Ц.Мөнхбаяр: ГАЗАР НУТАГАА алдахгүйн тулд ТУЛААНД ОРОХ ЁСТОЙ. Ард түмнээ тэмцээсэй л гэж уриалж байна!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-12-19

Эх орон, газар нутгийн төлөө цогтой тэмцэгч, тэмцлийнхээ шанд хоригдож явсан нэгэн эрхэмтэй ярилцлаа. Түүнийг "Онги гол" хөдөлгөөний тэргүүн ЦЭЦЭГЭЭГИЙН МӨНХБАЯР гэдэг. 

Өвөлжөө сайхан уу та? Нутаг Дундговьтоо суурин уу...?

Сайхан өвөлжиж байна. Нутаг Дундговьтоо суурин байгаа. Хөөцөлдөх ажилтай хотод ирээд байна. мөдхөн буцна даа.

Байгаль орчны төлөө нэлээд хүчтэй дуугарч байгаад хэцүү нэртийнд ороод гарч ирсэн. Түүнээс хойш нам гүмхэн болж шүү, та?

Тааралдан хүмүүс тэгдэг л юм. 2003 оноос хойш 2020 он хүртэл нэлээд эрчимтэй тэмцсэн. Залуухан ч байж, төрийн хийх ажил ч сул байж. Шийдэмгий байсан. Төр ажлаа хийхгүй бол олон нийт шахамдуулж эхэлдэг. Тийм л хэлбэрээр явсан. Дундговийн Сайхан-Овоо сум бол аймагтаа бүтэн үлдсэн цөөн сумдын нэг. Хүрзний мөр гараагүй ганц бүтэн сум. Гэтэл энэ нутгийг минь ухах гэж оролдсон. Түүний эсрэг нутгийнхантайгаа нэгдэж нэлээд ширүүн мөргөлдөөн, зөрчилдөөний өөдөөс тэмцэж байж дарж авсан. Би чинь нутагтаа аж төрж, хэвлэлээс л хол байгаа болохоос биш чимээгүй болоогүй, үзэлцээд л байгаа. “Эзэнгүй төрийн эмгэнэл” гэдэг чинь орон нутагт  жинхэнээсээ болж байдаг юм.

Таныг олон нийт ЭХ ОРОНЧ хүн  гэж үнэлдэг. Сүүлийн үед Өмнөговийн Ханбогдийн газар нутгийг харийнханд урт хугацаагаар эзэмшүүлсэн, зарсан гэдэг ноцтой мэдээлэл түглээ. Хуулийн байгууллага ч шалгах ажиллагаа эхлүүлсэн. Таны хувьд үүнд ямар бодолтой байх юм?

480 гаруй га газрын сураг дуулдсан. Энэ бол мэдэгдэж байгаа нь. Хэдэн мянган га газраа барьцаанд өгчихсөн байгаа. Энэ бол тусгаар тогтнолоо алдаж буйн л нэг хэлбэр. “Газар бол улсын үндэс” гэж Модун хаан хэлсэн бол Галдаан хаан “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж сургасан. Харамсалтай нь манайхан ТУСГААР ТОГТНОСОН БАЙДЛАА алдаж, халдашгүй байдал суларсан гэсэн үг. Олон жилийн өмнөх бидний тэмцэл ч яг ийм зүйл, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө л байсан юм. Манай улс нэрэн дээрээ ТУСГААР ТОГТНОССОН, нидэр дээрэ бүрэн байдлаа алдсан эмгнэлтэй байдалд хүрсэн л гэсэн үг. Ийм үед Монголчууд чимээгүй сууж болохгүй. Одоо л бид ямар ч эргэлзээгүйгээр ТУЛААНД ОРОХ ЁСТОЙ. Газар нутгийн төлөөх тулаанд ямар ч хориг саад хэрэггүй.

Улстөрийнхөн гадны хөрөнгө оруулалт л татчихвал улс хөгжинө гэж ярьцгаах. Та болохоор гадныхан Монгол төрийн эсрэг ажилладаг гэж үздэг хүн. Одоо ч энэ бодол хэвээрээ байна уу?

Бод доо... 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахдаа АНУ-ын тагнуулын байгууллагын оролцоотой “Азийн сан” гэгч байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч байсан. Одоо яаж зөвлүүлж вэ гэдэгээ эргээд нэг харчих. Монголд байгаа донор байгууллагууд чинь бидэнд мөнгө өгчихөөд монгол улсын мэдээллийг авч байдаг юм шүү дээ. Наанаа нээх гоё дэлхий, дэлхий гэсэн нэртэй. Тийм хөгжлийн корпорац, тийм ч юмны банк гэчихээд цаагуураа төрийнхөнтэй тохиролцоо хийж Монголын баялаг, нутаг усыг авах, бүүр ярьвал Монголчуудыг устгах санаа зорилготой гэж би харддаг.  Гадныхан Монголын газар нутаг руу халдахаараа “Дэлхийн банк” гэсэн нэртэй, боловсрол руу халдахаараа “Азийн хөгжлийн банк”-ны зээлээр санхүүдэг. Хөдөө аж ахуйг “Швейцарийн хөгжлийн агентлаг” гэдэг байгууллага санхүүжүүлдэг гэсэн үг. Явж явж НҮБ ч бас гадны байгууллагын дэмжлэгтэй юм шүү дээ. Би бол үүнийг оошоодоггүй. Бид өв соёл, түүх, сүүлдээ газар нутгаа харийнханд алдаж байгаа.

Та одоо ямар нэгэн иргэний нийгмийн байгууллагад идэвхийлэн оролцож байгаа юу?

Хотод ирсэн шатлгаан маань “Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын удирдах их хуралд оролцсон явдал. Төрийн тэргүүн, Ерөнхий сайдтай уулзлаа. Ерөнхий сайд бол шуудхан л байгаль орчин хамаагүй ээ, бид газрын доорх баялагаа ашиглана, гадны хөрөнгө оруулалтыг татна гэж байна лээ. Харин Ерөнхийлөгч бол биднийг дэмжинэ гэсэн. Яаж дэмжихийг л нь харъя.

2020 оны улстөрийн сонгуульд “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж байсан. 2024 оны сонгуульд дахин өрсөлдөх үү?

Дэмжиж байгаа хүмүүстэй хамтарч, аль нэг намаас нэр дэвшинэ гэж бодож байгаа. МАН, АН хоёроос бусад өөр улстөрийн намд элсэж нэр дэвших эрх хуулиар бий болчихсон. Аль ч намд ороод нэр дэвших эрх надад бий. 126 гишүүн гэдэг чинь цөөхөн тоо шүү дээ. Бид ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ боловсруулчихсан байгаа, “ИХ ЦААЗ” гээд. Үүнийгээ хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ чинь тулаан шүү дээ. Тулаанд ялахын төлөө, уралдаанд түрүүлэхийг төлөө, барилдаанд давахын төлөө л явна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.252.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.