БХЯ: М.БАЯРЦОГ: Монгол цэргүүд маргаашийн нарыг харах баталгаа нь болж байна

Ямарваа ажлыг эхлүүлсэн бол дуусгаж байж санаа нь амардаг гэх түүнийг Машбат овогтой Баярцог гэдэг. Даруу зан, хөрслөг бор царайгаар өөрийгөө чимсэн Зэвсэгт хүчний мянга, мянган чадварлаг офицеруудын төлөөлөл болох түүнийг энэ удаагийн зочин хоймортоо онцолж байна. Тэрбээр өдгөө БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багт ротын ажиллагааны офицероор үүрэг гүйцэтгэж буй юм.

Бага насны тань дурсамжаар яриагаа эхэлье...

-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн гэх уул, ус нь тэгширсэн сайхан хангайд жирийн ажилчин айлд том хүү нь болон мэндэлсэн. Нэг эгч, 3 эрэгтэй дүүтэй. Бага байхын л дуу цөөтэй, аливаа зүйлд махруу, аав ээжээс даалгасан ажлыг чинээнд нь тултал хийж байж санаа амардаг хүүхэд байлаа. Аав маань тариаланч, жолооч хүн учир бага нас тариалангийн талбайд өнгөрсөн. Ааваасаа салах тун дургүй, аав хаана явна тэнд явж байна. Намар болж ургац хураалтын ид ажлын үе эхлэхээр аав хээр хоноглож, урт удаан хугацаагаар явах үе гарна. Тэр болгонд жаахан хүүхэд дагуулж яваад яах вэ ядарчихна гээд үлдээх гэнэ. Би ч тун дургүй хоцорно. Аав яваад ганц, хоёр хонов уу үгүй юу араас нь дугуйгаа жийгээд давхичихна. 20-30км газар юухан байх вэ өдрийн тал жийгээд л оччихдог байв. Нэгэнт яваад очсон байхад буцаагаад явуулахгүй нь тодорхой. Ухаан орохоосоо л аавыгаа дагаж өч, төчнөөн газраар явж, Зүүнбүрэнгийн тариалангийн хэдэн талбайд тоглож өссөн юм болохоор харанхуй шөнөөр ч саадгүй олоод оччих хэмжээнд мэддэг байсан нь энэ. Хүмүүс тухайн үед том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ гэхэд нь жолооч л гэж хариулдаг байлаа.

Жолооч болох мөрөөдөлтэй байсан хүү цэргийн хүн болох шийдвэр гаргахад юу нөлөөлсөн бэ?

-Жолооч бол балчир хүүгийн бодол. Хэдий дуу цөөтэй даруухан ч гэсэн спортын тэмцээн уралдаанд ангийн хэдэн нөхдөө ахлаад, уриалаад явдаг, чамгүй амжилт ч гаргачихдаг байлаа. Илүү авьяастай, хийж чадаж ч байсан юм болохоор спортод хоббитой болж жудо бөхөөр зургаан жил хичээллэсэн. Балчир хүүгийн бодол өсөж томрохын хэрээр өөрчлөгдөж багш, дасгалжуулагч болно гээд хөглөж явсан үе ч бий. Тухайн үед эгч маань цэргийн хүн болох санал тавьсан. Худал хэлээд яах вэ. Цэргийн хүн болчихсон, энхийг сахиулах ажиллагаанд яваад л амьдралаа өөд татаж байгаа үеийн залуусаа хараад эгчийнхээ санал зөвлөгөөг шууд л дагасан. Тэгээд ер нь яагаад би болдоггүй юм гээд БХИС-д элсэн суралцах шалгалт өгч тэнцсэнээр цэргийн хүн болох эхлэл тавигдсан

даа.

Ажлын анхны гараагаа хаанаас эхлүүлж байв?

-2007 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангид мотобуудлагын салааны захирагчаар томилогдож ажлын гараагаа эхлүүлэн улмаар тус ангидаа биеийн тамир, спортын дарга, мотобуудлагын ротын захирагч, хүний нөөцийн офицер, захиргааны удирдлагын албаны дарга, дайчилгааны ахлах офицер хүртэлх шат дараалсан албан тушаалуудад 14 жил ажиллаад 2021 онд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажиллагааны ахлах офицер, 2022 оноос тус ангидаа ажиллагааны удирдлагын тасгийн даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Эрдэнэтийн хороо гэгдэх алдар түүхт дайчин замналтай, тус хорооны хамт олон, үе үеийн чадварлаг, мундаг дарга нараасаа маш их зүйлийг сурч авсан. Энэ завшааныг ашиглаад тус ангийн удирдлага, хамт олонд мөн баярлаж талархаж явдгаа хэлье.

Энхийг сахиулах ажиллагаанд хэддэх удаагаа үүрэг гүйцэтгэж байна?

-Анх 2009 онд Сьерра-Льен Улсад явагдсан НҮБ-ын мандаттай “UNMIL” энхийг сахиулах ажиллагаанд наймдугаар ээлжинд тасгийн захирагч, 2013 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны гуравдугаар ээлжид салааны захирагчаар тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Өдгөө мөн БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 13 дугаар ээлжийн цэргийн багт ротын ажиллагааны офицероор үүргээ амжилттай гүйцэтгээд дөрөвдөх сарынхаа хугацааг ардаа үдсэн байна.

III ээлж гэхээр цагийн байдал нэлээд хүндрэлтэй хэцүү үед үүрэг гүйцэтгэжээ...

-Тухайн үед Бентью хотод бүх зүйл өрнөсөн. Манай ротын хувьд Вау хотод үүрэг гүйцэтгэж байсан болохоор цагийн байдал харьцангуй тайван байсан, гэхдээ бид бүхний хувьд байнгын бэлэн байдалтай ийм л өдөр хоногууд

өнгөрч байсан даа.

Төв бааз байрлаж буй Бентью хотод цагийн байдал хүндрэхэд сэтгэл зүйн байдал хэр байсан бэ? Магадгүй маргааш гэхэд Вауд цагийн байдал хүндэрвэл яах вэ гэх мэтээр айж, түгшиж байв уу?

-Айх, түгших гэхээсээ илүүтэй хэрвээ зэвсэгт мөргөлдөөн, иргэдийн эмх замбараагүй байдал үүсвэл М.Баярцог юу хийх билээ, ямар үүрэгтэй билээ, харуул хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах билээ, ямар арга хэмжээг авах ёстой билээ, цэргүүддээ ямар үүрэг чиглэл өгч, эсэн мэнд байлгах билээ гэж л шөнө, өдөргүй бодож үүсэж болох цагийн байдалд өөрийгөө бэлддэг байсан.

Дэлхийн халуун цэгт, цагийн байдлын хүндрэлтэй нөхцөлд, цаг уурын эрс тэс орчинд эх орон, хайртай бүхнээсээ алс холд бүтэн жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй...

-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийг харуулд гарсан болоод дээшээ харж хэвтэж, идэж байгаад бөөн мөнгө аваад ирдэг гэж боддог хүмүүс яг бодит амьдрал дээр байдаг юм билээ. Харийн нутгийн амар амгалангийн төлөө халуун амь насаараа дэнчин тавьж Монгол Улс гэх нэр хүндийг даян дэлхийн энхийн тавцанд цуурайтуулж яваа энхийг сахиулагчид бол өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчний нүүр царай, бахархал яахын аргагүй мөн. Сүүлийн үед Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг харлуулах хандлага цахим орчинд түлхүү ажиглагдах боллоо. Бүр манайх шиг тайван улсад Зэвсэгт хүчнээр яах юм гэх хүмүүсийн сэтгэгдэл нэг бус хөвөрч харагдах юм билээ. Миний бие энхийг сахиулах ажиллагаанд энэ удаагийнхтай гурав дахиа үүрэг гүйцэтгэж байна. Дайны хөлд сүйдэж, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн орох орон битгий хэл, өмсөх гуталгүй, маргаашийн байтугай өнөөдрийн хоолгүй ядарч, өлсгөлөнд нэрвэгдсэн олон мянган иргэнийг харсан. Дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ын цэргүүд л өнөөдөр тэдгээр хүмүүсийн амьд явж, маргаашийн нарыг харах баталгаа нь болж байна. Ийм орчинд яаж хүүхэд эрүүл энх өсөж, эрүүл ухаанаар сэтгэж, мөрөөдөх юм. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээ муулаад байгаа тэдгээр хүмүүсийг энд авчраад дүрвэгсдийн хуарангаар нэг л удаа оруулаад гаргахад туурга тусгаар, эрх чөлөөт улсад мэндэлж, эх орноо амь бие үл хайрлан батлан хамгаалах тангараг өргөсөн цэрэг дайчдаараа бахархана гэдэгт итгэлтэй байна.

Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгээд багагүй хугацаа өнгөрлөө. Ар гэр, аав ээж, үр хүүхэд, хань ижлээ хэр их санаж байна?

-Миний хань цэргийн ангид нярав албан тушаалд ажиллаж байсан хүн. Тийм болохоор харьцангуй сайн ойлгож дэмждэг. Өмнө нь хоёр удаа ажиллагаанд үүрэг гүйцэтгээд хол байгаад үзчихсэн болохоор одоо асуудалгүй. Байнга холбоотой байгаа хэдий ч нас яваад тэр юм уу цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдүүдээ их санах юм. (инээв) Одоо ч юу байх вэ дээ ажлаас ажлын хооронд гүйж байхад нэг л мэдэхэд харилаа гээд инээгээд зогсож байх байлгүй.

6 хүн нарын зураг байж магад

Сүүлчийн асуултыг танд үлдээе...

-Энэ ташрамд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжийг олгож итгэл хүлээлгэсэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, удирдлага, нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд суугаа аав Д.Машбат, ээж Ш.Батсайхан болон хайрт хань, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхдөдөө эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.217.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.