Нохойтой, нэг бүрийн тусгай хэрэгсэлтэй цагдаагийн алба хаагчид хоёр сар орчим эргүүл хийнэ
Үйл явдал
/
2024-06-03

Нисэх онгоцны буудал, төмөр замын вокзал дээр нохойтой, гав зэрэг хэрэгсэлтэй цагдаагийн алба хаагчид эргүүлд гарч эхэлжээ. Буутай цагдаа зогсох нь айдаст автуулж байна гэх шүүмж ч гарч байна.

Эдгээр эргүүл, хэрэгсэл нь ямар учиртайг ЦЕГ-аас тодруулахад "Зуны улиралд гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хөшигийн хөндийн "Чингис хаан" нисэх онгоцны буудал, УБТЗ-ын галт тэрэгний буудал дээр цагдаагийн алба хаагчид өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ноос эргүүл хийж эхэлсэн.

Урьдчилсан байдлаар хоёр сарын хугацаатай 24 цагаар ажиллах юм. Эргүүлд ажиллаж буй алба хаагчид иргэдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөмж хүргэх, аюулгүй байдлыг хангаж хэв, журам сахиулах зорилготой. Дэлхийн бусад улс оронд ч уг арга хэмжээг зохион байгуулдаг.

Бууны тухайд хэлэхэд цагдаагийн байгууллагын алба хаагчид нохойтой, нэг бүрийн тусгай хэрэгсэлтэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Нэг бүрийн тусгай хэрэгсэлд галт зэвсэг ордоггүй.

Гав, бороохой, резин болон хуванцар сумтай буу, хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр зэрэг орно гэж Цагдаагийн албаны тухай хуульд заасан байдаг" гэж тайлбарлалаа.

Алба хаагчид халаасны хулгайн гэмт хэргийг ч илрүүлэх аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.196.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.