэгжийг АНУ-ын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж чадсан. Төрөөс экспортыг дэмжинэ, импортоос экспортод шилжинэ гэх зэрэг том зорилт тавьчихсан зорьж байгаа бол миний хувьд энэ бодлогыг жинхэнэ бодит ажил хэрэг болгож чадсан. Энэ хүрээнд Монголын уран зураг зурдаг зураачдын бүтээлийг дэлхийн зах зээлд гаргачихсан амжилттай явж байна. Нэг залуу санаачлаад хэсэг залуус хамтраад ийм зүйлийг хийж болдог юм чинь үүнийг МҮХАҮТ-ыг түшиглээд олон ЖДҮ эрхлэгчдэд боломж олгож таван жилийн дараа олон том аж ахуй нэгжийг алга тоон хүлээж авъя л гэж байгаа юм. ЖДҮ эрхлэгчдэд тулгараад буй стандартуудыг нэвтрүүлсэнээр Монгол талх дэлхийн аль ч улсад худалдаалагдах ийм боломжийг бүрдүүлэх нь чухал юм.

Таныг МҮХАҮТ-ын тэргүүн бочлихвол Монголын ЖДҮ эрхлэгчдийн бизнес томорч монгол бараа дэлхийд зарагдана гэвэл болж байна. Харин яаж?

Нэг нууц байгаа. Энд задалчихъя. Олон улсын экспертүүдийг МҮХАҮТ-ын шууд удирдлага доор зангидаж ажиллуулна. Ийм жишгээр өмнө нь манай баг амжилттай ажилласан. Үр дүнд нь жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт боломж нээгдэж гадны зах зээлд гарах үүд нь нээгдэнэ. Ийм бодлого танхимаас гарах ёстой гэж үзэж байна.

Танд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.17.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.