Хүүгээ тэврээд ЦООЖТОЙ БАЙСАН ШИЛЭН ХААЛГЫГ ХАГАЛЖ ГАРСАН
Ярилцлага
/
2024-01-26

Баянзүрх дүүргийн 26-р хороонд гал түймрийн ноцтой осол, дэлбэрэлт болж 60 айлын орон сууц, 29 автомашин галд бүрэн шатан, гал сөнөөгч гурван залуу албан үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг явдал болсон.

Тодруулбал 26-р хорооны 15-р хэсгийн 60 айлын 207 байр галд бүрэн автаж тус байранд амьдарч байсан 198 иргэн өмссөн хувцастайгаа галын аюулаас бүгд эсэн мэнд гарч түр хамгаалах байранд шилжин байрлаад байна. Галын аюулд байр нь шатсан иргэдийн төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.

Нийгмийг зочроосон маш харамсалтай үйл явдал боллоо. Та бүхэн галын аюулаас хэрхэн амжиж гарав?

Шөнийн 01:25 цагийн үед гэнэт л газар хөдлөлт болж байгаа юм шиг хүчтэй дуу гарсан. Тэгээд манай гэрийнхэн сэрээд, цонхоороо харсан чинь улаан гал дүрэлзэж, манарсан юм болчихсон, утаа үнэртээд байсан.

Хүүхдүүдээ хувцаслаад шууд л гарсан уу. Хүүхдүүд, гэр бүлийнхэн чинь зүгээр биздээ?

Манайх хүү охин хоёртой. Би хүүгээ тэврээд, хөнжилд нь ороогоод шууд нь гарсан. Өрөөнөөс гарахад байрныхан маань бүгд айдаст автчихсан, гарахаар гүйсэн. Манай байрны урд талын аваарын хаалга /ослын гарц/ цоожтой байсан. Хүүхдээ тэвэрч байгаад шилэн хаалгыг хагалж гарсан. Бидний араас манай байрныхан амжиж гарсан.

Шилэн хаалгыг хагалсан гэлээ. Хүү нь бэртээгүй биз дээ. Биеийн байдал ямар байна вэ?

Хүүгийн маань бие зарим газраа шилэнд зүсэгдсэн байна лээ. Манайхан угаартсан байсан учраас сүү тараг ууж, хордлогоо тайлсан.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан уу..?

Одоо л үзүүлэхээр ирж байна. Эмч нарт нь үзүүлнэ дээ.

Галын үед байрнаасаа гараад хаачсан бэ. Хаана хонов. Зарим иргэд машиндаа хоносон гэж байна?

Ээжийндээ очиж хоносон. Машин байрны гадаа байсан. 20 гаруй машин шатсан гэж байна. Бодвол дэлбэрэлтэд өртөж, шатсан байх. Машин ч яахав. Амьд гарсан минь аз боллоо.

Амьд байвал амьдрал үргэлжилнэ. Сэтгэл санаагаа тайван байлгаж, гэрийнхэнийгээ сайн хамгаалаарай. Яриа өгсөнд баярлалаа.

За ойлголоо. Баярлалаа. Тэгнээ, гэр бүлээ сайн хамгаалнаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
24
1
2
2
1
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.102.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.