Б.НЯМТАЙШИР: МАК бүх лицензээ ХУУЛИЙН ДАГУУ авсан. Улсад 1ИХ НАЯДЫН ТАТВАР ТӨЛДӨГ
Үйл явдал
/
2024-05-30

Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр өдөр үргэлжиллээ. Өнөөдөр "Стратегийн ач холбогдол бүхий ордуудын ашиглалт, эзэмшилт" сэдвээр нийт 16 орд эзэмшигч, 41 аж ахуйн нэгж байгууллагыг гэрчээр дуудсан.

Тэднээс 32 аж ахуйн нэгж байгууллагын

  • Х.Мөнхжаргал (Эрдэнэс-Тавантолгой компанийн Дотоод хяналт, Эрсдэлийн Удирдлагын газрын захирал)
  • Ч.Алтанбагана (Эрдэнэс-Тавантолгой компанийн Уул уурхай, Технологийн газрын дарга)
  • Э.Уянга (Эрдэнэс-Тавантолгой компанийн гэрээ хэлцлийн хэлтсийн дарга)
  • Г.Оюунтуяа (Эрдэнэс-Тавантолгой компанийн хууль, эрхзүйн хэлтсийн дарга)
  • Г.Ёндон (Эрдэнэт үйлдвэрийн захирал)
  • Б.Нямтайшир ("Хүрэн Толгой Коал Маннинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга) нарын 38 гэрч сонсголд оролцлоо.

Сонсголын үеэр хурал даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Гэрч Б.Нямтайшир гуайгаас тодруулга авъя. "Нарийн сухайт", "Цагаан суварга" ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эдгээр орд нь стратегийн ач холбогдол бүхий ордууд тул ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой хувийг төр эзэмших зохицуулалттай. "Чинхуа Мак Нарийн Сухайт ХХК"-тай тогтвортой байдлын гэрээтэй байсан. Гэрээний хугацаа дууссан. Одоо эдгээр ордуудад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, төрийн эзэмшлийн хувь тохирох талаар хэлэлцээр хийх ёстой. Энэ талаар танай компанийн байр суурийг тодруулъя" гэв.

Түүний асуултад "Хүрэн Толгой Коал Маннинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Нямтайшир ""Нарийн сухайт", "Хүрэн Толгой" компани одоо ч үйл ажиллагаа явуулж байна. Анх улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуулын ажил гүйцэтгэсэн. Тухайн үед улсын төсвөөс нийт 82,457 ам.долларыг гаргасан. Энэ зардлыг бид 100% төлсөн. Үүнээс гадна 2008-2013 оны хооронд бид хайгуулын ажил хийж, нийт 12.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар "Хүрэн Толгой" компани 28 сая тонн нөөцөөс ашиглаж эхлээд 11 сая орчим тонн нөөцийн үлдэгдэлтэй байна. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоёр жилийн дараа нөөц нь бүрэн дуусаж, хаагдах юм.

"Нарийн сухайт"-ын хувьд бол нэг л хайгуулын лицензтэй байсан. Үе шаттайгаар хайгуулын ажил хийсний үр дүнд одоогоор таван лицензтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ тал дээр тусгайлсан хуулийн этгээд бол байхгүй, "Монголын Алт" группийн бүрэлдэхүүнд хөрөнгө оруулалт хийж, нүүрсний экспортын үйл ажиллагаа явуулж байна. 

Энэ асуудал дээр бидэнд нэг жилийн хугацаа өгсөн. Тиймээс манай хуульчид энэ тал дээр ажиллаж байна" гэж хариуллаа.   

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Монгол Улс 1994 оноос хойш ашигт малтмалын лиценз олгож эхэлсэн. Эхлээд өргөдлөөр, дараа нь сонгон шалгаруулалтаар олгодог болсон. Сүүлд цахимаар олгож эхлэв. Өчигдрийн сонсголоор танай гэр бүлийн хамаарал бүхий нийт 40 гаруй лицензийг эзэмшиж байна гэх мэдээлэл гарсан. Нэг гэр бүл яаж ингэж олноор нь лицензийг авдаг юм бэ. Хэдийг нь өргөдлөөр, хэдийг нь сонгон шалгаруулалт болон цахимаар авав. Мөн өнөөдрийн байдлаар 16 лицензийн хоёрыг нь танай гэр бүл эзэмшиж байна. Улсад хэчнээн хэмжээний татвар төлж, ажлын байр бий болгож байна" гэх асуултыг Б.Нямтайшираас асуулаа.

"МАК" компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир "МАК" компани 30 гаруй жилийн түүхтэй. 1993 оны 12-р сард байгуулагдсан цагаас хойш уул уурхайн үйлдвэрлэлийг бусдын лицензтэй орд дээр түрээсээр ашиглах байдлаар ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, лицензгүй байсан гэсэн үг. Мөн тухайн үеийн хуулиар эрэл хайгуулын талбайг сайтар судалж, өргөдлийн байдлаар лицензүүдээ авч байсан. Групп компани нийт 4500 гаруй ажилтантай, 1 их наяд гаруй төгрөгийг улсын төсөвт төлсөн. Жил бүр шилдэг татвар төлөгчдийн эхний 10-т багтдаг. Орон нутгийн хөгжилд ч багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангаж байна" гэх хариултыг өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.126.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.