Д.Тогтохсүрэн: Манайд 34 биш ЧАДАМЖТАЙ, хүлээн зөвшөөрөгдсөн ДӨРВӨН НАМ байхад л болно
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-12-18

Монгол улсын Их хурлаар “Үндсэн хууль” болон “Сонгуулийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж 126 гишүүнтэй байхаар баталсан. Хуулиараа дараагийн сонгууль болохоос өмнө сонгуулийн тойрог болон хугацааг тогтож батлах ёстой. Энэ дагуу эрх баригч намын зүгээс 2024 оны улстөрийн ээлжит сонгуулийг томсгосон тойрог, бүсчилсэн хувилбараар явуулах санал гаргаж үүндээ нэгдээд буй билээ. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

2024 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар эрх баригч нам санал нэгдсэн байна. Энэ саналыг бусад намууд харамсалтай нь дэмжихгүй байна шүү дээ?

Үндсэн хуульд заасны дагуу ирэх оны сонгууль хольмог тогтолцоогоор явна. Иргэд санал өгөхдөө намд 48 мандат, нэр дэвшигчдээс 78 хүн сонгоно. Улстөрийн сонгуульд оролцох намууд нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн жишгээр нэр дэвшүүлнэ. Цаашдаа бид 34 намтай байхуу үгүй юу гэдгийг анхаарах ёстой. Хариуцлагатай, оюуны потинцалтай, улс орны хэмжээнд танигдсан, боловсон хүчин, хүний нөөц сайтай дөрөв, таван намтай байхад л хангалттай. Нэг талдаа жижиг намуудад халтай ч сонгуульд орохдоо нэгдэх, хамтрах, эсвэл боломжийг нээж өгч байгаа юм.

Эрх баригч нам өөрсөддөө ашигтай шийдвэр гаргалаа гэж сөрөг хүчнийхэн дүгнэж байна. АН болон ХҮН намаас санал авсан уу?

УИХ-д суудалтай хоёр намын удирдлагууд, бүлгийн дарга нартай уулзаж санал авахаар ярьсан. Хэрэв танай хоёр нам үүнийг дэмжихгүй бол бид заавал энэ шийдлийг батлахгүй гэсэн. Энэ бол манай намын зарчим.

Аймгуудыг бүсчлэх асуудал нэлээд ялгавартай санагдсан. Хил гаалгүй, хөгжил тааруу аймгуудынхаа эдийн засгийн боломж, өрсөлдөх чадварыг хязгаарласан “шог” хувиарлалт болсон тухай гишүүд хөндөж байна шүү дээ?

Тойрог томсгох болон бүсчлэх асуудлыг дахиж сайн судлах зайлшгүй шаардлагатай. Одоо байгаа таван том бүсээр явчихаар хэт данхайчих гээд байна. бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай бодлогоо баримтлана. Эрх баригч нам өөртөө тохирсон хууль батлах гэж байна гэдэг шүүмжлэл гарах нь ойлгомжтой. Бид зөвшилцөнө.

Тойрог томгож байгаагийн гол онцлог, ач холбогдол нь юу юм бэ?

Жалга дов, нутаг ус, танил тал, мөнгө тараах, царцаадах гэх зэрэг зөрчлүүд арилна гэж үзэж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.88.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.